Хөгжмийн зохиолч, продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбат өнгөрсөн аравдугаар сард “Давтагдашгүй” тоглолтоо Монголын үзэгч, фэнүүддээ өргөн барьсан. Хөгжмийн зохиолч Б.Чинбат тун удахгүй, энэ сарын 16-нд Төрийн ордонд уран бүтээлийн нэгэн шинэ тоглолтоо тавихаар болжээ. “Хаан хууртай харшийн шинэ жил” тоглолтын бэлтгэл ажил үргэлжилж байгаа аж. Тэрбээр Төрийн ордонд бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийж байгаа хоёр дахь уран бүтээлч болох юм. Хэдхэн хоногийн өмнө “Монгол поп” тоглолтоороо Төрийн соёрхол хүртсэн, дуучин Д.Болд төрийн ордонд хүндэтгэлийн тоглолт хийж байсныг бид мэднэ. Төгөлдөр хуурч Б.Чинбат АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хүндэтгэлийн тоглолтод оролцож, Цагаан ордонд тоглож байсныг тэр бүр олон хүн мэдэхгүй байж магад. Сонирхуулахад, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат шинэ жил болох гэж буйтай холбогдуулан “Монгол вальс” хэмээх шинэ хөгжим бичжээ. Энэхүү шинэ бүтээлээ Төрийн ордонд анх удаа эгшиглүүлж, шинэ жилийн бэлэг барих гэнэ лээ.
Д.Догсмаа
Д.Догсмаа