logo
Өлсгөлөнгөөс аврах арга уу? Удаан үйлчилгээтэй бөмбөг үү?

Өлсгөлөнгөөс аврах арга уу? Удаан үйлчилгээтэй бөмбөг үү?

2011/12/29
Монголчууд бид техникийн спиртээр найруулсан архи, химийн бордоогоор бордсон импортын ногоо, хадгалах хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүн төдийхнөөр хүнсний аюулгүй байдлыг төсөөлсөөр байтал өөр нэг маш ноцтой аюул аль хэдийн тулж ирчихээд хаалга тогшиж байна. Энэ юу вэ гэвэл дэлхийгээр нэг маргаан тариад байгаа генийг нь сайжруулсан бүтээгдэхүүн (ГСБ) буюу генийг нь сайжруулсан организм (ГСО) юм. Дэлхий дахинд ийм бүтээгдэхүүн, ургамал, организмыг genetically modified (GM), genetically modified crops (GMC), genetically modified product (GMP) гэх мэтээр товчлон хэрэглэгдэг учир мөн энэ жишгийг дагаж, нэр томьёог  товчлон хэрэглэсэн болно.

ГСБ, ГСО гэж юу болох, хэрхэн гаргаж авдаг тухай
ГСО буюу трансгентэй организм (ургамал) гэж хүнд ашигтай шинж чанар бүхий шинэ төрөл зүйл гаргаж авах зорилгоор генетикийн бүтцэд нь өөр ургамал, амьтны ген зориудаар суулгасан организмыг нэрлэдэг. Ийм ургамал, амьтны махаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ГСБ гэнэ.  Хортон шавьжид идүүлдэггүй, хүйтнийг сайн тэсвэрлэдэг, ургац их өгдөг, тэжээллэг чанар нь өндөр зэрэг ашигтай шинж чанарыг бий болгохын тулд ийм өөрчлөлтийг хийдэг ажээ. Ийнхүү өөрчлөгдсөн генийг нь трансген хэмээн нэрлэж байна. Тухайлбал бүр 1992 онд Хятадад хортон шавьжнаас “айдаггүй” тамхины ургамлыг гарган авсан юм. Гэхдээ өргөн хэмжээгээр ГСБ үйлдвэрлэх эхлэлийг АНУ анх тавьсан бөгөөд 1994 оноос тээвэрлэх явцад мууддаггүй улаан лоолийг тариалж эхэлжээ. Ингээд хамаг юм эхэлж, ГС ургамал хойно хойноосоо гарч эхэллээ. Америкт трансгентэй шар буурцаг ердийн шар буурцгийг шахан зайлуулж, ГС эрдэнэшиш өргөнөөр тариалах болов. Генд нь бактери суулган өөрчилж, колорадын цохонд идүүлдэггүй төмс гарган авлаа. Хүйтэнд тэсвэртэй улаан лооль гарган авахын тулд түүнд Хойд Америкийн камбал загасны ген суулгаж, ганд тэсвэртэй улаан буудай хилэнцэт хорхойн гентэй болов.
Ийм трансгентэй бүтээгдэхүүн юугаараа онцлогтой юм бэ? Маш удаан хадгалж болдог өнгөлөг, гялгар улаан лооль байна. Гадил жимс полиомиелитийн эсрэг вакцин боловсруулдаг эмчилгээний шинж чанартай болжээ. Төмс гэхэд хортон шавьжнаас огт айдаггүй, ургац их өгдөг болсон байна. ГС фермент нэмсэн талх удаан хугацаанд хатаж муудахгүй. Тамхины ургамал ХАА-д хэрэглэдэг химийн хорыг тоохоо больжээ.
АНУ-д ГСБ-г бараг айл болгон хэрэглэж байгаа бол Европт энэ талаар эргэлзсээр байна. Учир нь ийм бүтээгдэхүүний хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө одоо болтол гүйцэд судлагдаагүй байгаа билээ.  ОХУ-д бол ГС ургамал тариалахыг бүрмөсөн хориглосон. Монголчуудад огт хамаагүй асуудал мэт санагдаж болох ч бид өөрсдөө мэдээгүй мөртлөө өдөр болгон ГСБ-тэй тулгардаг. Энэхүү өгүүллийг гүйцэд уншвал та ямар бүтээгдэхүүнд ГС хүнсний нэмэгдэл ордгийг мэдэж авах болно.
ГСБ хортой юу, ашигтай юу?
Дэлхийн эрдэмтэд энэ талаар эсрэг тэсрэг байр суурьтай байна. Нэг хэсэг нь ГСБ хүн төрөлхтнийг өлсгөлөнгөөс аврах хэрэгсэл мөн гэж үзэж байгаа юм. Тэд трансгентэй бүтээгдэхүүн нь хүн төрөлхтөн аль хэдийнээс хэрэглээд сурчихсан сахар орлуулагчтай л адил аюулгүй гэж баталж байна.
ГСБ-ий гол давуу тал нь эдийн засгийн үр ашиг юм. Ийм бүтээгдэхүүн хүн амыг ХАА-н гаралтай бүтээгдэхүүнээр хангах асуудлыг шийдвэрлэж чадна гэж дэмжигчид нь баталдаг. Дэлхийн хүн ам байнга өсөн нэмэгдэж байхад газар тариаланд ашиглагдаж байгаа талбай харин ч эсрэгээр буурах хандлагатай байна. Ийм нөхцөлд ГС ургамлыг тариалах нь бага талбайгаас хэд дахин их ургац авах боломжийг бүрдүүлнэ. Түүнчлэн ГС ургамал нь арчилгаа бага шаарддаг учир эцсийн бүтээгдэхүүний үнэ хямд байдаг. Жишээлбэл нэг тонн ердийн улаан буудайн үнэ 300 доллар орчим байхад ийм хэмжээний ГС улаан буудайн үнэ ердөө л 50 доллар байдаг ажээ. Ялгаа байгаа биз? Тэгвэл ГС ургамал тариалаад байвал яасан юм? Хүнсний асуудлаа амархаан шийдчих юм биш үү.
Нөгөө хэсэг эрдэмтэд  ГСА хэрэглэхийг эрс эсэргүүцэж байгаа юм. Тэдний үзэж байгаагаар хүн төрөлхтөн ургамал, амьтны генд зориудаар өөрчлөлт хийснээрээ байгалийн шалгарлын гол хуулийг зөрчиж байгаа ажээ. Жамаараа яваа хувьслын үйл явцад хөндлөнгөөс оролцсоныхоо хариуцлагыг хүн хэзээ нэгэн цагт заавал хүлээх ёстой гэж тэд анхааруулж байна.
ГСБ үйлдвэрлэгч копорацууд генийн инженерчлэлийн аргаар гарган авсан бүтээгдэхүүн болгоныг хүнд хортой эсэхийг шалгах шинжилгээнд оруулдаг гэж байгаа. Харамсалтай нь энэхүү шинжилгээний дүнгийн талаар олон нийтэд хэн ч үнэн зөв мэдээлдэггүйд асуудлын гол нь оршиж байгаа аж. Британийн Times сонины Higher Education хавсралтанд хэвлэгдсэн мэдээлэлд дурдсанаар Их Британийн биотехнологийн салбарт ажилладаг 500 эрдэмтдийн дунд явуулсан судалгаагаар 30% нь судалгааны үр дүнгээ санхүүжүүлэгчийн хүсэлтээр өөрчлөхөөс өөр аргагүй байдалд орж байсан гэжээ. Эдгээрээс 17% нь захиалагчийн сонирхолд нийцүүлж мэдээллийг өөрчилсөн, 10% нь ажлаас халагдах дарамтанд орсон, 3% нь судалгааны ажлаа нийтлэх аргагүй болтлоо өөрчлөлт оруулж байсан гэсэн байна. («Зоны, свободные от ГМО» номноос, 2007 он).
Ийм учраас эрдэмтэд хэнээс ч хамааралгүй бие даасан шинжээчдийн байгууллагаар судалгаа хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. Ихэнх ГСБ үйлдвэрлэгч компаниуд ийм судалгааг өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлдэг бөгөөд мэдээж тэд асар их ашиг авчирдаг ГСБ-ний шинжилгээ сөрөг гарахыг хүсэхгүй нь ойлгомжтой юм. Ийм учраас шинжилгээний дүнг өөрийн хүссэнээрээ өөрчилдөг байна. Тухайлбал ОХУ-д  ЕХ-оос импортлодог нэг сортын ГС төмсийг хүнсэнд хэрэглэхэд цусны бүтцийг өөрчилж, дотор эрхтэнд нөлөөлдөг нь тогтоогдсон боловч түүнийг өргөн хэмжээгээр худалдаалсаар байна. Бизнес эрхлэгчид өөрсдийн ашиг орлогыг иргэдийн эрүүл мэндээс дээгүүр тавьж байгаа юм.
Ер нь бол хүмүүс трансген бүхий хүнс хэрэглэлээ гэхэд шууд аюул байхгүй л дээ. Яагаад гэвэл хүний ген хэд хэдэн давхар хамгаалалттай байдаг учир ийм ген хүний эсэд шууд нэвтэрч чаддаггүй ажээ. Гэхдээ трансген хүний биеэр тэнүүчилж, байгалиас анхнаасаа төлөвлөгдөөгүй уургийн синтез үүсгэдэг байна. Ийм синтезийн үр дагавар ирээдүйд ямар болохыг хэн ч хэлж мэдэхгүй юм. Түүнээс гадна трансген нь хүний ходоод, гэдсэн дэх бактериар дамжуулан организмд нөлөөлж хүний биенд ноцтой өөрчлөлт үүсгэх аюултай. Генетик нь маш түвэгтэй хувьслын хэрэгсэл учир трансгенийн нөлөөгөөр ирээдүйд  гарах үр дагаврыг агуу их эрдэмтэд ч тэр, магадлалын онол ч тэр урьдчилан харж чадахгүй билээ.
Бие даасан шинжээчид ГСБ байнга хэрэглэх нь өндөр эрсдэлтэй юм гэсэн дүгнэлтэнд өнөөдөр нэгэнт хүрээд байна. Нэгдүгээрт: хүнсэндээ трансгентэй бүтээгдэхүүн байнга хэрэглэх нь шинэ өвчин үүсгэгч нянг тархаах эрсдэлтэй. Яагаад гэвэл ургамлын ДНК-ийн бүтцэд “ашигтай” ген суулгах явцад түүнтэй хамт  дагалдан элдвийн “хог новш” орохыг үгүйсгэх аргагүй. Тухайлбал антибиотикт тэсвэртэй ген ч орж болох юм. Хэрэв ингэвэл өнөөдөр өргөн хэрэглэгдэж байгаа энэхүү эмийн бүтээгдэхүүн өвчний эсрэг ямар ч үр дүнгүй болон хувирч, хүн төрөлхтөн антибиотикоор эмчилдэг байсан олон өвчнөөр сүйрэх болно.
Чухамхүү ийм явдал АНУ-д тохиолдож, 37 хүн нас барж, 1,5 мянга гаруй хүн тахир дутуу болсон юм. Шалтгаан нь трансгентэй бүтээгдхүүнээс гарган авсан хүнсний нэмэгдэл – триптофаныг хэрэглэснээс болжээ. Энэхүү ГСБ нь булчингийн хүчтэй өвдөлт, амьсгалын замын агшилт үүсгэж, үхэлд хүргэдэг эозинофили-миалги хэмээх хурц өвчнийг үүсгэсэн байна. Энэ явдлыг чимээгүйхэн дарахын тулд хохирогчдод хоёр тэрбум долларын нөхөн олговор олгожээ.
Хүний биед орсныхоо дараа трансгений нийлэгжүүлдэг уураг нь нэг төрлийн харшил үүсгэгч учир ГСБ нь хүчтэй харшлын шалтгаан болдог ажээ. Тухайлбал Америкийн  “Monsanto” компанийн тариалдаг ГС шар буурцаг нь хүчтэй харшил үүсгэгч болох нь тогтоогдсон байна. Дэлхийн зах зээлд ГСБ бүтээгдэхүүн нийлүүлэгч хамгийн том орон АНУ-д жил ирэх тутам улам олон хүн ГСБ хэрэглэхээс татгалзаж байгаа нь дээрх эрсдэлийг батлах нэгэн бодит жишээ билээ.
Трансгентэй таримлын хор уршгийн тухай 1998 оны сүүлээс л өргөн ярьж эхэлсэн. Анх Английн иммунолог Арманд Пуцтаи (Armand Putztai) ГС төмсөөр тэжээсэн хархны дархлаа муудсан талаар телевизээр ярьсан байдаг юм. Түүний судалгааг эхлээд Европын сэтгүүлүүдэд хэвлэж, улмаар АНУ, Канадад хэвлэжээ. Мөн 2005 онд Германд хийсэн туршилтаар АНУ-ын “Монсанто” компанийн MON863 сортын эрдэнэшишээр тэжээсэн хархнуудын цусны бүтэц өөрчлөгдөж, турсан нь тогтоогдсон байна.  Удалгүй дэлхийд нэр хүндтэй Nature сэтгүүлд трансгентэй эрдэнэшишийн суулгац нь уг суулгацыг шимэгчээс хамгаалдаг хаан эрвээхэйн үржилд сөрөг нөлөө үзүүлдэг тухай өгүүлэл хэвлэгдэв. Ийм эрдэнэшишийн тоосонцор нь эрвээхэйн төөлүүрийг хордуулдаг ажээ.
Ер нь бол ийм эрдэнэшишийг гарган асан эрдэмтэд эрвээхэйг хөнөөнө гэж төлөвлөөгүй, зөвхөн хортныг л үргээн зайлуулах бодолтой байсан билээ. Гэтэл огт төлөвлөгдөөгүй хувьсал явагджээ. Удсан ч үгүй трансгентэй ургамлаар хооллосон амьд организм мутацад орж болох тухай мэдээлэл ч тархав. Германы эрдэмтэн Хансом Каацем (Hans Kaaz)-ын хийсэн судалгаагаар турнепс хэмээх ГС тосны ургамлын тоосонцор нь зөгийний ходоодон дахь бактерийг мутацад оруулдгийг тогтоосон байна. Өөр нэг судалгаагаар үнээний сүүний гарцыг 30% нэмэгдүүлдэг үйлчилгээтэй, нөгөөх л “Монсанто” компанийн үйлдвэрлэсэн rBGH хэмээх гормон нь уг сүүг хэрэглэсэн эмэгтэйчүүдийн хөхний булчирхайн хавдраар өвдөх магадлалыг 500% нэмэгдүүлдэг нь илэрчээ!
Энэ мэдээлэл нь золтой л Европ, АНУ хоёрын дунд худалдааны дайн үүсгэчихсэнгүй. Heinz, Gerber зэрэг Европын олон компаниуд ГС нэмэгдэл бүтээгдэхүүн ашиглахаас татгалзлаа. ЕХ трансгентэй таримлын шинэ төрлүүдийг тариалахад хориг тавив.
Бүр  2000 онд генын инженерийн хор аюулын тухай Дэлхийн эрдэмтдийн мэдэгдэл (World Scientists Statement …, 2000), дараа нь дэлхийн бүх орны засгийн газарт хандаж ГСО дэлгэрүүлэхэд хориг тавих тухай уриалсан, 84 орны 828 эрдэмтдийн гарын үсэг бүхий Эрдэмтдийн нээлттэй захидал (Open letter …, 2000) хэвлэгдэж байсан билээ.

ГСБ олон уу?

Ийм бүтээгдэхүүний бүрэн жагсаалтыг интернетээс үзэж болно. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүний нэлээдэд ГСБ юм уу, ГС нэмэгдэл ашигласан гэсэн тэмдэглэгээ байхгүй. Тэр ч байтугай ГС нэмэгдлийг хүүхдийн тэжээлд хүртэл ашиглаж байна. Ер нь одоогоор трансгентэй 130 гаруй төрлийн таримал гарган авсан гэж байгаа. Манай оронд хэд нь орж ирчихээд байгаа тухай мэдээлэл огт алга. Ер нь хүнсний хяналт, аюулгүй байдал хариуцсан албан тушаалтан, сайд дарга, УИХ-ын эрхэм гишүүд ГСБ гэж байдаг тухай сонссон ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Ингээд ГСБ буюу ГС нэмэгдэл бүхий бүтээгдэхүүний жагсаалтыг доор үзүүлэв. Энд зориуд тэмдэглэхэд АНУ болон Европт трансгентэй бүтээгдхүүнд тусгайлсан тэмдэг тавьдаг бөгөөд ийм бүтээгдэхүүн хамаагүй хямд байдаг байна. Харин ОХУ зэрэг зарим улсад (тухайлбал Монгол улсад) ийм тэмдэг ч тавьдаггүй, үнэ нь ч натурал бүтээгдэхүүнтэй адилхан байсаар байна.
Трансген агуулж байж болох бүтээгдэхүүний жагсаалт
1.    Шар буурцаг, түүний бүтээгдэхүүн (буурцгийн үр, концентрат, гурил, сүү г.м).
2.    Эрдэнэшиш, түүний бүтээгдэхүүн (гурил, үр, попкорн, эрдэнэшишийн тос, чипс, крахмал, сироп г.м).
3.    Төмс, түүний бүтээгдэхүүн (хатаасан төмс, хуурай нухаш, чипс, крекер, төмсний гурил г.м).
4.    Улаан лооль, түүний бүтээгдэхүүн (паста, нухаш, соус, кетчуп г.м).
5.    Хаш, түүнийг ашиглаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн.
6.    Чихрийн манжин, түүний бүтээгдэхүүн.
7.    Улаан буудай, талх, гурилан бүтээгдэхүүн.
8.    Наранцэцгийн тос.
9.    Цагаан будаа ба түүний бүтээгдэхүүн.
10.    Лууван, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.
11.    Бөөрөнхий сонгино, түүний төрлүүд
Манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа буюу бүтээгдэхүүн нь борлуулагдаж байгаа гадаадын компаниудаас дараах үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн трансгентэй нэмэгдэл агуулдаг гэсэн мэдээлэл байна. Үүнд:
•    Nestle (Нестле) — шоколад, кофе, кофейны төрлийн ундаа, хүүхдийн тэжээл
•    Heinz Foods (Хайенц Фудс) — кетчуп, соус
•    Hersheys (Хёршис) — шоколад, алкогольгүй ундаа
•    Coca-Cola (Кока-Кола) — Кока-Кола, Спрайт, Фанта
•    Danon (Данон) —йогурт, тараг, хоормог, хүүхдийн тэжээл
•    Similac (Симилак) — хүүхдийн тэжээл
•    Cadbury (Кэдбери) — шоколад, какао
•    Mars (Марс) — шоколад Марс, Сникерс, Твикс
•    PepsiCo (Пепси-Кола) — Пепси, Миринда, Сэвэн-Ап
Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнд ашиглагддаг дараах нэмэгдэл, амтлагчид трансген агуулсан байдаг ажээ:
•    Е101 ба Е101А (В2, рибофлавин)
•    Е150 (амтлагч);
•    Е153 (карбонат);
•    Е160а (бета-каротин, провитамин А, ретинол);
•    Е160b (аннатто);
•    Е160d (ликопин);
•    Е234 (низин);
•    Е235 (натамицин);
•    Е270 (сүүний хүчил);
•    Е300 (витамин С – аскорбины хүчил);
•    Е301-аас Е304 хүртэл (аскорбатууд);
•    Е306-аас Е309 хүртэл (токоферол / витамин Е);
•    Е320 (ВНА);
•    Е321 (ВНТ);
•    Е322 (лецитин);
•    Е325-аас Е327 хүртэл (лактат);
•    Е330 (нимбэгийн хүчил);
•    Е415 (ксантин);
•    Е459 (бета-циклодекстрин);
•    Е460-аас Е469 хүртэл (целлюлоз);
•    Е470 ба Е570 (давс ба тосны хүчил);
•    Тосны хүчлийн эфир  (Е471, Е472a&b, Е473, Е475, Е476, Е479b);
•    Е481 (стеароил-2-лактилат натри);
•    Е620-аас Е633 хүртэл (глютамины хүчил ба глютоматууд);
•    Е626-аас Е629 хүртэл (гуанилын хүчил ба гуанилатууд);
•    Е630-аас Е633 хүртэл (инозины хүчил, инозинатууд);
•    Е951 (аспартам);
•    Е953 (изомальтит);
•    Е957 (тауматин);
•    Е965 (малтинол).

Байгальд учруулах хор хөнөөл

Эрдэмтэд хүмүүсийн энэхүү биотехнологийн  оролцоо нь байгальд ямар аюул учруулж болох талаар маргалдсаар байна. Одоогоор ямар ч аюулгүй гэж нотлох үндэслэл алга байгаа билээ. Хэрэв трансгентэй ургамал хяналтгүй тархаж эхэлвэл гербицидэд тэсвэртэй шинж чанар нь тэдгээрийн тархалтыг зогсоох аргагүй болгож мэдэх л юм. ГС цагаан будаа, наранцэцэг зэрэг зарим таримал шинж чанараараа хог ургамалтай их төстэй байгаа нь ийм болгоомжлолыг үүсгэж байна.
Хэрэв гербицидэд тэсвэртэй ген таримал ургамлаас зэрлэг ургамалд дамжвал яах вэ? Шавьжинд хортой уураг нийлэгжүүлдэг ген ч дамжихгүй гэх баталгаа байхгүй байгаа юм. Хэрэв ингэвэл байгаль дахь ургамлын тархалтыг  тогтоон барьж байдаг байгалийн хязгаарлагч - шавьжтай тэмцэхэд хог ургамал ихээхэн давуу байдал олж авах болно. Иймэрхүү үр дагавар нь эцсийн эцэст тодорхой экосистемийн доторх тэнцвэртэй байдлыг алдагдуулах аюултай билээ.
ГСБ-ийг дэмжиж байгаа зарим эрдэмтэд ген суулгах үйл явцыг “хурдасгасан селекц” хэмээн нэрлэж байна. Гэтэл үржил селекц гэдэг нь амьтан ургамлын нэг л зүйлийг хооронд нь эвцэлдүүлдэг болохоос төмсийг алимтай, улаан лоолийг загастай эрлийзжүүлдэг эд биш юм байна. Бид зүйл хоорондоос гарсан амьтан үр төлгүй байдгийг сайн мэднэ. Луус унагалж, ортоом тугалладаг билүү? Үүнтэй адилаар ихэнх трансгентэй организм үргүй байдаг ажээ.
ГС үр үйлдвэрлэгч компаниуд Энэтхэгийн фермерүүдэд ердийн болон трансгентэй үр хольж худалджээ. Ингээд хоёр жилийн дараа фермерүүд ургац авч чадахаа больж, олноороо амиа хорлосон явдал гарчээ. Тоос хүртсэний дүнд ердийн таримал трансгентэй болон хувирч, үр өгөхөө больсон байна. ГСО зөвхөн хүнд төдийгүй ургамал, амьтан, ашигтай бактерид хор нөлөө үзүүлж, тоо толгойг нь эрс хорогдоход хүргэдэг. Мэдээж үүний үр дүнд хүрээлэн буй орчины төлөв муудаж, биобүрхэвч сүйрэхэд хүрч болзошгүй юм.

Дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч байна вэ?

Улс орон бүр л янз янзаар хандаж байна. Ер нь дэлхийн хандлагаас харахад ГСБ дотооддоо бага үйлдвэрлэдэг байх тусам хэрэглэгчийн эрх ашиг төдийчинээ хамгаалагдсан байдаг нь ажиглагдаж байна. ГСБ нь маш их ашиг авчирдаг учир ГСБ үйлдвэрлэгчид тэр хэмжээгээр засгийн газартаа лобби хийж, замаа засдаг нь ойлгомжтой юм. Дэлхий дээр үйлдвэрлэж байгаа ГСБ-ий гуравны хоёрыг үйлдвэрлэгч АНУ, үйлдвэрлэлээрээ дэлхийд гуравт ордог Канад улсад хамгийн чөлөөтэй хууль байдаг ажээ. Тэнд трансгентэй бүтээгдэхүүнийг натурал бүтээгдэхүүнтэй адилхан авч үздэг бөгөөд заавал тусгай тэмдэглэгээ хийх албагүй байдаг байна.
Японд ГСБ заавал тусгай тэмдэгтэй байдаг. Хятадад ийм бүтээгдэхүүнийг ихээхэн хэмжээгээр хууль бусаар үйлдвэрлэж бусад оронд борлуулдаг байна! Харин Африкийн улсууд сүүлийн 5 жил ГСБ, ГС нэмэгдэл агуулсан бүтээгдэхүүнийг огт оруулахгүй, хориглоод байгаа.
ЕХ-ны орнуудад ГСО агуулсан хүүхдийн тэжээл үйлдвэрлэх, импортлох, антибиотикт тэсвэртэй ген бүхий ГСБ борлуулахыг бүрмөсөн хориглосон байдаг ажээ. 2004 онд ГС таримлыг хориглох тухай шийдвэрээ цуцалсан хэдий ч зөвхөн таримлын төрөл тутмаас нэг л ГС сорт тариалахыг зөвшөөрсөн юм. Гэхдээ ЕХ-ны орон тус бүр өөрөө бие даан дурын ГСБ-д хориг тавих эрхтэй.
Харин Европын зарим оронд тухайлбал Скандинавын орнуудад ГСБ-ийг оруулах хориотой байдаг байна. Ер нь ЕХ-ны зах зээлд ГСБ-ийг оруулахад хоёр шалгалтыг давах ёстой байдаг. Бүтээгдхүүнийг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын Европын байгууллага (EFSA) болон түүний бие даасан шинжээчийн шалгалтаар оруулна. Хэрэв бүтээгдэхүүн ГС ДНК буюу уураг агуулсан байвал бүтээгдэхүүний шошго дээр заавал тусгай тэмдэглэгээ хийх ёстой. Хэрэв савлагаагүй, задгай бүтээгдэхүүн бол борлуулахдаа дэргэд нь заавал ГСБ гэсэн хаяг тавих ёстой аж.
Тэр ч байтугай рестораны цэсэнд ГСБ байгаа эсэхийг заах ёстой байдаг юм байна. Харин бүтээгдэхүүн 0,9%-иас бага ГСО агуулсан байвал тэмдэглэгээ хийхгүй байж болдог ажээ.
Дэлхийн улс орнууд ГСО-тай холбоотой эрсдэлийн аюулыг ойлгон ухаарч, орчин үеийн биотехнологийн ашиглах болон ГСБ-ийг хилээр нэвтрүүлэх үеийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн биобүрхэвчийн өнөөгийн байдлыг хадгалах зорилгоор 1999 онд Колумб улсын Картахен-де-Индиас хотод Картахений протокол байгуулсан билээ. Манай улс энэ протоколд 2000 онд нэгдсэн юм. Харамсалтай нь ОХУ, АНУ, БНХАУ, Бразили, Австрали, Канад зэрэг томоохон улсууд энэ протоколд одоо болтол нэгдээгүй байна.
ГСБ-ээс хүн ам, орон нутгаа хамгаалахын тулд зарим орон ГСО-аас Чөлөөт Бүс (ГСОЧБ) гэдгийг байгуулж байна. 2009 оны байдлаар дэлхийн 35 оронд 1300 гаруй ийм бүс байгуулаад байгаа юм. Эдгээр орны тоонд Европын бараг бүх улсууд багтаж байгаа билээ.
Саявтар  ЕХ-нд ГС таримлын тухай илтгэл  (Who Benefits from GM crops? An analysis of the global performance of genetically modified (GM) crops 1996-2006) хэвлэгджээ. Энэ илтгэлд өнгөрсөн арван жилийн хугацаанд трансгентэй таримал ямар ч үр ашиг авчраагүйг тэмдэглэсэн байна. Илтгэлд дурдсанаар ийм таримал дэлхийн дийлэнх орны фермерүүдийн орлогыг ч нэмэгдүүлсэнгүй, бүтээгдэхүүний чанарыг ч сайжруулж чадсангүй, хэнийг ч өлсгөлөнгөөс аварсангүй.  ГС таримал тарих болсноор биотехнологийн корпорацуудын амлаж байсанчлан гербицид, пестицидын хэрэглээ багассангүй, харин ч хэрэглээ нь эрс нэмэгджээ. Ингэснээр байгальд ихээхэн хор хөнөөл учруулж, биологийн төрөл зүйлийн тоог хорогдуулсан байна.
Сүүлийн үед АНУ-д ч ГС таримлыг эсэргүүцэх хөдөлгөөн хүчтэй өрнөх болсны дотор засаглалын дээд түвшинд ч хүчтэй яригдах болжээ. Тухайлбал АНУ-ын Хөдөө аж ахуйн Яам генетикийн хувьд сайжруулсан цагаан будаа тарихыг хориглосон байна. Энэ шийдвэрийн дагуу урьд нь суулгасан ийм төрлийн цагаан будааны тариаланг бүрэн устгах болсон ажээ. Мөн 2008 оноос АНУ-ын засаг захиргаа хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хяналтанд тавих хөрөнгийг эрс нэмжээ. Саяхан шүүхийн шийдвэрээр гольфын талбай болон зүлгэнд зориулсан трансгентэй өвсийг бүрмөсөн хориглосон байна.

Манай оронд байдал ямар байна вэ?

Монгол оронд байдал тайван байна. ГСБ-ий тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаа ч юм алга, төр засгийн түвшинд яригдаж байгаа ч юм дуулдахгүй л байна. Дэлхий даяар ширүүн маргаан өрнөж байхад манай орны иргэд мэдээллийн ваакуумд санаа амар сууж байгаа юм.
Гэтэл манайд ГСБ болон ийм бүтээгдэхүүний хольцтой хүнс аль хэдийн орж ирчихээд байна. Энэхүү өгүүлэлд дурдсан компаниудын бүтээгдэхүүнээс гадна дэлхийн томоохон ГСБ үйлдвэрлэгч орны нэгд тооцогдож байгаа БНХАУ-аас трансгентэй ямар бүтээгдэхүүн, хичнээн хэмжээгээр орж ирж байгааг хэн мэдлээ. ГСБ жинхэнэ натурал бүтээгдэхүүнээс хамаагүй хямд байдгийг дээр өгүүлсэн. Манай наймаачид ашгаа бодоод аль хямдыг нь чирж ирдгийг бид бүгд мэдэх билээ. Түүнчлэн ГСБ зөвхөн хүнсэнд төдийгүй эмийн найрлаганд ордог, тэгээд ч монголчууд эмийг хүнснээс дутуугүй хэрэглэдгийг нь тооцвол эрхбиш нэг юм бодогдох биз ээ.
Байдал ийм байхад Монгол улсад ГСБ-ийг зохицуулах хууль журам огт байхгүй байна. Уг нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ч авч үзэхэд буруудахгүй асуудал юмсан. Гэхдээ хууль баталснаар асуудлыг бүрэн шийдэхгүй. Европчуудтай харьцуулахад монголчууд хүсний аюулгүй байдалд ихээхэн хөнгөн хуумгай хандаж байгаа. Амьдралын түвшин ч нэг их голж шилэх боломж олгохгүй байгаа юм. Ийм учраас төрийн зүгээс энэ асуудлын талаар ард иргэдээ гэгээрүүлэхгүй бол бид одоогоор гүйцэд мэдэгдээгүй байгаа ГСБ-ий хөр нөлөөг өөрсөд дээрээ турших лабораторийн хулгана ч болж магадгүй байна.
Монгол улсад ГСБ өргөн тархсанаар үргүйдэл нэмэгдэж, хавдрын өвчлөл эрс өсөж, төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд олширч, харшил огцом нэмэгдэж, хүн, амьтны үхлийн тоо өсөж, биологийн төрөл зүйл цөөрч, хүрээлэн буй орчны байдал муудахад хүргэж болзошгүй юм. Биднийг залуу байхад (1970-1980-аад онд) бараг байдаггүй байсан харшил хэмээх энэхүү өвчнөөр өнөөдөр залуучууд бараг бүгдээрээ толгой дараалан өвдөх болсны нэг шалтгаан нь ГСБ хэрэглэснээс ч болж байгаа юм билүү. ГСБ чөлөөтэй хэрэглэдэг Америкт харшлын өвчлөлт ийм бүтээгдэхүүнийг хориглосон Скандинавын орнуудаас 4-5 дахин өндөр байдаг нь нэг юм хэлээд байгаа юм биш үү. Хавдрын өвчлөл залуужиж, эрс нэмэгдсэн, төрөлхийн гаж хөгжилтэй хүүхдүүд олноор төрөх болсны нэг шалтгаан нь ГСБ хэрэглэснээс болоогүй гэж батлах хүн байна уу? Халиурсан өвс салхины аясаар далай мэт давалгаалан байдаг асан Мэнэнгийн тал өнөөдөр энд тэндгүй хог ургамлаар хучигдчихсан байгаа нь БНХАУ руу түүхий нефть тээвэрлэдэг машины дугуйнд наалдан орж ирсэн ГС ургамлын довтолгоо ч юм билүү.

Юу хийх вэ?

Юуны өмнө УИХ-ын эрхэм гишүүдэд Картагены протоколоор олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлбэл яасан юм бэ гэж сануулмаар байна. Энэхүү протоколын Хоёрдугаар зүйлийн 1-д  “Талууд энэхүү Протоколын хүрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд зохих хууль эрх зүйн, захиргааны болон бусад арга хэмжээнүүдийг авна.” гэсэн заалт байдгийг уншчихад илүүдэхгүй байх. Бид голдуу хоцрогдол, доройтлын жишээ татахдаа дурддаг Африкийн орнууд хүртэл ГСБ оруулахыг хориглосноос үүдээд энэ асуудал хичнээн ноцтой болохыг ойлгох байх гэж найдаж байна. Хэдийгээр эрдэмтэд бүхэл бүтэн үе өнгөрсний дараа буюу 50 жилийн дараа ГСБ-ий үр дагавар бүрэн илэрнэ гэж байгаа ч хойч үедээ санаа тавих нь та бидний үүрэг билээ. Ийм учраас дараах арга хэмжээг яаралтай авахыг санал болгож байна. 
1. Хүнсний бүтээгдэхүүнийг генийн түвшинд судалдаг лаборатори байгуулах. Одоогийн мэргэжлийн хяналтын алба, хилийн хяналтын албанд байгаа лабораторийн тоног төхөөрөмж ийм түвшинд судалгаа хийж чаддаг эсэхийг мэдэхгүй байна. Хэрэв чаддаг бол мэргэжлийн хүмүүсийг бэлтгээд ажилд оруулахад л болно. Чаддаггүй бол хөрөнгийн асуудлыг нь яаралтай шийдвэрлэж шинээр байгуулах шаардлагатай.
2. Дотооддоо ГС таримал тарихыг хориглох. Гаднаас үрийг нь худалдан авч тариалж байгаа таримлын ГСО мөн эсэхийг бид өнөөдөр огт мэдэхгүй л сууж байна. Цаашид ийм байдлаар сохор дүлий мэт явж болохгүй болоод байна.
3. Цаашид бүх төрлийн таримал ургамал, хүнсний бүтээгдэхүүнийг хяналтын лабораториор шинжлүүлдэг тогтолцоонд шилжих. Импортлож байгаа хүнсний бүх барааг шинжилгээнд оруулна гэдэг бүтэшгүй зүйл мэт сонсогдож магадгүй. Гэхдээ л цаг үе ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд биднийг оруулж байна. Эхлээд таримал ургамлыг, дараагийн ээлжинд нь хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг, дараа нь савласан бүтээгдэхүүнийг хяналтаар оруулдаг болох гэх мэтээр шат дараалалтай арга хэмжээ авч хэрэгжүүлбэл болохгүй зүйл байхгүй билээ.
4. Трансген агуулсан бүтээгдэхүүний шошго дээр тусгай тэмдэглэгээ тавих, задгай бүтээгдэхүүнийг анхааруулгатай борлуулдаг болох
Дээр дурдсан арга хэмжээг хуульчлан баталгаажуулж, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах нь эрхэм гишүүд та бүхний шууд үүрэг билээ.
Генийг нь сайжруулсан бүтээгдэхүүнийг худалдан авах эсэх нь хувь хүний л асуудал юм. Гэхдээ би л лав хор нөлөө нь тодорхой болоогүй бүтээгдэхүүнийг худалдан авах, ялангуяа организм нь бүрэн төлөвшиж амжаагүй хүүхдэд өгөхийг хүсэхгүй л байна. Харин та яадагсан, өөрөө л мэд.
Д.БАЯРЦЭНГЭЛ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш