logo
Иракт тогтворгүй байдал газар авч магадгүй байна

Иракт тогтворгүй байдал газар авч магадгүй байна

2012/01/09
Иракт зэвсэгт хүчний өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын зургаанд тэмдэглэдэг. Баасан гаригт нийслэл Багдад хотын төвд цэргийн сүрт жагсаал болсон байна. Иракийн төрийн телевиз ёслолын ажиллагааг дамжуулжээ. Үүнээс нэг өдрийн өмнө Багдад дөрвөн удаа бөмбөг дэлбэрч, 70 гаруй хүн амь үрэгдсэн. Энэ нь Энэ нь 12-р сарын 18-нд АНУ Иракаас бүх цэргээ гаргаснаас хойш хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага болсон юм. Энэ мэт халдлагууд нь Иракийн улс төрийн хямрал гүнзгийрч байгаа энэ үед хэт даврагчид үймээн самуун дэгдээж чадна гэдгээ харуулсан сануулга байлаа. Сөрөг хүчнийхний хэлж байгаагаар ерөнхий сайд Нури Аль-Малики цэрэг армиа улс төрийн өрсөлдөгчдийнхөө эсрэг ашиглаж байгаа гэнэ. Сүннитүүд голцуу сөрөг хүчний эвслийн удирдагчид тэдний гэрийг ихэнхдээ цэргийн машинууд бүсэлсэн байдаг хэмээн ярьжээ. Парламентын спикер Сүннит гаралтай Усама Нужефи олон нийтэд хандан мэдэгдэл хийхдээ цэрэг армийг улс төрийн зорилгоор ашиглаж байна хэмээн анхааруулсан байна.
Харин армийн албан тушаалтнууд үүнийг үгүйсгэж байгаа юм. Генерал Кассим Атта ярихдаа "Аюулгүйн хүчнийг ашиглан бусдад дарамт шахалт үзүүлдэг, хяхан хавчдаг үе өнгөрсөн, энэ зүйл хуучин дарангуйлагч дэглэмтэй цуг эцэс болсон, харин одоо бид улс төрийн шинэ үйл явцад гар бие оролцож байна, аюулгүйн хүчин үндсэн хууль, хүний эрхийг хүндэтгэх үүрэгтэй, хүмүүсийг дарлах биш тэдэнд үйлчилж байна" гэжээ. Харин саяхныг хүртэл Иракийн аюулгүйн хүчинд алба хааж байсан нэгэн эр тэс өөр зүйл ярьж байна. Тэрээр ярихдаа "Эрх мэдэлтнүүд л солигдсон нь Иракт өөрчлөгдсөн ганц зүйл, Саддам Хуссэйний бодлого стратеги хэвээр байгаа, нууц шорон, саатуулах байрууд байгаа, тэдгээр газруудад хүмүүсийг тамлан зовоодог" гэсэн байна.
Human Rights Watch олон улсын хүний эрхийн байгууллагынхан ч ихээхэн санаа зовсон байдалтай байна.  Өнгөрсөн жил энэ байгууллага Багдад хотод байдаг нууц саатуулах байрууд болон хоригдлуудыг тамлан зовоодог тухай дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан тайлан гаргасан юм. Хүний эрхийн байгууллагын судлаач Самер Мускати ярихдаа "Иракт засгийн газрыг эсэргүүцсэн бол эрэгтэй эмэгтэй хамаагүй шоронд суулгаж, дарамталж, тамлан зовоож магадгүй, харамсалтай нь тодорхой бүлэг хүмүүсийг онилдог байж болно, гэхдээ ямар ч Ирак хүн аюулгүйн хүчнийхний хүчирхийлэлд өртөхгүй гэсэн баталгаа байхгүй" гэжээ. Иракийн аюулгүйн хүчний удирдлагууд хүмүүсийн эсрэг зохион байгуулалттайгаар хүчирхийлэл үйлддэг зүйл байхгүй, хууль зөрчигдөд зохих ял шийтгэлийг оноодог гэж мэдэгддэг байна. Гэхдээ Иракт зөрчил үймээн газар авч байна гэхэд болно. Сүннит гаралтай улс төрчид ерөнхий сайд Нури Ал-Маликигийн явуулж байгаа ажиллагаанаас болж хохирч байна гэдгээ хэлж байна. Саяхан Багдад хотод болсон дэлбэрэлтүүдийг зохион байгуулсан хэмээн Сүннитийн хэт даврагчдыг буруутгаад байгаа юм. АНУ цэргээ татсан даруйд Иракт тогтворгүй байдал газар авч эхлээд байгааг ажиглагчид хэлж байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш