logo
Гэмгүй хүнийг Ганц худагт хорьж, ял тулгажээ

Гэмгүй хүнийг Ганц худагт хорьж, ял тулгажээ

2011/06/01
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ХЭҮК-ын 10 дахь илтгэлийн талаар мэдээлэл хийх үеэр нэгэн жишээг сонирхуулан ярилаа. Хөдөөнөөс ирээд хөгшин настай ээжийгээ асарч байсан эмэгтэй мөнгөгүйн эрхэнд ээжийнхээ алтан ээмгийг ломбарданд тавих болжээ. Олсон мөнгийг эмчилгээнд зориулах аргыг ээж нь гаргасан байж. Ингээд эмэгтэй ээжийнхээ алтан эдлэлийг ломбарданд тавихаар зогсож байтал гаднаас хоёр цагдаа орж ирж эмэгтэйг баривчлаад шууд л Ганцхудагт аваачаад хорьчихож. Эмэгтэйг ямар ч үндэслэлгүйгээр 13 хоног хорихдоо ганцхан удаа байцаасан гэнэ. Тэгээд 13 хонуулсны эцэст “алтан эдлэл таных байжээ. Иргэний үнэмлэх ч таных мөн юм байна” гэж хэлээд л суллаж. Харин өвчтэй эхдээ санаа зовсон 30 гаруйхан насны эмэгтэй 13 хоногийн дотор буурал болоод Ганцаас гарч ирсэн гэнэ. Харин буруутай этгээдүүдийн нэгэнтэй нь ч хариуцлага тооцоогүй гэдгийг Ж. Бямбадорж дарга хэлсэн. Энэ мэт шударга бус, хүний эрхийг зөрчдөг явдал Монголд байсаар байгаа ч аваачиж хорьдог, хорих ангиуд хэсүүлэн хорьж эрүүдэн шүүдэг явдал харьцангуй багассан гэнэ. Ганц худагийн урьдчилан хорих төв шинэ байртай болсонд Ж.Бямбадорж дарга сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй хүмүүсийн эрхийг зөрчдөг явдал үүгээр эцэс болж байгаа гэнэ. Учир нь шинэ байрны бүх өрөөг камертай болгосон гэнэ. Цаашдаа бүх өрөөнд аудио төхөөрөмж тавьбал сэжигтнийг эрүүдэн шүүдэг явдал арилна гэж тэрбээр УИХ-ын гишүүдийг “ятгалаа”. Ийм төхөөрөмж суурилуулахар нийтдээ 120 гаруй сая төгрөг шаардлагатай юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш