logo
Тамхи химийн хүчтэй бодис агуулдаг

Тамхи химийн хүчтэй бодис агуулдаг

2011/06/02
“Philip Morris”, “British American Tobacco” зэрэг тамхины томоохон компаниуд бүтээгдэхүүндээ хооллох дуршлыг дардаг химийн хүчтэй үйлчилгээтэй бодис хийдэг байжээ. Үүнийг эдгээр компанийн 50 жилийн мэдээлэл буюу 1949-1999 оны дотоод баримт бичиг нотолж байгаа тухай Би-Би-Си мэдээлжээ.
Чухам үүгээр тамхинаас гарсан хүмүүс түргэн хурдацтай жин нэмдэг баримтыг тайлбарлаж болох ажээ. Тэрчлэн тамхины компаниуд тамхинд химийн элдэв бодис, тухайлбал, мэдрэл хүчтэй нөлөө үзүүлдэг, гэхдээ эрүүл мэндэд маш хортой амфетамин, азотын дутуу исэл зэргийг нэмж туршиж байсныг баримт бичиг нотолж байна. Ийм тамхинууд хэрэглэгчдэд хүрсэн эсвэл лабораторийн туршилтад ороод зогссон эсэх нь өнөө ч тодорхойгүй байгаа аж.
Ер нь бол тамхи олон зуун хортой бодис агуулдаг. Тамхийг асаахад хорт бодисын тоо 3000 давдаг ажээ. Цацраг идэвхт полони 210 бодис л лав байдаг. Харин янз бүрийн амфетамин байдаг эсэх тухай мэдээлэл байдаггүй байна. Тамхи татсан хүний нас 12-15 жилээр богиносдогийг эрдэмтэд тогтоосон байдаг.
З.Амгалан

ТАМХИЧНЫ ДАМЖДАГ ГУРВАН ШАТ
зураг-smo
Никотины донгоос ангижрах хэцүү. Гэхдээ бүрмөсөн ангижирч болно. Та тамхинд хэр их орсноос бүх зүйл шалтгаалах юм. Архаг тамхичин болсон хүн тамхиа хаях мэдээж хэцүү. Долоо хоногт 1-5 ширхэг тамхи татдаг байсан хүн яаж өдөрт хайрцаг тамхи татдаг болдог вэ?

Анхан шат
Эхлээд тамхи татахдаа хүн энэ зуршлаас амархан ангижирна гэж боддог. Хэн нэг нь үнэхээр ингэж чадах ч, дийлэнх нь цааш үргэлжлүүлдэг. Долоо хоногт ганц татахад яахав гэж бодно. Эхэндээ ингэдэг л юм. Аажим аажмаар татах сонирхол нь улам нэмэгдэнэ.
Амандаа тамхи зуучихаар сайн сэтгэж, сайн бичиж, ажиллах чадвар нэмэгдээд байх шиг санагдана. Үнэхээр никотины нөлөөгөөр хүний бие махбодид допамин, адреналин ялгарч, зүрхний цохилт түргэснэ. Сэтгэл санаа өөдрөг болохтой зэрэгцэн хүний бие дэх хорт бодисын түвшин ч нэмэгддэг. Энэ шатанд мэдрэл, бие, сэтгэцийн өөрчлөлтийн илэрхий ямар нэг шинж тэмдэг илрэхгүй ч, асуудал “хаалга тогшиход” бэлэн болсон байдаг.
Энэ шат 3-5 жил үргэлжилдэг ба өдөрт 15 ширхэг тамхи татдаг болдог.

Дунд шат
Энэ шатанд никотинд донтсон тухай ярьж болно. Эмгэг өөрчлөлтүүдийн эхний шинж тэмдгүүд илэрдэг. Зүрхний бах, зүрхний шигдээс, судасны хатуурал, даралт ихдэх, зүрхний хэмнэл алдах, зүрх дэлсэх, зүрхний булчингийн шигдээс, бэлгийн сулрал зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн байдаг. Хамгийн хүчтэй цохилтыг мэдээжийн хэрэг уушиг авдаг. Энд гуурсан хоолойн архаг үрэвслээс эхлээд уушгины хорт хавдар хүртэлх олон өвчин үүсч болзошгүй.
Тамхичдын дийлэнх нь биед өөрчлөлт гарсаар байгааг мэдсэн хэр нь тамхи татсаар байдаг. Үүнд донтох гэдэг зүйл буруутай ажээ. Татах тамхигүй болохдоо хэр зовж шаналах нь тамхичны хэр олон жил тамхи татсан болон өдөрт хэдэн ширхэг тамхи татдагаас шалтгаалдаг.
Энэ шат 5-20 жил үргэлжилдэг ба тамхичин өдөрт хоёр орчим хайрцаг тамхи татдаг ажээ.

Сүүлийн шат
Хамгийн хүнд шат бөгөөд никотингүйгээр байж чадахгүйд хүрдэг. Эхлээд та хүссэн хэмжээгээрээ татна, дараа нь өдөрт татах тамхины тоо эрс буурч, өдөрт 4-6 ширхэг тамхи татдаг болно. Бие махбодь их хэмжээний никотин хүлээн авах чадваргүй ч, бүрмөсөн татгалзаж бас чадахгүй болдог. Биеийн хүлээж авах чадваргүй байдал нь айдас түгшүүр төрөх, нойрмоглох, анхаарал сулрах, өлөн байхдаа тамхи татмаар болох зэргээр илэрдэг. Бүр “тамхичны өвчин” гэсэн аймшигтай өвчин тусах аюул нүүрлэдэг. Ийм өвчний үед доод мөчний цусны эргэлт зогсонгишиж, улмаар хөлөө тайруулахад хүрдэг байна. Үүнээс гадна амьсгал, зүрх-судас, мэдрэлийн эрхтнүүд хүндээр өвчилдөг.
Ингээд эцэст нь дүгнэж хэлэхэд, тамхи татахаа нэн даруй зогсоож, маргааш гэж хойшлуулалгүй шинэ амьдралыг эхлээрэй!
З.Амгалан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш