Египтийн хөл бөмбөгийн фанатууд хоорондоо зодолдож 80 гаруй хүн амиа алдсан эмх замбараагүй байдал үүссэн нь Хосни Мубарак засгийн эрхнээс түлхэгдсэн хувьсгалаас хойш яг 1 жилийн дараа болсон хамгийн их хүн амиа алдсан хэрэг явдал болсон. Хүчирхийлэл одоо ч бусад хотуудад үргэлжилсээр байгаа. Тэгэхээр Египетчүүд хувьсгал гаргаснаараа юу хожив гэдэг эргэлзээтэй асуулт гарч ирж байна. Цэргийн зөвлөл Египетэд урьд өмнө хэзээ ч байгаагүй эрх мэдэлтэй болж, улсдаа хатуу хяналт тогтоосон. Мубаракийн үед хориглогддог байсан Лалын ахан дүүс консерватив үзэл санаатай нам эвсэл Парламентэд олонхи болсон. Парламентын гишүүдийн 2 хувь нь л эмэгтэй болж жендерийн харьцаа урьдын дэглэмээс буурсан. Ливид хувьсгал ялсан мэт харагдаж байгаа боловч Каддафиг дэмжигч зэвсэгт бүлэг зэвсгээ хураалгаагүй, харин ч эргүүлж жижиг хот суурингуудад хяналтаа тогтоох гэж оролдож байна. Тунист ч мөн тогтвортой байдал бий болоогүй хэвээр байгаа. Тунис, Египет, Ливичүүдийн өнөөх мөрөөдөөд байсан ардчилал, эрх чөлөө, баялгийн шударга хуваарилалт яасан бэ. Тэдний мөрөөдлийг хэн булаагаад авсан бэ гэдэг асуулт гарч ирлээ. Олон жилийн дарангуйллыг халж чадсан Арабын ертөнцийн орнууд цаашид яахаа мэдэхгүй мухардалд ороод байна уу даа гэсэн таамаг төрж байгаа юм. Гэхдээ өнгөрсөн түүхийг харж байхад ардчилсан нийгэм байгуулах гэж оролдсон аль ч улс үндэстэнд амар замыг туулаагүй. АНУ Их Британиас тусгаар тогтносны дараа улс төр, нийгэм, эдийн засгийн хямралд орж, дотооддоо эмх замбараагүй байдал үүссэн. 1779 онд Америкийн инфляци 400 хувь болтлоо өссөн. Нэг хүнд ноогдох ДНБ тал хувиар буурсан. АНУ яваандаа иргэний дайнд хөтлөгдөн орсон. Франц улсын ардчилал мөн амар байгаагүй. Францын хувьсгалын дараа дотоодод нь эмх замбраагүй байдал үүсч олон хүн амь насаа алдсан. Дэлхийн хамгийн том ардчилал гэгддэг тэрбум гаруй хүн амтай Энэтхэг улс ч мөн ардчилсан орон болох гэж амаргүй замыг туулсан. Тэд 1947 онд хэдэн зуун жил ноёрхсон харийн ноёрхлыг үгүй хийж тусгаар улсаа байгуулсан. Хэдхэн сарын дараа Энэтхэг улс Хинди болон лалын шашинтнуудын хоорондын зөрчил тэмцлийн улмаас Пакистан Энэтхэг гэж 2 улс болон хуваагдсан. Тусгаар тогтнолын эцэг гэддэг Махатма Ганди тусгаар тогнолоос хойш 5-хан сарын дараа бусдын гарт амиа алдсан. Индонези улс дарангуйлагч асан Сухартог засгийн эрхнээс буулгасны дараа 1990-ээд онд дотоодод нь мөн л эмх замбараагүй байдал үүсч байсан. 1989 онд эхэлсэн зүүн европын ардчилсан хувьсгалч багагүй цус урсгасан. Румынд түүхэнд байгаагүй олон хүн амиа алдсан. Хүн төрөлхтний аль ч ардчилсан хувьсгалын үеэр хувьсгалчид алдаа гаргадаг. Олон хүн амь насаа алддаг. Арабын ертөнцийн хувьд ардчилсан нийгэм байгуулах гэж зорьж байгаа нь магадгүй хүнд хэцүү, олон хүний амь эрсэдсэн, эргэлзээтэй мэт байгаа боловч Араб үндэстнүүд олон зуун жилийн дараа анх удаа ардчилсан сонгуулиар төлөөллөө сонгож, иргэд өөрсдөө засгийн эрхээ барьж байгаа нь том дэвшил гэж шинжээчид үзэж байна.
Shuum.mn
Shuum.mn