logo
Гавьжийн нулимс /Өгүүллэг/

Гавьжийн нулимс /Өгүүллэг/

2012/02/08
Багштан маань ойрд жигтэйхэн ууртай байх болов. Миссийн тэмцээнд орох охин зам мөрөө засуулж, цагаан хар хэл амны ном уншуулахаар ирсэнээс хойш байнга шахуу уур уцаартай байх боллоо. Юм л бол уураа надад гаргах гэж өвчигнөөд, дургүй зэвүү хоёрыг зэрэг хүргээд миний уурыг бас барна.

Багшдаа уурлаад би хаа очиж бадар барих вэ, гэвч эр хүний тасархай ээтэн гутал хөлдөө чирсэн амьтан болохоор эгдүү хүрч, дуртай үедээ лам багшийнхаа гарын “шүүс” болж байдаг Хоньчин Найдан биш дээ, энэ муу хувалзад чичүүлээд зүгээр сууна гэж юу байх вэ гэж ардчиллын үед төрж өссөн аархуу бодолдоо хөтлөгдөн, архи олж уугаад агсам тавимаар бодогдоод болдоггүй.

Таван зуун жил бурханы ёс жаягаар “гагнасан” багш шавийн ариун барилдлагыг тасалж, хилэнцэт өчүүхэн шавь бээр винайн ёсыг зөрчин, их нүглийн үйлд муугийн хорлолоор хөлд торсон банзалаа дэвүүлэн дэлчигнэж, цөхрөнгөө барсан мунхаг боолын хүлцэнгүй бурангуй дэгийг орчин цагийн репчин бандьхай цөм цохин, буддын цэнхэр хадган далбаагаа намируулсан буянт номын хөлгөөр холын хол аялсан эрдэмт багшийнхаа уурын галд хийн түлш нэмэхээр зөрүүд зангаар ихэмсэглэн бодвой.

Надад ердөө хоёр лааз солонгос шар айраг хулчгар зүрхээ чангалан, эрдэмт гэвшийн өөдөөс аймшиггүйгээр үг сөрөн босоход хангалттай байв. Хоёр лааз шар айраг “цааш харуулаад” миний нүүр сармагчингийн бөгс шиг улайж, хамаг цусаар шар айрагны “савханцарууд” хойд солонгостой байлдахаар морьдож буй  америкийн вискинд “пийшингээ халаасан” өмнөдийн дайчин цэрэг эрс шиг уухайлан гүйлдэж, гэвш ламтаны их гэрийн хаалгыг цөс зоригтой чангахан цохиж орхилоо.  

Мань “пээдгэр” унзад хоолойгоо засаж, бүдүүн дуугаар “Орогтун” гэж аахилан хэлэх сонсогдоно. Зарлиг сонссон номхон боол шиг тэр дуунаар давхийн орох гэсэнээ гэнэтхэн гэдэн хөдөлж, нуруугаа хойш татан, жинхэнэ “пээдийсээр” хөлөө зөөж ядан намайг ороход өчигдрийн уусан архиндаа шартсан лам багш ус цийлэгнэсэн ногоон нүдээрээ хайш хараад ихэд бухимдсан өнгөөр,

-Өглөө эртхэн ирж, шар тайлах хэдэн шар айраг дөхүүлж өгөхгүй, хаагуур алга болчихов? гэж жишимж муутай асуухад шүдээ угаагаагүй түүний амнаас нуль  архи сэнгэнэв. Сайхан гар өглөөний хурлаа “пялаад” бие муу гэж цорж ламтанд мэйссэж явуулсанаас дамжиггүй. Сахилаа огоорч, сархад сэнгэнүүлээд, усан хавагнасан нүдээр унж дорой царайлаад сууж байх хүн уг нь биш сэн. Хар багаасаа Гандан хийдэд шавилж, бурхны номыг хичээнгүйлэн сурсаныхаа үрээр Энэтхэгт очиж зургаан жил номын дуу сонсон, буддын номонд нэвт гэгээрсэн ариун санваартан билээ. Номтой, чадалтай гэж сүсэгтэн олон шүтэн бишрэхийн тоогоор лам багшийн минь ааш зан хувирч, буяныг эрхэмлэгч таван сахилаа уландаа гээгээд, мань мэтийн хуврагтаа агсам тавьж, аархаж дүвчигнэдэг болсон юм.

Ухаан санаагаа алдаж, элийрч балайртлаа согтсон үедээ гурван цагийн бурхад, бодьсадва нарын үйлсийг харлуулан, бодь сэтгэлээ гээгээд, бурхны хутгыг олох биш бурангуй нүгэлтний хар шид гарган, өчүүхэн шавь нараа ихэмсэгээр буруутган  шүүх нь ихэд тамлалтай. Би дээр өгүүлсэн дээ, миссийн тэмцээнд орох охин багшид бараалхаж, ном засал хийлгэсэнийг хальтхан дурьдсаныг... Арван найм орчим насны бүх биеэрээ гунхалзсан нуруу туруутай, том алаг нүдээ тормолзуулсан охин орж ирэхэд багшийнхаа нурууг дарж өгч байсан би ч тэр, дөч хүрээгүй байж ууц нуруугаа нухлуулах дуртай багштан ч тэр уулга алдан, ухасхийн боссоныг нуугаад яах вэ.

Монголын мисс байтугай дэлхийн мисс болохоор хөөрхөн охин байлаа. Дэрвэгэр сормуустай алаг нүдээ хар цагаанаар туяаруулахад, түүний тэр гэрэлт нүдний харцанд соронзон адил татагдсан багш бидэн хоёр барьц алдсандаа улаан шараа туналзуулан хормой хотоо засаж, уужимхан амьсгалах гэж гуутай бурхандаа бус зүрхэндээ мөргөж байв.

Няхуур харсан хүнд инээдтэй, багш шавь хоёр гэж үнэн таарсан хоёр амьтан идээ зоог барьж уралдаж “давхиад” элэг авахаа дөхсөн. Харин тэртэй тэргүй “мисс” болох тэр охин бидний тэгж хөл алдан, тонголзсоныг мэдсэн ч мэдээгүй болон хиймэл дүр исгэж байлаа. Өмссөн хувцас нь ч дэгжин. Өөлөх юм түүнд өчүүхэн ч алга. Шоргоолж шиг нарийнхан бэлхүүс нь багшид тонголзон мөргөх бүрийд тасарчих вий гэмээр нарийхан харагдана. Багшаасаа би их юм “сурсан” л даа. Их хөлгөн судруудыг нь эрүүгээ чилтэл дагаж уншихын ялдамд эм сүвтэн харахаараа инээдтэй “нүд”-тэй болдогыг нь хүртэл сурсан байгаа юм.

Багшийн хоёр “мэлмий” хэдийнээ дүрдээ орж, үнэг шиг жааталзаад, мөнгөн ус шиг аяган дотроо эргэлдэж, ааш авир нь хайлсан тугалга шиг номхон болжээ. Сайн багшийн шавь би сайн шавь мөний учир сархдад дуртайгий нь дууриагаад сайн өдөр найз нартайгаа нийлээд диско бааранд хааяа ганц хоёр шар айраг уугаад “савж” орхидог юм. “Мисс” болох охин ч тэгтлээ баян тарган айлын үр сад биш байлаа ч гэсэн ийм сайхан “гөрөөс”-ийг баян тарганчууд нь уралдан ивээн тэтгэдэг цаг тул аль хэдийн бийлэгжүү болсон нь өмссөн зүүсэн хувцас, бөлзөг, сондроос нь илт мэдрэгдэнэ.

Багшид барьсан сая төгрөг нь ч лав өөрийнх нь халааснаас гараагүй нь тодорхой. Надад хүртэл зуун мянган төгрөг хадагтай барьж гайхуулав. Хар цагаан хэлний ном, заслыг багш шавь хоёр үнэн сэтгэл гаргаж, хичээнгүйлэн уншлаа. Ямар ч байсан царайлаг гунхсан охин багш шавиар аврал айлтгуулж, бодь сэтгэлийг зүрхний мухарт үүсгэж чадлаа. Дараа дахин ирээрэй, багш нь чиний зам мөр заяа тавиланг чинь хариуцана шүү багшийг хэлэхэд би түүний утасны дугаарыг багшдаа бичиж өгөх далимдаа мартахгүйгээр цээжлэв.

Нэрийг нь Лянхуа гэх аж. Түүнийг гарсанаас хойш хэдэн агшин бурхны орны үүл мананд хөвөх мэт миний сэтгэл догдлоод, мөнх хөх тэнгэрийн хурган цагаан үүлэн хээн дотор тэр охин утсан хөгжим барин дагины дүрээр гэрэлтэж, чихэнд уянгалаг сонсогдох тэр гайхамшигт аялгууг зүрхэндээ сонсон, хар тамхи татсан мэт манарч суутал багш гаднаас орж ирэв. Тэр охиныг гарахад би үдэж гаргаж өгөхөөр ухасхийтэл багштан надаас урьтаж, хаалга зүглэн өөрөө үдэн гаргаад орж ирсэн бүлгээ.

Орж ирээд над шиг үүл мананд төөрөлдсөн бололтой мэлмийгээ амраан, зөөлөн олбог дээрээ маанийн ерөөл бясалгах мэт хэдэн мөч дуу чимээгүй “тасрав”. Тэгсэнээ мөрөөдлийн тэнгэрээсээ бууж ирээд, дахин багш ламын дүрдээ хувирав. Хувирахдаа бас зүгээр хувирсангүй ихэд хартай, дурлалт залуугийн дүрд тоглов. Хувраг лам хүн гэхэд хөө шиг хар Отеллогоос илүү хардаж загналаа. “Чи муу одоо хэн болчихоод миний өмнүүр ухас ухас хийгээд байдаг юм бэ. Нэртэйд нь чи барьж аваад үнсэхгүй яасан бэ “ гэж манийгаа доош хийв. Би дуугарсангүй. Яагаад гэвэл багштайгаа “аятайхан” байвал ээж аав хоёр багшийг “найрч” байгаад намайг Энэтхэгт сургуульд явуулах төлөвлөгөөтэй байлаа.

Хэрэв тиймгүй сэн бол “Та ч гэсэн нүдээ унагах гээд байсан биз дээ. Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг хүн рүү дайрч байх юм “ гээд хэлээд тавих сан. Багш маань надад сахил санваар, цээрлэх дадуулах зүйл гээд нөгөө өдөр бүр мянга улигладагаа давтаж чихнээс “хонх” уяв. Хартай Отелло шиг хорын үгээр дайрч байсанаа өнөөдрийн “хайр сэтгэл”-ээ тэмдэглэх гэсэн бололтой намайг архинд явуулж санаа амраав... Түүнээс хойш нөгөө охин дахин ирээгүй боловч багш намайг түүнтэй “хардан” үг хаяж, уур бардаг болсон билээ.

Ном уншихдаа багшийг дууриан нүдээ аниж, хоёр гараа хавсран сүсэглэхэд “Юундаа чи нүдээ аниад байгаа юм бэ? Булган нөмрөгт охиныг бодоод сэрүүн “зүүдлээд” байгаа юм уу? Сүмбэр уулын бэлээс оройгий нь битгий харж бай” гэж сургамжлах зэмлэхийн хоорондох “үг”-ээр сэрдэнэ. Тэр охин багшаар “ном” уншуулж байхдаа багшийн хэт илэн далангүй нэвт ширтсэн “шунаг” харцнаас бэргэн, залуу юм болохоор миний усгал зөөлөн “харц” руу “тусламж” эрсэн харцаар байн байн ширтсэн юм. Багш руу таван удаа, над уу таван зуун удаа харсан байх. Үүнд “өс” санасан гавъж “мяндагтан” өөрийгөө надаас “дээр” гэдгийг “ойлгуулах” гэж өмдөндөө шээс “дуслуулах” шахсандаа “гэмгүй” хувраг өчүүхэн шавь над руугаа догшин бурхны дүрээр “заларч” ид онгод нь орсон чойжин мэт ам хэлээрээ “дүвчигнэн” таван мянган хуудас судрыг сахилгын “арга хэмжээ” болгон хэдэн өдөр шөнө “морь харуулахгүй” шахам гэртээ хорьж уншууллаа.

Хөл дээрээ тогтож ядсан намайг багшийн үүдэн дээрээс тоссон сүсэгтэн ээж минь намайг танил эмчийнхээ асрамжинд бүтэн өдөр “дусал”-аар “бөмбөгдөж, “сэхээ”-гээгүй бол багшийнхаа хайрын “бурхныг” охид “хайлах” энхрий мэлмийгээрээ “соронздсон” нүгэлт шавь би орчлон хорвоогийн түмэн зовлонг умартан, амирлингийн орны ариун дагшин ордонд бурхадтай зэрэгцэн “залран” одох байв... Өмдөн дотроо унжиж явдаг нэг “юм”-тай ухаантай юм болохоор нөгөө охин руу утсадтал бүдүүн дуутай аймшигтай эрэгтэй хүн “Нусан жур минь чамайг энэ утсаар дахиж залгавал хоолойгий чинь огтолно шүү” гэж занасан. Нээрээ, утсаар ярьсан тэр нөхөр хүн үү , араатан уу, хэлж чадахгүй байна.

Тэр сайхан үнсгэлжин шиг охиныг үлгэрт гардаг Бете шиг араатан манадаг юм байх даа чааваас... Харин миний утсаар “сургамж” сонсдог тэр өдөр багштан өрөөсөн нүд нь хөхөрчихсөн, архи үнэртүүлчихсэн, сэтгэл санаагаар гэр хорооллын утаа шиг бахардсан юм орж ирж билээ. Бодвол, “хайр дурлал”-ынхаа төлөө зохих шангаа хүртээд ирсэн нь тэр байх. Бяслаг зуусан хэрээнд үнэг битгий дурлаарай гэж түүнээс хойш би сахиусандаа залбирч хэлэх болсон... Багш минь уусаныхаа маргааш хүний нүднээс гарчихдаг юм.

Анх багш Энэтхэгт сургууль төгсөж ирсэнийхээ дараа буян хурсан тос даасан царай зүстэй, хүний нүдэнд дулаахан их л сайн хүн харагддаг сан. Манай хөрш хаалга тул ээж түүнийг ихэд хүндэлнэ. Хувилгаан лам биеэрээ заларсан мэт түүнийг гэртээ оруулж дайлж цайлаад сүрхий зузаан байлаа. Ээжийн “сурталчилгаар” залуу лам олонд тэр дороо алдаршиж, гэртээ гуулин бурхан залдаг болгон гэр орондоо оруулж, “цайлж сүйлж”, ном ерөөл хуруулсаар түүнийг сүүлдээ архинд “дон”-той болгожээ. Хурал номноосоо тарж ирмэгц энгийн хувцас өмсөөд том ширэн цүнх бариад гадагшаа гарна.

Тэгсэн мань эр хүнээс нууж, тэр цүнхээрээ шар айргаа зөөдөг байжээ. Баастай бурхан шиг ээж түүнд хөлөө хугалах шахдаг болохоор гар бариад бугуй барина гэдэг шиг өнөөх нь ээжээс мөнгө үргэлж зээлнэ. “Савсан” үедээ шөнийн хоёр цагт ч  манай хонхыг жингэнүүлнэ. Сүүлдээ давардаг болсон. Албатай юм шиг ээжийг дуудаад ээж түүнд урд насандаа өр тавьсан хүн шиг гуйсан мөнгийг нь өгнө. Авсан мөнгөө эхлээд овоо тэр дор нь өгдөг байсанаа хуучраад ирэхээрээ увуулж цувуулаад, сүүлдээ өгөхөө больсоноос хойш ээж ч түүнээс “зугтдаг” болсон юм.

Бурханы таван ухаанд бүхий л талаар нэвтэрсэн “ном”-той лам тул гавъжийн дамжаа барьсанаараа хот хөдөөгүй залагдаж, мөнгө зоос ч арвинтай болоод ирэхэдээ Гандангийн дэнжинд хашаа авч, төмөр дээвэртэй их зургаан ханатай гэр барин суух болсон билээ... Шартаж, царай зүс алдсан багш минь намайг тогтоон ажсанаа,

-Хар өглөөгүүр чи архи уугаа юу? Нүүр чинь улаа бутраад хаана ингэж улаан зээрд болчихоод ирэв? гэсэнээ намайг өөр рүүгээ татаж амыг минь үнэрлээд,

-Лам гурван эрдэнэ минь, бурхны ариун шавь архи үнэртүүлээд явж байдаг. Яаж ийм архичныг Энэтхэгт сургуульд явуулах вэ...Багш шавь хоёр мөн ч таарч дээ гээд нүднээсээ ганц том доголон нулимс унагалаа. Миний нөгөө “арслан” зүрх зориг алга болчихсон, “Багш аа, уучлаарай. Би ганц лааз шар айраг уусан юм. Манай найзын эгч нөхрөөсөө салаад бөөн уур. Тэгээд би найзтайгаа хэдэн лааз шар айраг авч, эгчийг нь тайвшруулахаар хамтдаа уусан юм” гэж өчлөө.

Багшийн нүд томорлоо. ”За, тэгвэл хоёулаа нийлээд арга сэдье. Зам мөрийг нь зааж өгье, ядарсан тэр эмэгтэйд...Харин чи манай багш “номтой” “чадалтай” гавъжийн дамжаа барьсан том лам гээд дагуулаад ирвэл багш нь “өргөл барьц”-наас нь шараа тайлъя. Орой нь чи тоглоомын газар тоглох хэдэн төгрөгтэй болно” гэж багш илт сэргээд ирэв. Түүний хацарт доголон нулимсны бөмбөрөн одсон нойтон мөр огтхон ч хатаагүй тэр чигтээ тодхон зурайна.

Даваажавын Эрдэнэмөнх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш