logo
Эмч, багш нарын дундаж цалин 600 мянган төгрөгт хүрнэ

Эмч, багш нарын дундаж цалин 600 мянган төгрөгт хүрнэ

2012/02/09
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Сангийн сайд Д.Хаянхярваа хуулийн төслийн талаар гишүүдэд танилцуулсан юм.
УИХ-аас Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахтай холбоотой гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, Төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2012 оны 2 дугаар сарын 1, 5 дугаар сарын 1-ээс үе шаттай нэмэгдүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх шаардлага бий болсны улмаас төсвийн тодотголыг боловсруулсан байна.
Монгол Улсын төсвийн орлогын 2011 оны урьдчилсан гүйцэтгэл, 2012 оны эхний 1 дүгээр сарын орлогын урьдчилсан гүйцэтгэлд үндэслэн тооцоход энэ оны улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого хүлээгдэж буй гүйцэтгэлээр 161.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа аж.
    Харин төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх хугацааг 2 дугаар сарын 1-ний болон 5 дугаар сарын 1-ний өдөр байхаар наашлуулан тогтооход улсын төсөвт нийт 161.5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын сангийн төсөвт 13.9 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 8.8 тэрбум төгрөг нэмж шаардагдаж  буй юм байна.
Энэхүү танилцуулгын дараа гишүүд асуулт асууж хариултаа авлаа. УИХ-ын гишүүн Я.Батсуурь, З.Алтай нар цалин нэмэхийг дэмжиж байгаа ч ийм аргаар нэмэх нь буруу гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Хямрал нүүрлэж байхад хамаг мөнгөө ингэж цацаж болохгүй. Дээрх байдал үнийн өсөлт, инфляцийн хөөрөгдөлд хүргэнэ хэмээн шүүмжилж байсан. Инфляцийн хөөрөгдлөөс сэргийлэхийн тулд тооцож үзэж байгаа зүйл бий юу,  түүнчлэн зөвхөн төрийн албан хаагчдын цалинг нэмэх тухай яриад байдаг. Гэтэл цаана нь хувийн хэвшлийнхэн гэж баялаг бүтээгчид байгаа шүү дээ хэмээн асуусан юм.
Сангийн сайд Д.Хаянхярваа, цалин хөлс нэмэгдэхээр инфляци нэмэгддэг ч гэлээ Засгийн газрын зүгээс инфляцийг өнөөгийн түвшингээс нэмэгдүүлэхгүй байх, цаашид буулгах талаар боломжит бүх зүйлийг хийх арга хэмжээний төлөвлөгөөг гаргасан байгаа. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байгаа ч цаана нь тэдний ар гэрийнхэн гээд олон хүний амьдралд тус нэмрээ өгч байгаа. Хувийн хэвшлийг Засгийн газрын зүгээс янз бүрийн чиглэлээр дэмжиж ирсэн гэлээ.
Цалинг ингэж огцом ихээр биш сар сард 5 хувиар ч юм уу, бага багаар үе шаттайгаар нэмэх ёстой гэсэн Я.Батсуурь гишүүний саналыг ч Сангийн сайд дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Д.Зоригт, энэ удаагийн нэмэгдлээр багш, эмчийн дундаж цалин, мөн тэтгэврийн дундаж хэмжээ хэд болох вэ. Цалинд зарцуулах мөнгө төсвийн урсгал зардлын хэдэн хувийг эзэлж байгаа вэ хэмээн лавласан. Түүнчлэн тэрбээр жижиг бизнес эрхэлж буй хүмүүсийг татварын бодлогоор дэмжих талаар Засгийн газраас бодож төлөвлөсөн зүйл бий юу гэж асуусан.
Сангийн сайд татварын байгууллагынхантай уулзан татварын хөнгөлөлтийн боломжийн талаар тооцоо, судалгаа хийж байгаа хэмээн хариулсан. Энэ удаагийн цалингийн нэмэлтээр эмч, багш нарын цалин 600 мянга орчимд, дэдгэтрийн доод хэмжээ 150 мянга, дундаж хэмжээ 200 мянгад хүрэх ажээ. Цалинд зарцуулж байгаа мөнгөний хэмжээ төсвийн урсгал зардлын 22 хувийг эзэлж байгаа аж. Иргэдийнхээ хөдөлмөрийн өндөр үнэлдэг улсуудын хувьд энэ хэмжээ 40 гаруй хувьтай байдаг ажээ.
Гишүүд ийнхүү хоёрдахь хэлэлцүүлгийг хийгээд санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Энэ асуудлын дараа Эдийн засгийн байнгын хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн санал болгосон УИХ-ын гишүүн Р.Будыг тус байнгын хорооны даргаар томилуулах саналыг гишүүдийн олонхи дэмжлээ.
Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг томилуулахаар мөн МАН-ын бүлгээс санал болгосныг гишүүд дэмжлээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш