logo
ХДХВ/ДОХ-ын халдварын 80 орчим хувь нь сүүлийн таван жилд бүртгэгджээ

ХДХВ/ДОХ-ын халдварын 80 орчим хувь нь сүүлийн таван жилд бүртгэгджээ

2012/02/16
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо, ДОХ-той тэмцэх үндэсний хороо, ФСЭЗХ-ээс хамтран зохион байгуулж буй “ХДХВ/ДОХ-оос сэргийлэх хууль”-ийн /шинэчилсэн найруулга/ төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлэгт хуулийн төслийг боловсруулсан Ажлын хэсэг, НББСШУ-ны Байнгын хорооны Ажлын хэсгийн гишүүд болон мэдээлэл арга зүйгээр хангах дэд ажлын хэсгийн гишүүд оролцож харилцан ярилцаж, санал солилцох юм.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан хэлсэн үгэндээ, “ Саяхан ХДХВ/ДОХ-оос сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг манай Байнгын хороогоор хэлэлцсэн. Энэ удаад УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэхээс нь өмнө уг хуулийн төсөлд Та бүхний анхаарлыг дахин хандуулж байна. Манай улс ХДХВ-ийн халдварын тархалт багатай орны тоонд ордог ч 2011 оны эцсийн байдлаар ХДХВ/ ДОХ-ын 100 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт халдварын 80 орчим хувь нь сүүлийн 5 жилд бүртгэгдсэн. ХДХВ/ДОХ-той жирэмсэн эх, хүүхэд, тэдний сурч боловсрох, эмчлүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хангах, ХДХВ/ДОХ-ын улмаас өнчирч хоцрох гэх мэтчилэн олон асуудал бидний өмнө тулгамдаж эхэлж байна. Цаашдаа ч улам олон асуудал амьдралаас урган гарах нь ойлгомжтой. НҮБ-ын хүний эрхийн байгууллагаас хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр ХДХВ/ДОХ-той хүмүүсийн эрхийг нь зөрчих, ялгаварлан гадуурхах явдал байсаар байгааг улс орнуудад онцгойлон анхааруулж буй. Манай улсад ч хүний эрхийн ийм зөрчил байгаа нь хууль тогтоомж дахь хүний эрхийг зөрчсөн заалтуудаар илэрч байгаа. НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ажлын хэсгийн IX хуралдаанаар Монгол Улсын хүний эрхийн илтгэлийг хэлэлцээд Монгол Улсын Засгийн газарт ХДХВ/ДОХ-той хүмүүсийн хүний эрхийг хангах талаар” ХДХВ/ДОХ-той хүмүүсийн оролцоотойгоор бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг хориглох, урьдчилан сэргийлэх, шийтгэх болон устгах чиглэлээр холбогдох хууль тогтоомж, үр дүнтэй арга хэмжээг нэн даруй авах”-ыг зөвлөмж болгосон. Иймд Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлэх үүднээс “Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, Дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай” хуулин дахь хүний эрхийг зөрчиж байгаа заалтуудыг хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх шаардлагад нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй юм. Хуулийн төсөл нь нийт 3 бүлэг, 14 зүйлээс бүрдэж буй. ХДХВ/ДОХ-той тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зөвхөн эрүүл мэндийн салбарын бус нийгмийн бусад салбаруудын оролцоо зайлшгүй шаардлагатай байдгийг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ХДХВ/ДОХ-оос сэргийлэх ажлыг нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангах, салбар хоорондын үйл ажиллагаа, оролцоог чиглүүлэх зорилгоор ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороог байгуулж түүний дүрмийг 2008 оны 289 тоот тогтоолоор баталсныг хуульчлах нь зүйтэй гэж үзсэн билээ. Хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хам шинжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар нэгдүгээрт, ХДХВ/ДОХ-той хүмүүсийн хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ, хоёрдугаарт ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг, хариуцлага нэмэгдэх юм. Уг шинэчилсан найруулгын төсөлд олон удаагийн хэлэлцүүлэг, тухайн чиглэлийн төрийн болон ТББ, мэргэжилтнүүд, ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүс, НҮБ, олон улсын байгууллага, Засгийн газрын санал зөвлөмжийг тусгаснаар Та бүхний гар дээр ирээд байгаа бөгөөд олон дахин шүүн хэлэлцэж, алдаа оноог шүүн, санаа оноогоо нэмэрлэх нь ХДХВ/ДОХ-ын асуудлаар бодлого эрх зүйн орчинг боловсронгуй болгож, ХДХВ/ДОХ-той холбогдон үүсэх хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах, нийгмийн дэмжлэгт орчинг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой” гэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш