logo
Эрчүүдийн гээснийг эмэгтэйчүүд шүүлээ

Эрчүүдийн гээснийг эмэгтэйчүүд шүүлээ

2012/02/17
“Чингис” зочид буудалд өчигдөр УИХ-д суудалтай МАН, АН, ИЗН-ын эмэгтэй улстөрчид түншлэлийн анхдугаар чуулганаа хийв. УИХ-ын гишүүд, дэд сайд нар, газар, агентлагт дээгүүр алба хашдаг бүсгүйчүүд, бизнесийн салбарынхан, жирийн эмч, багш, эдийн засагчид, хөдөөгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл бүгд нэгэн дээвэр дор цугларч, олон санаа гаргалгүй ганцхан асуудал дээр төвлөрч ярилцав. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Оюун, дэд сайд Ж.Цолмон, Б.Ундармаа, Ц.Гарамжав, МАН-ын бага хурал, АН-ын ҮЗХ, ИЗН-ын улс төрийн зөвлөлийн гишүүд тэдний дунд байв.
Эрчүүдээс давуутай нь тэд намаараа талцаж, бие биеэсээ дээр гарах гэж улстөржин хэрүүл хийсэнгүй. Одоогоос долоон жилийн тэртээ нам намын бүсгүйчүүд шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийг дэмжих тухай “Их тэнгэрийн тунхаглал” гаргаж эвлэлдэн нэгдэж байсан юм.  Тэр тунхаглал хожуу ч гэсэн биеллээ олж өнгөрсөн оны эхээр Жендэрийн тэгш байдлын тухай хууль гаргаж, оны сүүлээр Сонгуулийн хуульд эмэгтэй нэр дэвшигчдийн квот тогтоосон юм. Эмэгтэй улстөрчид энэ удаа анхны чуулганаа хүүхдийн асуудалд чиглүүлж ээж, гэргий хүний байр суурь дээр нэгдэж чадав. Парламентад суудалтай гурван намын эмэгтэйчүүдийн түншлэлийн чуулганыг хийхээр сэдвээ сонгохоор УИХ-ын гишүүн, Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга С.Оюун, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл нар уулзмагцаа л зэрэг шахам “хүүхэд” гэсэн үгийг хэлжээ. Ингээд хамгийн тулгамдсан асуудлын сэдэв бэлэн болсон байна.  Чухам энэ эмзэг асуудлыг эрэгтэй улстөрчид гээж орхисныг бүсгүй улстөрчид шүүж олсон нь энэ. Эрчүүдэд энэ сэдэв хэтэрхий жижиг байж болох ч эмэгтэйчүүдийн оролцоо их улс төрд дутсанаас бага гэсэн асуудлуудыг гээж хэтэрхий алсыг харсаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрч, дэлхийд тэргүүлэх төвшинд очсон ч ядуурлын төвшин 40 хувь руу буусан гунигтай статистик гараад буй. Эрчүүд эдийн засгийн том өсөлт хөөж явах хойгуур  Монголын 100 иргэн бүрийн 40 нь ядуусын эгнээд шилжжээ.
Гурван намын эмэгтэйчүүд Монгол Улсын ирээдүй болсон хүүхдийн сэдвээр амаржих газраас өгсүүлээд цэцэрлэг, ерөнхий боловсролын дунд сургууль хүртлэх тулгамдсан асуудлуудаар санал бодлоо илэрхийлэн “Хүүхдийн төлөө” тунхаг бичиг гаргалаа.
МАН-ын эмэгтэйчүүд амаржих газар, хүн ам зүйн бодлогод үндсэн илтгэлээ хандуулсан бол АН-ын бүсгүйчүүд цэцэрлэг, ИЗН-ынхан сургуулийн өмнө тулгараад байгаа асуудлуудаар илтгэл тавьсан юм. Мэдээж эмэгтэй улстөрчид чуулсан болохоор өмнөтгөл болгож их улс төрд эмэгтэйчүүдийн эзлэх орон зайн талаар үг хэлцгээв. Хэдийгээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэй нэр дэвшигчдэд 20 хувийн квот тогтоож өгсөн ч эрчүүдийн зүгээс “Тэр эмэгтэйчүүд чинь хаана байна” гэсэн егөөдсөн үг дуулдсаар буй. Тэр ёжилж гоочилсон үгэнд Ардчилсэн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл хариу өгөв. Тэрбээр “Эмэгтэйчүүд хаа сайгүй байна” гээд тэд аюулгүй байдлын салбарт, цэрэг, цагдаа, том, жижиг үйлдвэрлэл, санхүү, хууль, боловсрол, худалдаа үйлчилгээ, хүмүүнлэг, эрүүл мэндийн салбарт олноороо байгааг хэллээ.
Эмэгтэйчүүд идэр есийн хүйтэнд мал сүргээ хураан давхиж, задгай зах дээр гэр бүлээ тэжээхийн тулд өдөржин зогсч, шинжлэх ухааны нээлт хийж, олон улсын тайзнаас шилдгийн шилдгийг хүртэж, дэлхийн бөхийн дэвжээг эзэгнэж, хурдан хүлгийн нуруун дээр охид гийнгоолж, хаа сайгүй эрч хүчээ гайхуулж байгааг илтгэгч дурдсан юм. Хамаг хатуу хөтүү ажил эмэгтэйчүүдийн нуруун дээр байдаг тул тэд нэг өдөр нэгэн зэрэг амарвал Монголын эдийн засаг зогсох болно гэдгийг Ц.Оюунгэрэл илтгэлдээ онцолсон юм.
“Төр” гэдэг үгтэй “хар” гэдэг үг хосолдог. Төрийн хар хүн, төрийн хар хайрцагны бодлого, төр төмөр нүүртэй, төр төмбөгөр, ёс ёмбогор гэсэн хатуу ширүүний илэрхийлэл болсон тодотгол “төр” гэдэг үгийг дагасаар иржээ.  Өнө удаан жил уламжлагдаж ирсэн энэ яхир хатуу байдлыг шинэ зуунд эмэгтэй улстөрчид өөрчилж, иргэддээ ээлтэй, ээжийн нүүртэй бодлогыг зэрэгцүүлэн оруулж ирэх цаг болсныг илэрхийлж Ц.Оюунгэрэл жижигхэн ягаан хайрцаг авч ирснээ харуулав. Тэр хайрцагт эмэгтэй улстөрчдийн анхны шийдэл болох Хүүхдийн төлөө тунхаглалыг хийхээр болов.
Хүүхэд эхээсээ эсэн мэнд мэндлэх, эрүүл өсч торних, хөгжиж суралцах, эрүүл, аюулгүй орчинд сайн боловсрол олж авах орчин нөхцөлийн төлөө УИХ-д суудалтай намын эмэгтэйчүүд удаан хугацааны түншлэлд нэгдэхээр санал нэгдлээ.
Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүн, Нэгдүгээр амаржих газрын эх баригч эмч н.Дүүрэнбилэгийн тавьсан илтгэлд дурдсанаар  Монголын эхчүүд, хүүхдийн эрүүл мэнд эмзэг сэдэв болжээ. Эхийн эндэгдлийн 57 хувь нь төрөлттэй хамаатай бус шалтгаантай байдаг аж. Зүрх судас, дотоод шүүрлийн тогтолцооны эмгэг тэргүүн байрыг эзэлдэг байна. Нэг эх баригчид зургаан ор, нэг нярайн эмчид 10 ор ногдох нормчлол бий атал эх баригчид 10-15 ор, нярайн эмчид 20-25 ор ногдож, ЭМШУИС-д хүүхдийн эмчийн ангийг 1990-ээд оны дунд үеэс хааснаас хүүхдийн сувилагч олдохоо больсон зэрэг бэрхшээл байгааг өдөр тутам эх, үрсийн алтан амийг гардан хариуцаж буй тэр эмч илтгэсэн юм. Эмч, эх баригчдын цалин, урамшууллыг гүйцэтгэлтэй нь уялдуулж өгөх, даатгалын тодорхой хувийг төр даах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэрэг асуудал тулгамдаад байгааг тэрбээр хэллээ.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүн н.Туяа хүүхдийн цэцэрлэгийн тулгамдсан асуудлуудаар илтгэв. Бага насны хүүхэдтэй гэр бүл, ялангуяа ээжүүд хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж намрын цагаар өдөржин шөнөжин дугаарлаж, аз болж цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүд ачаалал хэтэрсэн ангид хүмүүжих бус шахагдаж өнждөгийг тэрбээр дурдсан юм.  Цэцэрлэгт хүүхдээ оруулж чадаагүй эхчүүд гэртээ суух гэхээр орлого хомсдох тул эмээг нь хөдөөнөөс дуудах уу, харах хүн олох уу, малчин ээжүүд хүүхдээ гэртээ цоожлоод малдаа яаж явах вэ гээд түмэн бэрхшээл учирдаг. Цэцэрлэггүй хоцорсон 40 мянган хүүхдийг цэцэрлэгтэй болгоход 400 тэрбум төгрөг хэрэгтэй. Гэтэл төсөвт тэр мөнгө байхгүй. Тэгсэн атлаа Хүний хөгжил нэрээр 800 тэрбум төгрөгийг хавтгайруулан тарааж аманд ч үгүй, хамарт ч үгүй болгож буйг илтгэгч шүүмжиллээ. Ерөнхий боловсролын сургуульд ч олон асуудал тулгамдаад буйг ИЗН-ын илтгэгч, тус намын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Базар танилцуулсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хөвгүүд, бага насандаа жирэмсэлж хүүхэд төрүүлэн завсардсан охидыг сургалтад хамруулахад анхаарах хэрэгтэй байгааг санууллаа. Хөдөө нэг багшид 11 сурагч ногдож байхад хотод 77 сурагч ногдож ачаалал хэтэрчээ. Хүүхэд бүрт үнэгүй боловсрол эзэмшүүлэхэд төр, засаг анхаарч ирээдүй үедээ анхаарах шаардлагатай байгааг Ч.Базар илтгэлдээ хэлэв. Монголын боловсрол, эрүүл мэндийн байгууллагын бүтэц 1970-1980 оныхоос огтхон ч өөрчлөгдөөгүйг бүсгүйчүүд шүүмжилсэн юм. Халамжийг хавтгайруулах бус хөхүүл хүүхэдтэй эхчүүдийг цалинжуулах бодлого байж болохыг ч үгүйсгэсэнгүй.
Монголын ирээдүй Оюутолгой, Тавантолгой дээр гэхээсээ илүү боловсролтой, эрүүл чийрэг иргэд дээр тогтоно. Хөшөө хүрэлдэж мөнгө үрэхийн оронд хүүхдийн цэцэрлэг барих хэрэгтэй. Монгол Улсад мөнгө дутаагүй, иргэддээ анхаарах бодлогын хомсдол нүүрлээд байна. Иргэн, төр хоёр сөрөг хүчин биш. Иргэд төртэйгээ нэг фронт болсон цагт нийгэм хөгжинө гэсэн үгүүдийг эмэгтэйчүүд хэлж байлаа.
Төрийн бодлогыг сонгогч татах бодлого болгосон, иргэдээ зөвхөн сонгогч гэж хардаг төр, засгийг тэд шүүмжлэв. Эрчүүд улс орны хөгжлийн жинхэнэ тулгуур болсон иргэд, ирээдүй болох хүүхдүүдээ алгасч 20, 30 жилийн дараах бодлого ярьж, эдийн засгийн өсөлтийн хувь хэмжээгээр Монгол Улс дэлхийд цойлон гарч ирсэн ч ядуурлын төвшнөөрөө нэлээд доогуур гэлдэрч явааг эмэгтэй улстөрчид “шүүн” олж эхний удаад хүүхдийн бодлогоор тунхаглал гаргаснаар энэ удаагийн чуулган өндөрлөлөө.
Д.ОЮУНЦЭЦЭГ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш