Америкчууд эсвэл япончууд байнга инээмсэглэж байгааг харахаар заримдаа бялдууч улс шиг санагддаг. Гэтэл эмч нар болон сэтгэл зүйчид хүмүүсийг аль болох олонтаа инээж хөхөрч байхыг зөвлөж байна. Онцгой шалтгаан байхгүй байсан ч инээж байх хэрэгтэй гэнэ.
Статистикийн мэдээнээс үзвэл, хүмүүсийн 30 хувь нь ямар нэг хэмжээгээр сэтгэл гутралд орсон байдаг. Энэ нь шинэ жимс ногооны улирал биш атал биед шаардлагатай амин дэмээ уухаа мартсанаас үүдсэн амин дэмийн дутагдал, ажил дээр гарсан элдэв асуудал, гэр бүлийн эсвэл хувийн амьдралд гарсан хүндрэл бэрхшээлтэй холбоотой аж. Эсвэл өглөө босох–өглөөний ундаа уух–ажилд явах–оройн хоол–гэр бүл–унтах гэсэн нэгэн хэвшмэл амьдралтай ч холбоотой байж болох юм.
Дарамттай, гутарсан байдлаас гарахын тулд “инээх” эмчилгээ хийгээрэй. Өглөөний цайгаа уухын өмнө ямар ч шалтгаан байхгүй байсан ч инээхийг оролдоорой. Магадгүй эхлээд танд утгагүй юм шиг санагдах ч, хэдэн өдрийн дараа та инээх нь тийм ч хэцүү биш, чин сэтгэлээсээ инээвэл сэтгэл санаа өөдрөг болж, бие махбодид аз жаргалын гормон ялгарч эхлэхийг анзаарах болно.
Сэтгэл санаагаа өөдрөг болгоход туслах тусгай цогц дасгалуудаас бүрдсэн “инээх” йогийн бүхэл бүтэн шинжлэх ухаан байдаг.
Өглөө угаалгын өрөөнд орохдоо толинд өөрийгөө харахдаа инээгээрэй. Гараа дээш өргөж сайн суниагаад гүнзгий амьсгалаа авч, гараа доош буулгахдаа амьсгалаа гарга. Энэ дасгалыг хэд хэдэн удаа хийгээрэй.
Ямар ч хамаагүй дуу аялж, “о”, “а” гэсэн үсгүүдийг хэлж, алга таш, ээлж дараагаар хэмнэлийг өөрчлөөрэй.
Толинд харангаа ууртай арслангийн түр эсгэж, амаа том ангайн, хэлээ гаргаж, нүдээ том болгож, гараа өргөж, хуруунуудаа арвайлга. Жинхэнэ арслан шиг архирахыг хичээ, харин дараа нь инээгээрэй.
Амаа жимийж байгаад инээх гээд үз. Дараа нь инээмсэглэж, чанга, бүр чанга, элгээ хөштөл инээгээрэй.
Хэрвээ ийм цогц дасгал хийх цаг байхгүй бол суусан газраасаа босч, гүнзгий амьсгал аваад, инээгээрэй. Үр дүнг нь шууд л мэдрэх болно!
Инээхийн нууц юунд оршиж байна вэ? Физиологийн үүднээс аваад үзвэл инээх үед бие махбодийг хүчилтөрөгчөөр баяжуулах жигд амьсгаа авагддаг.
Үүний сацуу инээж буй хүний 80 орчим бүлэг булчин ажилладаг. Жишээ нь, хүзүү, нурууны булчингууд суларч, нүүрний булчингууд тэнийж, ингэснээр заримдаа толгойн өвдөлт хүртэл намждаг.
Инээх нь зүрх-судасны үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг. Спортоор хичээллэх, инээх үед цусан хангамж, зүрхний хэмнэл, амьсгал, холестериний түвшин тогтворждог. 20 минут инээхэд хүний эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөө таван минут гүйсэнтэй адил байдаг. Харин нэг минут инээх нь 45 минут бясалгал хийсэн шиг болдгийг эмч нар нотолжээ. Ялгааг нь туршаад үзээрэй.
Инээд хөөр нь дархлааны системийн хамгийн сайн өдөөгч байдаг. Байнга баяр баясгалантай явдаг хүмүүс халдварт өвчин тусах нь бага байдгийг анзаараарай!
Хошин зураг үзэж эсвэл онигоо унших зэргээр байнга инээснээр хүмүүс хүнд өвчнөөс ангижирсан тохиолдлууд байдаг.
Эцэст нь, инээд сэтгэл гутралыг сөрөх чадварыг дээшлүүлдэг. Алиа хошин, инээж хөхрөх дуртай хүмүүсийн эрүүл мэнд сайн байдаг төдийгүй, тэд нийгмийн болон хувийн амьдралдаа азтай байдаг. Аливаа нөхцөл байдлыг инээд хөөр болгож, аз жаргалтай байгаарай.
З.Амгалан
МОНЦАМЭ