logo
Монгол цэргийн бахархал

Монгол цэргийн бахархал

2012/03/15
Жил бүрийн гуравдугаар сарын 18 бол Монгол эр хүний баяр уу? Монгол цэргийн баярын өдөр үү? Монгол цэргийн бахархалыг өргөж, тэмдэглэн өнгөрүүлэх өдөр үү? Миний бодлоор бол эр хүн бүр, эрэгтэй хүүхэд бүрийн баяр биш ээ. Монгол цэргийн баярын өдөр шүү дээ. Монгол цэрэг, цагдаа, онцгой байдлынхан, бүхий л зэвсэт болоод хүчний байгууллагад ажилагсад, цэргийн генерал, дарга нарын баярын сайхан өдөр байгаасай би бодож явдаг юм. Улс эх орон, хил хязгаар, тусгаар тогтнол байсан цагт эр цэрэг хэрэгтэй. Ер нь ардын цэргийн армигүй орон, цэрэггүй улс гүрэн гэж дэлхийд ганц ч үгүй. Ардын уран зохиолч, Хөдөл­мөрийн баатар агсан Д.Пүрэвдорж мон­гол хүн бүрийн мэдэх нэгэн сайхан найраглалаа:
Олон эрчүүл дуугаа дуулаад
Онгон талыг гатлаад явсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адилхан гялалзаад явсан юм... гэж эхэлдэгсэн.
Үнэхээр л та бидний амар амга­лан, аюулгүй байлгахын төлөө нойр хоолгүй зүтгэж байгаа агуу үйлстнүүд бол Монгол цэргүүд мөнөөсөө мөн. Бид энэ өдөр Монгол цэргүүдээрээ бахархахгүй юм бол өөр хэнээрээ бахархах юм бэ? Та бүхэндээ Цэргийн баярын мэнд хүргэе.
Эр хүн бүр цэргийн жагсаалд багтаж, эх оронд минь заналхийлэл тохиолдох аваас хэзээд бэлэн байх үүрэгтэй. Гэхдээ цэргийн албанд яваагүй болон зүгээр л цэргийн албаа хаагаад өнгөрөөсөн эр хүн болгон энэ өдрийг бидний баяр гээд хоосон дарвиж хөөрч, салхилаад байх нь зүйд хэр нийцэж, үнэнд хэр ойртох юм бол? Шулуухан үнэнийг хэлэхэд эр хүйстэй бүхэн энэ өдөр баярлана гээд зүтгэвэл яг одоо цэргийн алба хашиж байгаа цэргүүд, цагдаа нар болон бүх л амьдралаа биднийг хамгаалахын төлөө зүтгэж байгаа зэвсэгт хүчний ахмадуудынхаа баярыг гутааж байгаа мэт надад санагддаг нь буруу гэж үү? Тэд л энэ өдөр баярлах ёстой. Тэгж байж л бид тэднийгээ жинхэнэ ёсоор нь баярлуулж чадна байх. Дөнгөж 18,19 нас хүрчээд л цэрэгт ч яваагүй байж монголынхоо төлөө цусаа урсган байлдаж явсан ахмад дайчны дэргэд зэрэгцэн суучихаад өнөөдөр миний баярын өдөр гээд л ханхалзаад байвал үнэхээр муухайгаар барахгүй шившиг шүү дээ.
Тэгээд ч эрэгтэйчүүд бидэнд баярын хэрэг юу байна вэ? Өөрс­дийгөө л зүйл бүрээр өргөмжлөн магтаж, архидах өдөр нэгээр нэмэг­дэх биш үү? Зөвхөн эр хүйстэй болж төрсөн нь гавъяа биш шүү дээ. Харин гавъяа байгуулсан хүмүүс л өөрсдийн яруу алдраа гүн мэдрэхийн тулд баяр тэмдэглэх хэрэгтэй байх гэж би боддог.
Намайг ЗХУ-д сурч байхад нэг ийм явдал болж билээ. Оросын цэргийн баяр болж байлаа. Тэгэхэд би орос хэлний бэлтгэлд сурч бай­сан юм. Монгол найз минь баяр тэм­дэглээд нилээд халчихсан явж байгаад багштайгаа тааралдсан. Багш ч яахав чи яагаад согтуу сургууль дээр явж байгаа юм бэ гээд л нилээд аягүйрхэв. Тэгсэн манай хүн өнөөдөр эрэгтэйчүүдийн баярын өдөр шүү дээ багшаа гээд л учирлаж гарав. Тэгсэн багш гайхаад цуг хэл сурч байсан хятад, вьетнам оюутнуудаас танай улсад эрэг­тэйчүүдийн баяр гэж бас байдаг уу гэж асуусан. Тэд бүгд л үгүй ээ, манайд цэргийн баяр л гэж байдаг гэж хариулж билээ. Багш тэгсэн над руу хараад танай монгол их сонин улс юмаа. Дэлхийд эрэгтэйчүүдийн баяр тэмдэглэдэг улс гэж танайхаас өөрийг сонсоогүй юм байна гэж хэлсэн. Би ч багшид үгүй ээ, манай найз буруу залчихлаа, манайд ч гэсэн цэргийн баяр л гэж байдаг эрэгтэйчүүдийн баяр гэж байхгүй ээ гэж ойлгуулахын тулд багагүй зүдэрсэн шүү. Тэр өдөр би их ичсэн. Яагаад гэвэл манайхаас бусад улс цэргийн баяр болон эрэгтэйчүүдийн баяр гэдэг ойлголтыг маш сайн ялгаж мэддэг юм байна лээ.
Сьера Леонд удаан хугацаагаар үргэлжилсэн иргэний дайныг зогсоох зорилгоор НҮБ-ын энхийг сахиулах цэрэг орсон юм. Саяхан НҮБ-ын ажиллагаа амжилттай өндөрлөснийг тэмдэглэв. Сүүлийн жар гаруй жил НҮБ нь дэлхийн өнцөг булан бүрд энхийг сахиулж дайны гал дүрэлзэхээс сэргийлж байв. Сьера Леонд хийсэн ажиллагаа нь хамгийн амжилттай нь гэж тэм­дэглэж байна. НҮБ-аас энэ ажил­лагааг сайшаасан тогтоол гарсанд олон орны хүчин зүтгэлийг дурьдаад Монголын энхийг сахиулах цэргийг бүр ганцааранг нь онцлон магтжээ. Зааны ясан эрэгт энхийг сахиулахаар хамгийн түрүүнд уригдлаа.
Урьд нь Олон улсын цэргийн ажиллагаанд багтан Ирланд, Афга­нистанд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн монгол цэргүүд мөн л өндөр үнэлэлт авч, алдар хүндээ хэдэн шатаар ахиулсан. Монгол цэрэг өнөөдөр дэлхийн олон оронд энхийг сахиулж дайны түймэр унтрааж яваа нь зөвхөн Монгол цэргийн нэгэн бахархал юм. Монгол эх орныхоо нэр хүнд, алдар сууг мандуулж, монгол цэргийн сүр жавхааг гайхуулж яваа нь монгол цэргийн бахархал биш юу юм бэ? Хамгийн гол нь тэд бүрэн эрхт бүгд найрамдах улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж яваа юм.
Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал нь хоёр туйлт хүчний харьцаан дээр олон жил тогтож ирсэн нь үйлийн үргүй сэн. 1920-иод оны үед хоёр хөршид хоёуланд нь иргэний дайн дэгдсэнээс болж, өмнөөс Сю Шүжан, хойноос Борон Унгерн орж ирсэн. Аль алин нь төв засгийн газрынхаа зөвшөөрөлгүйгээр иргэний дайны харгайгаар чингэсэн билээ. Нэгийг нь нөгөөгөөр нь хөөлгөж, хоорондын зөрчлийг нь ашиглаж байж, Монгол улс үлдсэн юм. Харин хориод оны дундуур хоёр хөршийн хоорондын харилцаа сайжирсан. 1928 онд Хятад Зөвлөлтийн харилцаа эрс муудсаны хүчинд мөн л эх орон минь бүтэн үлдсэн. Явсаар арай гэж 1946 онд хоёр хөршөө­рөө тус­гаар тогтнол бүрэн бүтэн байд­лаа хүлээн зөвшөөрүүлж чад­сан билээ. Дундаа жийргэвч бүстэй байх гэсэн сонирхол нь ийм алхамд хүргэсэн. Хүйтэн дайны үед илүү хүчирхэгийнх нь талд зогсон газар нутгаа Оросын цэргийн ангид ашиглуулсаар 1990 онтой золгосон билээ. 1988 он гэхэд хоёр хөршийн харилцаа сайжрангуут Монголыг зөнд нь орхичихсон.
Хүйтэн дайн төгсөж, Монгол улс ардчилсан нийгэмд шилжин, гадаад дотоод бодлогоо өөрснөө шийддэг болонгуут авсан хамгийн анхны арга хэмжээ нь «гурав дахь хөрш» гэсэн бодлогыг зарлан тунхагласан явдал юм.
Дэлхийн хамтын нөхөрлөлд бат нэгдэж, орон болгонтой найрамдан нөхөрсөг хандах тухай тунхаглал болой. 1997 онд цэргийн номлолоо бүрэн өөрчлөн монгол цэрэг эх орноо олон улсын гадаад олон тулгуур дээрээ түшиглэн хүчний харьцааг зөв тэнцвэртэй барьж байхаар боллоо. Мөнхийн хөрш Орос, Хятад хоёрын Монгол руу хандсан ашиг сонирхол, улс төр эдийн засагт эзлэх байр суурь бол тэртээ тэргүй байх зүйл. Чухам энэ оролцоо ашиг сонирхолын дундуур «гурав дахь» хөршийн ашиг сонирхол оролцоо тэнцвэрийг хадгалахуйц хэмээжээгээр мөн оршин байх нь Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхолыг хадгалах үндсэн ба­талгаа юм гэж үзсэн хэрэг.
Монгол цэрэг гэдэг бол хоёр мянганы өмнө цагаан хэрмийг давж явсан, найман зууны тэртээ Ад­риатын тэнгис хүрсэн, дөрвөн зууны өмнө эх орноо хамгаалж явсан, зуун жилийн өмнө Ховдын цайзыг буулгаж авсан, жаран зур­гаан жилийн өмнө дэлхийн дайнд оролцож байсан, өдгөө дэлхийд эн­хийг сахиулан төрөлх эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж яваа дайчид юм. Эх орон амьтай Мон­гол цэргийн бахархал иргэн бүрийн сэтгэлд гал мэт асаж, нар мэт мандаж байх болтугай. Монгол цэргийн үйлс бадраг, өлмий бат оршиг!
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий команд­лагч Ц.Элбэгдорж «Монгол цэр­­гийн өдөр»-т зориулан Соёлын төв өр­гөөнд болсон Нийслэлийн ир­гэд, Цэргийн алба хаагч­дын төлөө­лөгч­дийн баярын хуралд оролцон үг хэлэв. Ерөнхийлөгч хэлэхдээ «Энд хүрэлцэн ирсэн ахмад дайчид, генерал, офицерууд, цэргийн албан хаагчид, мөн тэдний ар гэрийнхэн, иргэд, манай эрхэм зочдын энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол цэргийн өдрийн гал цогтой халуун мэндчилгээг та бүхэнд дэвшүүлье. Монгол цэргийн баяр бол Монголын ард түмний баяр. Монгол цэргийн баяр бол Мон­голын төрийн баяр. Монголын ард тү­мэн, Монголын төр, монгол цэрэг бүг­дээрээ нэгдмэл эрх ашигтай, нэг эрх ашигт үйлчилдэг ариун нандин үүрэгтэйг та бүхэн бүгдээрээ мэднэ. Энэ эрх ашиг бол үндэсний эрх ашиг юм.
Үндэсний эрх ашиг гэдэг ойл­голтод Монгол Улсын тусгаар тогт­нол, эрх чөлөөт, бие даасан байдал, ард иргэдийн амгалан тайван бай­дал, эрх, эрх чөлөө энэ бүхэн багт­дагийг та бүхэн сайн мэдэж байгаа. Монгол цэргийн түүх Монгол төрийн түүхтэй салшгүй холбоотой. Төр байсан цагт цэрэг байдаг түүх­тэй юм. Энэ жил Монголын ард түмэнд мянганаар, зуунаар тоолог­дох их түүхэн ойн жил тохиож байна. Энэ түүхэн ойн жил Монгол цэргийн баяр давхцаж байгаа нь их бэлгэдэлтэй.
Монголын тулгар төр байгуу­лагдсаны 2220 жилийн ой, Үндэс­ний эрх чөлөө, тусгаар тогт­нолоо сэр­гээн тогтоосны 100 жилийн ой, эд­гээр мянганаар, зуунаар тоологдох их түүхт тэгш ой өнөөдөр монгол цэргийн түүх, Монголын төрийн түүх, Монголын ард түмний түү­хийн бахархалт хуудсыг бидэнд эргэж сануулж байгаа юм. ХХ зуунд Монгол Улсын олсон ололт ам­жилт­тай Монголын зэвсэгт хүчний ололт амжилт салшгүй холбоотой байсан. XXI зууны хоёр дахь шинэ арван эхлээд удаагүй байна. Энэ шинэ арван, шинэ зуун өнөөдөр монгол цэргийн өмнө, Монгол Улсын зэв­сэгт хүчний өмнө, манай нийт хүч­ний байгууллагуудын өмнө шинэ шаардлага, шинэ нөхцөл байдлыг бий болгож байна. Зэвсэгт хүчин, хүчний байгууллага гэдэгт арми, манай хилийн цэрэг, дотоодын цэ­рэг ордог. Мөн цагдаа, тагнуулын байгууллага, онцгой байдлын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гээд эх орондоо тангараг өргөж, мөрдөс зүүж, онцгой үүрэг биелүүлж хэрэгжүүлдэг эдгээр байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийнхнийг ч оруулж хэлж байгаа юм. Тэгэхээр шинэ зуунд эдгээр байгууллагуудын өмнө тулгамдаж байгаа, гарч ирсэн шинэ нөхцөл байдал юу байна вэ гэдэг дээр би товчхон хоёр гурван зүйлийг хэлье. Аюул гаднаас ирдэг биш дотроосоо гардаг нөхцөл бий болж байна. Хэрвээ төрийн байгууллага нь сайн ажиллаж чадахгүй, төрд тангараг өргөсөн хүмүүс нь ёс зүй, дэглэм журам, сахилга батаа сайн барим­талж чадахгүй, тэр байгууллага нь үүргээ муу гүйцэтгэх юм бол тэр аюул дотроосоо бий болж байна гэсэн үг. Аливаа орон гаднаасаа эзлэгдэж дуусахаас илүүтэй, дот­роосоо ялзарч мөхдөг хандлага түү­хэнд байсан. Ийм байдал өнөөдөр бид­ний өмнө шинэ нөхцөлийг нээж байгаа. Зөвхөн гаднаас аюул занал­хийлдэг биш, байгалиас ч аюул за­налхийлдэг болсон байна. Өнөөдөр зэвсэгт хүчин, онцгой байдлынхан гээд манай бүх тангараг өргөсөн иргэд энэ байгалийн аюулыг сөрж зогсох үйл ажиллагаанд хамгийн өмнө нь явж байна. Дээрээс нь аливаа зүйлд бэлтгэлгүй, анхаа­рал­гүй, хайхрамжгүй, сахилга зохион байгуулалтгүй байх юм бол тэр нь эргээд аюул болдог байдал ажиг­лагдаж байна. Эдгээр шинэ нөхцөл байдалд Монгол Улс онцгой анхаа­рал хандуулж, 2010 оны долдугаар сард Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа бүрэн шинэчил­сэн билээ. Шилжилтийн үед бид эдийн засаг, санхүүгийн асуудалд илүү­тэй анхаарал хандуулж, асууд­лыг шийдэхдээ энэ шалгуурыг гол бол­гож хардаг үе байсан. Энэхүү Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлагдсанаар манай төрийн нийт байгууллага, түүний дотор тангараг өргөсөн цэргийн албан хаагчид, албан тушаалтнууд аливаа шийдвэр, үйл хөдлөлөө үн­дэсний аюулгүй байдлын шал­гуураар, хэмжиж гаргах шаард­ла­гатай болж байна. Бидний үндэсний эрх ашиг хаана байна, Монгол Ул­сын үндэсний аюулгүй байдал нь хаана байна гэдэг энэ шалгуурыг бүхний өмнө, бүх гаргаж байгаа шийдлийнхээ өмнө, үйл хөд­лөлийн­хөө өмнө тавьж байх шаардлагатай болсныг нэмж хэлье. Монгол Улс өөрийнхөө аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хамгаалах уламжлалт бодлого үргэлжилж байгаа.
Дипломатын арга гэж юу гэсэн үг вэ? Үүнд манай зэвсэгт хүчин, цэргийн зохион байгуулалт ч орно. Мөн бид бусадтай ухаанаа­раа, сахилга, зохион байгуулал­таараа, аливаа асуудлыг шийдвэрлэх чадавхиараа уралдана гэсэн үг. Манай зэвсэгт хүчин, тангараг өргөсөн иргэд, нийт алба хааж байгаа хүмүүс бусадтай, гадаад улс орнуудын ижил үүрэг бүхий албан хаагчидтай өөрийнхөө ухаанаар, өөртөө байгаа зохион байгуулал­таараа, ёс зүйгээрээ, чадавхиа­раа уралдах шаардлага өнөөдөр тавиг­даж байна гэж би хэлж байгаа юм. Иймээс өнөөдөр манай Зэвсэгт хүчинд аливаа улс төржилт, талцал, гоморхол, ёс зүйгүй авир байх ёсгүй гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Яагаад гэвэл Зэвсэгт хүчин нэгдмэл эрх ашигтай. Нэгэнт өнөө­дөр зэвсэгт хүчний эгнээнд алба хааж, цол, хүндэтгэлийг хүлээсэн бол цаашид бэлтгэл, энгийн болсон ч тэр цолоо бодож ёс зүйтэй дагаж явах ёстой. Өнөөдөр Монголд ёс зүйгүй генерал байх ёсгүй. Өнөөдөр Монголд талцал бий болгодог тийм бүлэглэл байх ёсгүй. Өнөөдөр нэгдсэн эрх ашигтаа нэгдэж чаддаг тийм хүмүүс зэвсэгт хүчинд байх ёстой.
Зэвсэгт хүчнээс халагдсанд нь ч, өнөөдөр алба хааж байгаа хүмүүст ч энэ хамаатай гэж би цохон тэмдэглэмээр байна. Ер нь муу үлгэрлэл монгол генералын, монгол цэргийн бахархал биш юм шүү гэдгийг хэлэх нь зүйтэй. Яагаад энэ зэвсэгт хүчнийхэн чөлөөндөө гараад ч бэлтгэл хурандаа, бэлтгэл генерал, бэлтгэл ахмад гэж хэлдэг вэ гэхээр тэр эрхэм нандин эрх ашгийг та насан туршдаа авч явах үүрэг хүлээсэнтэй холбоотой. Энэ өргөсөн тангараг чинь насан туршийн тангараг гэдгийг сануулж өгч байгаа юм. Манай зэвсэгт хүчнийхэн дайчин нөхөрлөлөөрөө нийгэмдээ үлгэрлэж байх ёстой. Буурал болсон ч саарал шинельтэй нөхрөө санаж явдаг тийм сайхан дайчин нөхөрлөл зэвсэгт хүчинд байх ёстой. Хамт алба хааж байсан, бид хоёр нэг оных, бид хоёр нэг сургуулийнх, бид хоёр хамтдаа эх орныхоо төлөө үүрэг биелүүлж явсан гэдэг энэ агуу нөхөрлөл бол насан туршийнх байдаг. Энэ нөхөр­лөл бол аливаа зүйлийг гэтэлж, давж чаддаг, аливаа муу, сөрөг зүй­лийг гэтэлж давж чаддаг гайхамшиг юм гэдгийг энд цохон хэлье. Монгол Улс энх тайванч гадаад бодлоготой. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Монгол Улс бусдын эрх ашгийг ямагт хүндэтгэнэ, аливаа бодлого нь бусдын эсрэг чиглэхгүй гэсэн үг. Нөгөө талаар Монгол Улс үндэсний эрх ашгаа хамгаалах чадвартай байна, бусдад туслах энх тайванч зорилгод үйлчилнэ гэсэн үг.
Нэгдсэн Үндэстний Байгуул­лагын хүсэлтээр энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй, нэр төртэй оролцоно гэсэн үг. Манай зэвсэгт хүчин, цэргийнхний нэр, алдар өсч өнгөжиж байна. Оны ялгаа, харилцааны зөрчил гэдэг ужиг асуудал, тураалтай цэрэг гэдэг сонины нүүрнээс салдаггүй сэдэв, зэвсэгт хүчнийг үлдэгдлийн зарчмаар санхүүжүүлдэг байдал өнөөдөр түүх болон үлдэж байна. Монголын ард түмэн бий болгож, бүтээн байгуулж байгаа, сайн сайхан зүйлээ зэвсэгт хүчинтэйгээ холбон харж байна.
Өнөөдөр зэвсэгт хүчний, ма­най хууль хүчний байгууллагын хэм­жээн дэх орон сууцны хангалтын асуудал, сургалтын асуудал, ца­лин, тэтгэвэр, нэмэгдэл гэх мэт асуудлууд шийдвэрлэгдэх болом­жууд гарч байна. Энэ чиглэлд удир­дах албан тушаалтнууд, төрийн бай­гууллагууд тодорхой бодитой алх­мууд хийж, хэрэгжүүлж байгаад туйлын талархалтай байна. Манай зэвсэгт хүчний зиндаа дэлхийн хэмжээнд хүрч байна. Саяхан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд Монгол Улсыг, Монгол Улсын зэвсэгт хүчнийг, түүний дотор Монгол Улсын зэвсэгт хүчнээс гадаад улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа манай цэрэг дайчдыг нэр заан цохож сайшаасан. Энэ бол Монголын зэв­сэгт хүчин өнөөдөр дэлхийн зиндаатай болсныг харуулж буйн нэг тодорхой үзүүлэлт юм. Өнөөдөр бусад улс оронд, тухайлбал, Япон Улсад аюул тохиолдоход манай Онцгой байдлын албан хаагчид тэнд үүрэг гүйцэтгэхээр явж байна. Бусад албан хаагчид өнөөдөр үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байна. Зарим энгийн иргэд наашаа ирж байхад, манай тангараг өргөсөн хүмүүс тийшээ зорин очиж байна. Зэвсэгт хүчин, үүрэг хүлээсэн хүмүүс ийм л байх ёстой. Япон Улсад өнөөдөр Онцгой байдлын 12 албан хаагч ажиллаж байгаа. Тэд бол манай тангараг өргөсөн дайчид. Онцгой байдлын албан хаагчид ямар бахархалтай, ямар үлгэр дуурайлалтай ажиллаж болдгийг бид харж байна.
Монголын ард түмэн зэвсэгт хүчнийхээ амжилтаар бахархдаг, зэвсэгт хүчнийхээ өнгөнд татагддаг болсон байна. Саяхан хөдөө орон нутагт явж байхад манай аймагт цэргийн анги байгуулж өгөөч ээ гэсэн хүсэлтийг ард иргэд, төрийн байгууллагууд их тавьж байна. Сүүлийн жил манай орны гурван аймагт барилга инженерийн гурван анги байгуулагдсан. Ангиуд маань үйл ажиллагаагаа эхэлж, жанжин тугаа хүлээн авч, бие бүрэлдэхүүнээ бүрдүүлэн ажиллаж эхэлж байна. Ер нь энхийн цагт манай зэвсэгт хүчин бүтээн байгуулагч хүчин байх ёстой. Манай зэвсэгт хүчин эх оронч, шилдэг иргэдийг бэлтгэдэг газар байх ёстой.
Цэрэгт алба хаана гэдэг бол бахархал. Цэрэгт алба хаасан, удаан хугацаанд ажилласан хүнийг энгийн байгууллагууд хамгийн түрүүнд ажилд авдаг. Яагаад гэвэл цэрэгт алба хаасан, цэргийн газар ажиллаж байсан хүмүүс найдвартай, итгэлтэй байдаг юм. Энэ гайхамшигтай үүрэг, итгэл найдварыг алба хааж байгаа нь ч, халагдаад энгийнээр ажиллаж бай­гаа нь ч үргэлжлүүлж явах ёстой. Цаашдаа Мон­голын томоохон аймгуудын төвд цэргийн инженерийн, ба­рилгын инженерийн ан­гиудыг байгуулахыг дэмжих ёс­той. Тэнд алба хаах цэргүүдийн ху­гацааг уртасгах шаардлага байж магадгүй. Үнэхээр тэнд ажилласан цэргийн албан хаагчид, тэдний эзэмшсэн мэргэжил улс оронд хэрэгтэй гэдгийг ард түмэн ойлгож байна. Цэргээр дамжсан хүмүүс хамгийн хөрвөх чадвартай, хамгийн өрсөлдөх чадвартай, найдвартай хүмүүс болж гарч ирдэг юм. Учир нь тэр хүмүүс Монгол Улсын төлөө зүтгэе гэдэг тэр эрхэм үгийн үнэ цэнийг мэдэрдэг. Аминаас илүү эрх ашиг гэж Монголын ард түмэнд байдаг. Үхээд боссон ч хамгаалах тийм эрх ашиг бий шүү гэдгийг цэргийн хүн хамгийн түрүүнд мэдэрсэн байдаг юм. Тийм учраас тийм эрх ашигт нэгдэж чаддаг, тийм эрх ашгийн төлөө зоригтой, дайчин явж чаддаг. Үүгээрээ манай цэргийнхэн цаашдаа ч үлгэрлэх ёстой гэж бодож байна. Цэрэгт алба хаана гэдэг бас сэтгэлийн хатыг бий болгодог. Өнөөдөр манай зэвсэгт хүчинд бүсгүйчүүд маань хүртэл цэргийн алба хааж, сургуульд нь сурч байна. Эх орон дуудсан үед манай бүсгүйчүүд үсээ шуугаад босч бай­сан тийм гайхамшигтай түүх бий. Өнөөдөр тэр гайхамшгийг манай бүсгүйчүүд үргэлжлүүлж байгаад би гүн талархалтай байна. Манай нийт цэргийн албан хаагчдын 14 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ бол бусад орны цэргийн байгууллагуудтай харьцуулахад хангалттай сайнд тооцогдох тоо юм. УИХ, Засгийн газраас баримталж буй төрийн албыг бэхжүүлэх бодлогыг би дэмжиж байгаа. Цэрэгт алба хаасан бол төрийн албанд хамгийн түрүүнд тэр хатуужилтай хүмүүсийг авч ажиллуулах ёстой гэсэн бодлогыг Монголын төр барьж байна. Энэ бодлого үргэлжлэх ёстой гэж бодож байна. Ийм учраас иргэдэд цэргээр дамжуулан энэ эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, сэтгэлийн хат суулгах, шилдэг иргэдээ бэлтгэх нь Монголын төрийн чухал бодлого байх ёстой.
Монгол цэргийн баяр бол Мон­голын ард түмний баяр гэж би үгийнхээ эхэнд хэлсэн. Яагаад гэвэл хэрэгтэй цагт бид бүгдээрээ цэрэг болох ёстой. Эх орон дуудсан цагт монголчууд хөгшин, залуугүй, эрэгтэй, эмэгтэйгүй бүгдээрээ цэрэг болох чадвартай хүмүүс. Ийм учраас Монгол цэргийн баяр бол өнөөдөр Монголын ард түмний баяр юм. Монгол төрийн баяр юм. Монгол Улсын тусгаар тогтнолын бахархалын баяр мөн» гэсэн юм.
Ч.Содномдорж
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш