logo
Далан худалчийн дүү /Улс төрийн шог/

Далан худалчийн дүү /Улс төрийн шог/

2012/03/16
Надад хайрласан олон түмний минь алдар гэвэл намрын бороог санагдуулсан МАНАН нэртэй. Үүх түүхээ үнэнээр нь дэлгэвэл өвгөчүүл санах бол уу? Далаар нь тавьдаг Далан худалч Бэлэн Сэнгийн Даруулгагүй амтай төрсөн дүүгийн өмдөө чирсэн өргөмөл ганц хүү нь би байна. Далан жил төр барьсан ах намтай Далай их баялагаа хувааж идэх гэж Далдуур хэлэлцэж тохирсон нууц амлалтаа биелүүлж Давахгүй гэсэн даваагаараа давж яваа Ардчилал гэж сайхан нэртэй дүүг нь Авилгал гэдэг шилэн гуурсанд задалж Ах намтай нь “эвцэлдүүлэн” төрүүлсэн Алтан амтай мөнгөн бөгстэй МАНАН гэж би байна.

Намайг та нар нугасгүй худалч гэдгийг намтар түүхийг минь сонсоод мэдэх байлгүй. Өргөмөл эцэг минь өтөлж яваа тугжруу хэдий ч нас суухын хирээр намба суудаггүй найгүй худалч нэг өвгөн бий.  Ардын хувьсгаалыг импортолж авчраад, ард түмнээ гадаад дотоодын эзэрхэг харгисуудаас чөлөөлөөд, ардын засаг, ардын нам гэдгийг байгуулаад аагтай явсан үе бий. Хаан эзнээ болохоор гамингаас чөлөөлнө гэж мэхлээд, хар феодалуудаа болохоор шинэ улс байгуулна гэж хулхидан, Хатанбаатарыг гуйж, богдын хас тамгыг нь даруулсан тусламжын бичгээ улаан оросод өгч урваж шарважээ. Гамин, барон гээд гамшигт нэрвэгдсэн орноо гал усны гашуун зовлонгоос аврахын тулд арлын наран битгий хэл алс холын америкаас аврал хүсэхэд ч бэлэн байлаа.

Нам нийлж сэм хуйвалдахын тулд намтар түүхийг нь хэлэлтгүй мэдэх Далан худалч бэлэн Сэнгийн төрсөн дүү далай даян дархан худалч Монгол Ардын Намыг молиго үмхүүлэхээр Хүрээний хэдэн зартай худалч нарыг хөлслөн авч үүсгэжээ. Үнэндээ хэдэн худалч нөхөд нийлж байгаад Молигодох Нам байгуулжээ. Дэм тус болсон улаантан нөхдийнх нь дэлхийн хөдөлмөрчдийн их удирдагч сахалтай сартваахь нь Лээүнэн гэдэг нэртэй. Орчлонд олон худалч нар төрсөн л дөө. Тэгэхдээ түүн шиг “мэргэн” худалч Будда, Мухаммед, Есүс нараас хойш төрөөгүй юм.

Эхний гурван худалч нь хүн орчлонд төрөхдөө бурханы тааллаар төрж, бурхны хилэнг төрүүлсэнийхээ шанд эдлэх ёстой зовлон нүглээ үүрч, буян хийж бурханд үнэнчээр сүсэглэн итгэсэний эцэст хойд насандаа “жаргана” гэж номлодог. Сайхан л тууна шүү дээ. Ядуу төрсөн бол ядуугаараа дуусах юм шиг... Ядуу төрөөд баян болохыг алийг тэр гэх вэ. Хэн гар хөдөлнө, хэн бодно сэтгэнэ тэр хүн л “хүн” шиг амьдардаг биз дээ. ”Гар хөдөлбөл ам хөдөлнө” гээд бэлэн сайхан будааны зүйр үг байж л байна.

Хий хоосон сүсэг бишрэлээр хорвоог дэмий өнгөрөөхөөр ганцхан удаа амьдарна шүү гэж бодоод гар шамлан дайрвал болохгүй бүтэхгүй юм гэж нэгээхэн бээр ч үгүй билээ. Хойд нас гэж байдаг ч юмуу хэн мэдлээ. Зовсоны эцэст жаргадаг “диваажин” гэдэг амралтын газар байдаг уу? Хэн харсан юм бэ? Хэн тэнд очиж “тансагласан” юм бэ? Үзсэн харсан хүн байна уу? Хэлээд өгөөч...Үнэндээ ийм л байна шүү дээ.  Баталсан нэг ч азтай нүгэлтэн алга. Харин Лээүнэн багш хойд насандаа биш энэ насандаа жаргалтай амьдрах “үлгэр”-ийг зохиожээ. Эхлээд социализм гэдгийг дараа нь коммунизм гэдгийг байгуулаад “амар сайхандаа жаргах” байлаа. Гэтэл гай газар дороос гахай модон дороос гэгчээр гайтай хөөтэй нэг нөхөр гарч ирээд “Өөрчлөн байгуулалт, ил тод байдал” гэж хамаагүй ярьж болдоггүй харшилтай үлгэр яриад “сөнөөчихөв”-өө.

Лээүнэний зохиосон үлгэрээр бол хүн бүр тэгш эрхтэй, ардчилсан сонгуультай, сурч боловсрох эрх чөлөөгөөр бүрэн хангагдаж,  коммунизмын гэгээн ялалтанд хүрч чадвал хүүхэд хөгшидгүй, эр эмгүй, хар шаргүй “аз жаргал”-аар цалгиж, амжилт бүтээлээр ундрах байв. Дэлгүүрт бүх юм үнэгүй. Хэрэгтэй зүйлээ хэрэгцээнийхээ хирээр авч өмсөж эдэлнэ, идэж ууна. Гэвч амны хишиг дутлаа. Хэн хэзээ байхдаа дэлгүүрт ороод үнэгүй хувцас авч өмсөөд, гуанзанд ороод үнэгүй хоол идээд байдаг байсан юм бэ? Хүрээний Буянтын гуанзанд хэргэм зэрэгтэй хүн орсон ч хэдэн янчаан ширээн дээр нь шидээд гарна биз дээ.

МАН \Молигддог Анхны Нөхдүүд\ -ынхан ч есөн гудамжны хоолны газруудаар зоосоо төлж эрүүгээ хөдөлгөдөг байлаа. Ширээ тойроод хэдэн нөхөд ясан савхаар пүнтүүз мушгиж байхдаа яавал хэдүүлээ гуанзанд үнэгүй хоол идэх вэ гэж бие биенээсээ асууж шалгаана...   Хувьсгал ялж, Монгол оронд социализм гэдэг лайтай зүйлийг барьж байгуулан эхэлсэн цагаас дарга нар үнэхээр өөрсдийн гуанзанд “үнэгүй” цохидог байв. Гэрэлт коммунизмын “туршлагын туулай” болсон цагаасаа Монгол Ардын Нам маань цаг үеэ даган нэрээ өөрчилж байлаа. Нэг үе Монголын Алуурчдын Нам болчихсон хойд насанд жаргуулна гээд тэнэгтдэг шар орхимжтонгуудаа хуйгаар нь хүрээгээр нь цааш нь харуулав.

Монгол Ардыг Хэлмэгдүүлэгчдийн Нам болчихсон нэг нэгийгээ дайсан гэж баахан алж талав. Монгол Ардыг Хулхиддаг Нам болж, шинэчлэлт өөрчлөлт гэж ярьсан нэг хэсэг нөхдийг нутаг заан цөлж, гавъяа байгуулжээ. Дараа нь Монголын Ардуудыг Хөөргөх нам болж, одон медалиар үерлэв. Монголын Ард түмнийг Хөгжөөх Нам болж, урлагын тоглолт, уран уншлагаар дайллаа. Монгол Ардуудаа Хоргодуулах Нам болж , бэлгийн хорооллын нэгэн загварын есөн давхар байшингуудаар ижилсэв.  Монгол Ардаа Хөгжүүлэх Нам болдогын даваан дээр Горьдбаасаа гэдэг нөхөр гарч ирээд коммунизм гэдэг үлэмж биетэй үлгэрийн мангасыг уруу нь харуулж орхив. Ингээд дууссан даа...

Монгол Ардын Хувьсгалт Нам маань Морьтон Ардын Хувь нийлүүлсэн Нам болж ч үзлээ. Толгойлогчоосоо авахуулаад “хиа”-гаа хүртэл “манлай уяач” болцгоолоо. Мөнхийн Ашгаа Хэрэгжүүлэгчдийн ч Нам болж үзсэн. Засгийн эрх мэдлийг барьж байгаа цагт тэд хамгийн хүчирхэг гэдэгтээ ч итгэдэг байсан. Тэгтэл бас нэг шидэл гараад  ирсэн... Ардчилсан Нам гэдэг айхтар бяцхан чөтгөр гарч ирээд ар шилэн дээр нь асчихаад амийг нь “авах” шахлаа. Хамаг бузар булхайгий нь уудалж, халуун чихээс нь татаж, нүүр хийх газаргүй болтол нүглийг нь гаргаж тавив. Ичих булчирхайтай сан бол ичиж үхмээр...

Тэгтэл Монгол Ардын Худалч Нам маань өчүүхэн ч нүүр улайсангүй. Ширэн нүүрлээд ширдэг царайлаад гүрийчихлээ. Монгол Ардын Хувирагч Нам болж, жигтэйхэн ариун дүрийг үзүүлж, ичих нүүрээ элгэндээ наасан Энхбаяр гэгч Монгол улсын дархан аварга худалчынхаа үед Монгол Ардын Хувилгаан нам болж, бурхан шашны сургаал ярин цагаандаа гарч Монголын Авилгачдын Хөрөнгөжих Нам боллоо. Дараа нь сонгууль боллоо. Хувааж идэхийн төлөө хуулиараа баталгаажуулсан ах нам, дүү ардчилсан намтайгаа нийлж, МАНАН гэдэг мангасыг өлгийдөж аваад, маханд дуртай ард түмнээ мэхэлж эхэллээ. Салаавчаа нууж байгаад, сая саяар нь мөнгө тараана гэж сайрхаж цээжээ дэлдлээ. Голоор нь хувааж идэхэд гол нь харласан ард түмнээ эх орны хишиг гэж энхрийлж хуурав.

Таван толгойн хувьцаа гэж таавар хишиг түгээв. Ард түмнээ хуурах гэж адилсан нэгдсэн МАНАН гадаадын идэмхий акулуудад аль байдагаа “алдаад” ирэхээрээ ард түмнийхээ өмнө аргагүй үнэнч болох гэж сонгууль ойртох сургаар сониноо буугаад тарцгаав. Өглөөний манан нарны гэрэлд алгуурхан сарних мэт ах дүү хоёр худалчийн байгуулсан МАНАН  нэртэй маргаантай төр мансууран алга боллоо. Уул нь хоёр худалч нийлээд, хулхин дээр цэцэг “ургуулж” байтал Далан худалчдыг шалгаруулах бүх ард түмний улстөрийн үзлэг, сонгууль нэртэй шоу кампанит ажил эхэлж, хэн нь илүү дархан худалчаа шалгаруулах улаан хивсний ёслол ойртов.

Ерөнхийлөгч нарыг дархан аварга гэвэл улсын аварга худалчууд нь ерөнхий сайдууд юм. Түүний дараа төрийн тамга барьсан сайдууд арслан, гарьд, заан, начингаараа эрэмбэлэгдэнэ. Худалч хүний “нээрэн” олон гэдэг. Хувирахгүй “залдаг” тэднийг дууриасаар хүн бүгд “нээрээ” гэж ярьдаг боллоо. “Нээрээ, Доржийн “шинэ” авгай төрж гэнэ” “ Нээрээ, хүү юү, нээрээ охин уу?” “Нээрээ охин төрсөн гэнэ” гэж ярьцгаана. Худлаа гэсэн юм шиг “нээрээ” гэж ярина. Худлаа ярихыг сонссоор байгаад өөрийнхөө худлаа яриагүйг ойлгуулах гэсэн аятай “нээрээ” гэж нэмэлт үг хэлнэ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн удахгүй сонгууль болж байгааг сануулан ярьж байна. “Нээрээ арван найман насанд хүрсэн Монгол улсын иргэд сонгуульд оролцох эрхтэй. Нээрээ, сонгох сонгогдох эрхтэй” гэж. Худлаа гэсэн хүн байхгүй биз дээ. Заавал “нээрээ” гэх ямар шаардлага байна?...

Харин цаг уурчид “Нээрээ, бороогүй” гэвэл өөр шүү дээ... “Далан худалчдын үгэнд итгэх үү эс итгэх үү гэдэг чухал цаг үед ард түмэн тулж ирлээ. Дахиад гэнэдэх үү, далаараа цэвэр тавиулах уу гэдгийг далай лам мэдэхгүй. Гагцхүү бидний гал халуун сэтгэл, эх орноо гэх эрхэм зорилго л мэднэ. Худалч хүний ярианаас хүн залхдагын адил бид бас хамрын дор ганцаараа хагархайтай юм шиг “халуун эх оронч сэтгэл” гаргаж “халамж хайр, алт мөнгө” амласан “харийн доншуучид” шиг сэтгэлтэй луйварчингуудаас “хагацах” цаг боллоо.

Эвий минь, хөөрхий минь, “эрдэм”-тэй юм гэж амны “фигур”-тэй болгоноос адис авдаг цаг дууслаа. Зуун жил болсон ч зууралдсаар байх уу, зуурыг бодож аргацаасаар байх уу гэдгээ шийдэх үе ирлээ. Далан худалчийн үлгэрт итгэдэг ард түмэн биднээс өөр бий гэжүү? Далан зургаан худалчыг сонгодог ард түмэн энэ хорвоод биднээс өөр байна уу? Бид чинь худлаа ярьж, хулгай хийхийг цээрлэдэг ард түмэн шүү дээ. Бэрдүүдийг зайлуулж, бэлэн амтнуудыг хөөж, энэ Монголын төлөө эс ширхэгээ зориулж чадах, худлаа ярьдаггүй, хуурч мэхэлдэггүй, хулгай хийх хумс хуруугүй жинхэнэ ард түмний “төлөөлөгч”-ийг ирэх сонгуулиар сонгоцгооё.

Далан худалч шиг “даврах” юм бол ямар ч нам байгаад бидэнд хэрэггүй. МАН ч тэр АН ч тэр, манан буданд манийгаа мансуурлын байдалд байлгах хүсэлтэй бол тонил цаашаа гэж тодоос тод хэлье. Хэрэв худал үлгэрт итгэдэг нэгэн байх юм бол хорьдугаар зууны хорин нэгэн оноос хойшихыг бүү мартаарай гэж захья. Зуун жилийн өмнө эсгий гэртээ үнэгчилж унтсан хүү зуун жилийн дараа бахь байдагаараа унтаж байвал Далан худалчийн үлгэрт дэндүү итгэжээ гэж бодъё...

Худалч нарыг “сэгсэрч” хаяад улс гэрээ сэргээе. Харин дараагийн “хүмүүс”-ээ Бэлэн Сэнгэ шиг бэлэн амтай, хоосон гуя байлгахгүйн төлөө хамтарцгаая. Үнэн худлын хооронд дөрвөн жил хангалттай шүү хүмүүс ээ... Бүү зуун дамжиж худалч нарыг “бүүвээл”-ээрэй...

Даваажавын Эрдэнэмөнх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш