logo
Хэт олон ангит кино бүтээх нь /Хошин өгүүллэг/

Хэт олон ангит кино бүтээх нь /Хошин өгүүллэг/

2012/03/21
Одоо үед олон ангит кино моодон ороод байна. Олон ангит кино гэдэг бол онолын хувьд шийдэмгий бус олон зантай, уймраа хүмүүсийн амьдралыг харуулдаг бүтээгдэхүүн юм. Ийм маягийн кинонууд голдуу хүмүүсийн залуу нас, хайр дурлалын тухай өгүүлдэг. Энэ нь арга ч үгүй юм даа. Яагаад гэвэл эдгээр киноны баатрууд нь 70-аас дээш наслах үедээ өөрийнхөө чавганцыг танихаа больж өөр айлын эмгэнд очиж олон дэмий балай юм ярих, бас ноолийн өрөөнийхөө суултуурт суулаа гээд их оврын будаа агшаагч дээрээ сууж хүндрэх зэрэг олон нийтэд үзүүлэхэд зохисгүй үйлдлүүд гарах магадлалтай тул тэгэс гээд зогсох нь зүйтэй болдог биз ээ.

Үүнээс гадна олон ангит кино бүтээх ба үзэх дуртай хүмүүс олширсон нь автомашин хэт олширч дуу шуугиан ихэссэн, гар утаснаас элдэв янзын хэт богино долгион цацах болсон, ажилгүйдэл ихэссэн зэргээс үүдэлтэй байж магадгүй юм. Энэ нь цэвэр сэтгэл судлалч нарын асуудал тул энэ тухайд цааш нь үл өгүүлье.

Харин одоо би өөрийнхөө шинээр бүтээж буй "Арван дөрвөн өндөр өсгийтэй гутал" гэдэг олон ангит киноныхоо тухай та бүхэнд товч танилцуулъя. Миний энэ кинонд гол баатар болох үзэсгэлэнт бүсгүй, түүнээс яавч дутахгүй сайхан залуу хоёрын хайр дурлалын тухай өгүүлнэ. Манай хоёр баатар сэтгэл нийлж хуримаа хийхээр хоёр талын аав ээжүүд, амраг садан, найз нөхөд нь хадаг саа бөмбөлөг мөмбөлгөөр машин тэргээ чимэн уртын урт цуваа болж хуримын ордонд ирнэ.

Энд ирээд хоёр биедээ болон бусаддаа ам тангаргаа өргөн ёслоод яг гарын үсэг зурах гэж байтлаа үзэсгэлэнт бүсгүй маань гэв гэнэт үзгээ хуга татаж хаяад хуримлуулагч эмэгтэйн үснээс хэд сайн зулгаагаад ширээ сандал идээ будаагаа бүгдийг нь нурааж гадагш гүйн гаран зугтаж одно.

За энэ чинь одоо юу болох нь энэ вэ? хэмээлцэн уйлаан майлаан болж аав ээж нь охиноо гүйцэж барьж аваад яасан ийснийг нь асууваас, "Дотроос минь нэг зүйл дээш хөөрөн би өөрөө нисч байгаа мэт санагдсан" гэж хэлнэ. Ингээд мэдээжийн хэрэг энэ явдлын улмаас найз залуу нь гомдож тунирхан нүүр буруулахад охин түүний араас учирлан гуйж арван дөрвөн өндөр өсгийтэй гутал элэгдэж дуустал явдаг ажгуу.

Тэгээд арван дөрөв дэх гутлаа элэгдэж дуусах үед арай гэж нааш эргүүлтлээ өөрөө бас л жаахан эргэж хургана. Залуу эр бас тийм хэмжээний ботинк элээх хэрэг гарна гэх мэт. Энэ кинон дотор бусад олон ангит кинонуудын адил үймэрсэн, уймарсан, мунгинасан, эргэж хургасан элементүүд олон бий боловч тэр бүхнийг энд дурдахгүй өнгөрье гэж би шийдлээ. Яагаад гэвэл манай залуу, хөгшин киночид ийм төрлийн кино хийх хүсэл эрмэлзэл аль хэдийнэ төрөөд байгаа байх гэж би таамаглаж байгаа учраас нарийн ширийнээ энд дэлгэж нууцаа алдах хэрэггүй буй за гэж бодогдсон юм. Цаг хугацааны тухайд гэвэл эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ямар нэгэн хос гутал элээх тутам 4-5 анги, гэрийн шаахай элээхэд 1-2 анги зарцуулах болно гэдгийг хэлэх нь зүйтэй байх аа. Үүнээс гадна би энэ киногоо улам сунжруулж уртасгах бүхий л арга хэмжээ авна гэдгээ та бүхэнд амлаж байна.
Г.Рагчаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш