logo
Хадмындаа зочилсон нь /Шог өгүүллэг/

Хадмындаа зочилсон нь /Шог өгүүллэг/

2012/03/24
Сүйт бүсгүй минь нэг орой намайг гэртээ урилаа. Урилгыг сонсоод би хоёр хуваагдав. Нэг нь тал нь туулай шиг чичрэн,  ий ий хадам аав ээж хоёр минь “эрлэгийн томилсон  ямар элч” нар байгаа бол гэхээс хөлдөөгчинд хийсэн мөхөөлдөс шиг бөмбөгнөв. Нөгөө тал нь болохоор аав минь ээж минь намайг үнсэхдээ бага шүлстээрэй, болноо болно, ямар их хоол унд бэлтгээ вэ?, хүргэний бараа хараагүй юм шиг юун ч их хөл алддаг улсууд вэ гэж оволзоод... тэр хоёрын голд би хаврын ялаа шиг хийсэж үхэх шахна.

Хүйтэн тал нь болохоор хамаг муу бүгдийг бодоод хадам аав ээж хоёрыг чөтгөр шуламс болгож, гурван сэрээтэй жад бариулан, намайг тамын хаалгаар оронгуут өрдөн өлгөж, хананд цоровдлоод, дулаан тал нь болохоор хадмууд намайг хүндлэн, хаа байгаа Увс аймгаас баяд хонь авчруулан, идээ шүүс бэлтгэж, архи айраг ваар саваар мэлтэлзүүлэн өрөөд, ид уу, эр хүн байна даа,  гурван хундага ууна шүү гэж шахаад, нэг хүний бие хоёр хэсэг болж хүйтэн дайны үеийнх шиг хоорондоо өрсөлдөнө гэдэг чинь амьдын тамаас ялгаа алга. Цайны гонжоомоо углаж,  савхин шаахайгаа хүний нүүр харагдтал тослоод, үнэртэй усны дэлгүүрт орж, тестерийн усаар нь сэнгэнэтэл шүршээд хадмынх руугаа гарч өглөө.

Хадмынх шинэхэн хороололд зургаан өрөө байранд амьдардаг аж. Хонхыг дарвал жив жив гээд халуун орны ойд шувуудын жиргээ сонсож байгаа мэт ая дуугарч, хонгор бүсгүй минь гэрийн даашинзтайгаа инээмсэглэн гарч ирээд зогсож бай гэснээ–Май үүнийг өмс гээд алтан утсаар хүрээлсэн гэрийн хөвсгөр зөөлөн шаахай хөлд углаад банны өрөө рүү дагуулан очиж, -Хайрт минь чи юуны түрүүнд усанд ороодох эгч чамд үсчин захиалсан байгаа гэв. Усны өрөө нь том зайтай, алаг пялтаагаар өнгө оруулан хулдсан гоёмсог өрөө байлаа. Тааз нь цагаан пялтаа, дунд хавиараа хөх пялтаа, доогуураа тод цэнхэр өнгөөр үелэн хослуулсан нь үүл, тэнгэр, далайг санагдуулна.

Цэнхэр өнгийн дунд суурилуулсан таван хүн ч багтах усны онгоц нь далайд хөвөх гатлага хөлөг онгоцыг санагдуулна. Үс, биеэ угаадаг шампунь нь хэдэн төрлөөрөө ярайна. Хөөс, гель юм юм л өрөөстэй. Толгойгоо угаагаад зайлдаг зайлагч хүртэл байх аж. Улаан арьстны зэрлэг омгоос ирсэн мэт хамаг бодисыг нь үнэртэж үзсэнийхээ дараа би өөрийгөө “туршилтанд” орууллаа. Усны өрөөнийх нь булангийн нэг хана нь нилдээ тольтой бөгөөд дор нь олон шургуулга, хаалгатай шүүгээнүүд, эргэдэг сандал, үсээ хатаадаг аппарат, сам шүүр ёоз ёозоороо тавьжээ. Хонгор хайрт минь нэгэн бүсгүйг дагуулж орж ирээд миний үсийг засуулж, нүүр амыг минь жүжигчин адил “будаж янзаллаа”. Хадам эгч минь болох турьхан бүсгүй баахан үнэртэн авчраад хамаг биеэр минь цацаж,

-Мэдсэн бол хамрыг нь янзлуулах байж дээ. Одоо эмнэлэг орвол амжихгүй. Аав хурлаасаа таван цагт тараад, ажлаа дуусгаад ирнэ гэсэн. Амжихгүй юм байна даа гэж санаа алдлаа. Тэгсэнээ толинд тусах миний дүрсийг тоглоомон хүүхэлдэйгээ самнах мэт “арчилж” буй хонгор бүсгүйд минь хандан,
-Нүүрий нь сайн угаагаад, нөгөө хувцсыг нь өмсгөчихвөл бас ч дажгүй залуу байна гэж анх удаагаа над руу тал засан хэлэв. Эгч дүү хоёр бүсгүй намайг “гоёх” гэж хирдээ л хөөрхөн “ Загварын тэмцээн” зохиолоо. Хүн өмсөөгүй шинэ костюмууд оруулж ирээд, өмсгөж тайлж хэдэн удаа намайг “хүүхэд” хувцаслаж байгаа мэт “тоглоно”. Зангиа, бүс, шовх хоншоортой лаакадсан гутал хайрцаг хайрцагаар нь тавиад “тэр нь дээр” “энэ нь зүгээр” гэж тэр хоёр намайг хувцасны хиймэл “манекан” хувцаслах шиг “наадана”.

Тэгж тэгж санаанд нь таарав бололтой “тайзан” дээр гаргахад бэлэн болгосоны дараа хонгорхон минь Швейцарьт үйлдвэрлэсэн бугуйн цаг авчирч хоосон бугуйг минь чимэв. Миний хуучин хувцас хунар, хөлсөө гарган тосолсон “гялгар” шаахайг минь хогийн уутанд хийгээд, хаа нэг газар далд хийжээ. Зах дээрээс авсан Гонконгт үйлдвэрлэсэн электрон цагийг минь бас “далдалжээ”. Хадмындаа зочилно гэж уул нь захаас зориуд явж авсан цаг. Гэтэл эд нар “Гонконк” цагийг “цаг” гэж мэддэггүй ажээ. Тэр нь зөвхөн миний хувьд “цаг” байж... Намайг “гоёж гоодох” ажил дууссаны дараа хонгор бүсгүй минь намайг өрөөндөө оруулж, аавыгаа ирэхээр яаж харьцах, хэрхэн эелдгээр мэндлэх, яаж биеэ авч “явах” хичээл “заасан”-хаа дараа ахынхаа өрөөнд дагуулж оров. Ах нь аавынхаа компаний захирал гэнэ. Надаас ямар ажил эрхэлдэгийг минь асууж байна.

Нэрэлхсэндээ “Буянтын гуанз”-анд сав угаагч гэж хэлсэнгүй, “Буянтынх” шиг гуанз ажиллуулдаг гэж заллаа. Сард хэдийг “зулгаадаг” уу ? гэхээр нь сая гэлээ. Цэвэр үү ? гэхэд нь түрээсийн мөнгөө өгөөд таван зуу мянга гэж түгдэрлээ. Хадам ахын санаанд таарсангүй. Манай компаний манаач сард арван удаа гараанд гараад “таван зууг” авдаг юм. Чи тэгэхэд өдөр үдэшгүй сар зүтгээд “таван зууг” авдаг юм биз дээ... Аав чамайг ийм ажилтайг мэдвэл бүх юм дуусаа... Бидний хайртай отгон дүү минь “шаналаад” хоцрох юм байна даа гэж тэрээр сүүрс алдсанаа царайгаа төв болгоод, тэгэхдээ манайд гадаад худалдааны менежерын орон тоо бий.

Нэг их биш, цалин нь  сая таван зуун мянга эхэндээ... гэхэд миний араас хулчганан орж ирсэн хайрт бүсгүй минь “Манай хүн худалдааны эдийн засагч мэргэжилтэй л дээ. Ажил олдохгүй гуанзанд ... “ гэж хэлэв. Би ч жигтэйхэн сандарлаа. Сав угаагч гээд хэлчих вий гэхээс... Өгөөмөр хадам ахын тусламжтайгаар миний ажлын байрны “асуудал” шийдэгдэв. Хонгор минь, ээжийнхээ өрөө рүү намайг хөтөллөө. Орон “байр”-ны асуудлыг ээж “шийдвэрлэнэ” гэж замдаа шивэгнэнэ. Хадам ээж малийтэл инээж угтсангүй, харин би малийтэл “инээсээр” инээх ч биш ярвайх ч биш хоёрын хооронд хүчээр “тарчилсан” хадам ээжийнхээ “барааг” харав. Хаана амьдардаг уу гэхээр нь ахынхаа нэг өрөөнд толгой хорогддог гэлээ.

Одоохондоо манай хуучин гурван өрөө байранд сууна биз. Зун болохоор манай зуслангийн хаусны нэгэнд орохоос доо гэж хадам ээж намайг өрөвдөн хэллээ. Ийм ч эр хүн байх гэж дээ голоо л доо... Тэгэхэд миний дэргэд түүний нөхөр халхын хавтгайд хөндлөн “даналзсан”  том эр билээ. Орой ажлаа тараад бараа бологсод, бие хамгаалагч нараа дагуулаад ирэхэд энэ зургаан өрөө байр “дуу шуу” ордог биз. Одоохондоо хүргэн “хүүнцэр”-ийн дорой дуунд ичиж үхэж байх шиг байна... Хонгор бүсгүй минь гэнэт “Эгч чамд машинуудаасаа хамгийн үнэтэй жийпийг нь өгч байна “ гэсээр орж ирэхэд хадам ээж над руу өрөвдөнгүй харж, “ Чааваас бас хөл дүүжлэх унаагүй юмуу?” гэхэд ичсэндээ би хааяа унаж халтуур хийдэг ахынхаа машиныг “нэг муу юм байгаа” гэж золтой л хэлсэнгүй. “Эрхбиш жолооны үнэмлэх бий юү?” гэхэд нь “бий” гэж хүн цочмоор хэлээд өөрөө ч тэгж хэлсэндээ балмагдав. Хадам эгч дүүгээ өрөвдөн эхэр татан уйлах нь сонсогдоно. Ийм “дор”  амьтантай дүүгээ “нийллээ” гэж өрөвдсөнөөс гарцаагүй...

Хадам аавыг ирэхээс өмнө гараад гүйчихмээр санагдсан ч халуун гараараа миний тохойноос татах хайрт бүсгүйнхээ үнэнч сэтгэлийг бодоод хойш ухарлаа... Ямартаа ч хадам аавыг ирэхээс өмнө амжиж, “ажилд орж”, “машинтай болж”, басхүү “байр сууцтай” болоод амжив. Одоо хадам аавтайгаа уулзахад хүргэн хүү “алзахгүй” боллоо... Нийгэмд “байр сууриа” олоход улаан “улстөрчин” хадам маань туслах нь тодорхой... Эхлээд намдаа элсүүлнэ... Дараа нь өөр шигээ бага багаар суудал ахиулна. Улстөрийн “бантан” хутгуулж сургана. Эхнэр хүүхдээ тэжээхийн тулд эх орноо яаж “өөд нь татах”-ыг заана. Эрх ямба олохын тулд эх нутгаа яаж “худалдах”-ыг зөвлөнө. Дүүргийн намын дарга, хотын мэр, шадар сайд... дээшээ ч том татаасаар “суга дэвших” нь дээ... Юу вэ, хадам аавтайгаа уулзаагүй байж, хамаагүй “мөрөөдөж” байх чинь. Эд ч яахав ойлгоно, олон нойтон хүүхэдтэй ах минь харин миний юу бодож байгааг ойлгодог бол уу?...

Даваажавын Эрдэнэмөнх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш