logo
Өмгөөлөгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн байна

Өмгөөлөгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн байна

2012/03/31
Энэ сарын 20-ны өдөр болсон цагдаагийн экс удирдлагуудыг шүүх хурлын үеэр шүүгдэгч нарын өмгөөлөгчид үйлчлүүлэгчээсээ татгалзаж шүүх хуралдааныг орхин гарсан. Тэдний энэ үйлдлийн талаар Нийслэлийн шүүхээс албан ёсны тайлбар хийв.
Өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэргийг түдгэлзүүлэх шийдвэр гаргуулахаар шүүхэд шаардлага тавьж, улмаар үйлчлүүлэгчээсээ татгалзаж буйгаа мэдэгдэн, шүүх хуралдааны танхимыг орхин гарсан үйлдэл нь шүүхийг илтэд үл хүндэтгэж шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, шүүхийн бие даасан, хараат бус байдалд бүдүүлгээр халдаж холбогдох хууль тогтоомж болон өмгөөлөгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байна.
Мэргэжлийн өмгөөлөгч хүн ямарч тохиолдолд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг тууштай хамгаалан, хуулийн хүрээнд ажиллах нь өмгөөлөх үйл ажиллагаанд баримтлах нэн тэргүүний зарчим юм. Гэтэл нэр бүхий шүүгдэгч Ч.Амарболд, О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нар өмгөөлөгчөөсөө татгалзаагүй байхад өмгөөлөгч нар нь “мэдлэг, чадвар хүрэхгүй байна” гэх шалтгаанаар үйлчлүүлэгчээсээ татгалзаж буйгаа мэдэгдсэн нь тэдний өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй мэргэжлийн нэр хүндийг унагасан хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна.
Өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаанд нэгэнт орж эхэлсэн бол хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр явцад нь татгалзах, хэргийг хэвийн үргэлжлүүлэхэд саад хийх эрхгүй. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийг татгалзах, солих, нэмж авах асуудал нь зөвхөн үйлчлүүлэгчийн хүсэл зоригийн дагуу хийгдэх учиртай.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “хүн бүр өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй”, мөн Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд “хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төр иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан. Төр энэхүү үүргээ хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн сонгон шалгаруултад тэнцсэн хуульчдад өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгодог.
Гэтэл нэр бүхий өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллагаас авч, Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалах, төрөөс иргэддээ хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх хариуцлагатай, хүндтэй үүргийг хүлээсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүгдэгч нарыг өмгөөлөхөөс татгалзаж, шүүх хуралдааныг орхиж гарсан үйлдэл нь үйлчлүүлэгч нарынхаа эрх ашгийг ноцтой зөрчихөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан шүүх шүүн таслах ажиллагааг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэн, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулсан, шүүхийг илтэд үл хүндэтгэсэн, өмгөөлөгчийн ёс зүйг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байна гэжээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш