logo
Авлигатай тэмцэгчид Хөшөөтийг луйвардаж зарсан У.Барсболд гэдэг энэ том “тул”-ыг бүү алдаасай

Авлигатай тэмцэгчид Хөшөөтийг луйвардаж зарсан У.Барсболд гэдэг энэ том “тул”-ыг бүү алдаасай

2012/04/03
Стратегийн орд. Ийм нэгэн нэр томъёо сүүлийн хэдэн жилийн турш манай улс төрчдийн “маанийн уншлага” болов. Стратегийн гэсний учир нь алсдаа монгочууд  ийм тодотголтой ордоос их мөнгө олж хотлоорооо хөлжих төрийн бодлогын нэг санаа агуулж байсан юм. Ухаандаа төр засаг  тэдгээр ордуудыг ард түмнийхээ нэрийн өмнөөс ашиг шимийг нь мэдэж зохицуулахаар болсон байлаа. Нийтдээ 39 орд газрыг  энэхүү “стратеги”-д багтаах ёстой гэж олон нийтийн төлөөлөл,  иргэний байгууллагууд  үзсэн. Магадгүй, зарим нь үүнээс олон орд газрыг өөрсдийн монгож байгуулсан төрдөө даатгахыг хүсч байсан байх. Төр гэдгийг хоймрын хээтэй авдартайгаа зүйрлэх нь ч бий. Тэд хүссэн үедээ  хэрэгцээндээ тааруулаад юухнаа ч хангаж болдог лут найдвартай “сав” гэж ойлгосон биз. Гайхалтай нь үгүй ажээ. Одоо лав тэдгээр “стратегиийн орд” гээд байгаагаас нь хүмүүст гавьтай наалдсан юм алга.  Оюу толгойгоос өр зээлээр авсан 250 сая доллар нь эмчилгээ тэжээлийн малд өгдөг өвс, багсармал хивэг аятай хүмүүст тараагдаад дуусав.
Гэхдээ ийнхүү Ардын намынхны амлаад байсан 1,5 сая төгрөгийн нөхөөсөнд Оюу толгойн луйврын гэрээ хийгдсэний горыг бид хараахан бүрэн амсаагүй байна. Иргэн бүрт өгөх эсэх нь бүдгэрч  буй үлдсэн нэг сая төгрөг түгээгдээд унавал эдийн засаг маань  өнөөгийнхөөсөө илүү хүнд цохилт амсана гэж юм  мэддэг хэсэг нь шаналж  эхэллээ. Оюу толгойн уурхай усаар гачигдсан хэвээр. Цаашдаа яажшуу явах нь  эргэлзээтэй гэж байна. Дараагийн том орд Таван толгой бол одоо бүр санасны гарз боллоо. Бүтэн дөрвөн жил хүлээлээ, энэ ордоос орох ашгийг. Засгийн газраас өнгөрсөн онд нэг лут гэрээний төсөл хийсэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр очоод буцсан. Яасан гэхээр, хашрууд энд Япон, Солонгосын компаниудыг оруулалгүй, дээр нь улс төрийн албан тушаалтнууд оролцож, гэрээний нөхцлүүдийг ёстой жонхуу болгож орхисон байв.  Тиймээс Таван толгойд IPO хийх ажил мөддөө бүтэхгүй болж байна. Сүүлдээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  энэ бүхнийг  улаан цээжээрээ хамгаалж, Х.Баттулга руу “нууц гэрээ” хийлээ гэж давшилж эхлэв. Таван толгойг хувааж авах “Энержи ресурс”, “MCS”-ын бүлэглэлийн цаана Ардын намын том гарууд суугаа нь одоо хэнд ч ойлгомжтой болж байна. “Ухаа худаг”-аас Хятад руу татах нарийн төмөр замын төлөөх “дайн”-д тэд  ялвал Таван толгойг урд хөршүүдтэйгээ хамтран  хямдхан хувааж иднэ гэж тооцоолсон “нууц” нь аягүй бол Ц.Нямдоржтой холбоотой байж магадгүй. Тиймээс Х.Баттулга Таван толгойн ил далд хуйвалдааныг нэг мөр шалгуулахаар сайд нарынх нь түрүүчээс АТГ-т өгсөн биз.   Үүний адил бусад стратегийн ордуудыг ч хууль хяналтынхнаар  шалгуулах цаг нь болжээ.  Сүхбаатар аймаг дахь цайрын орд Ч.Улааны зуучилснаар  “100 хувийн хөрөнгө оруулалт” нэрийн дор хятадуудад шилжээд байгаа. Сэлэнгийн Төмөртэйн ордын маргаан Олон улсын арбитрын шүүх дээр очоод удаж байна.  Ховдынхон Хөшөөтийн ордоо Хятадуудаас салгаж авахын төлөө  бас хэл ам хийцгээж буй. Тус ордын тухай манай сонин урьд нь зөндөө бичсэн дээ. Бараг улиг болов бололтой. Бичсэнээр юу ч шийдэгдсэнгүй. Гэлээ гээд зөнд нь хаяж яавч боломгүй.  Иймээс бас л бичиж буй нь энэ.  
 
Саяхан даа, ердөө хоёрхон жилийн өмнө “Хөшөөтөөс хөгжил эхэлнэ’’ хэмээн У.Барсболд болон түүний багийнхан сүрхий сурталчилж байлаа.  Тэр үед У.Барсболд одоогийн МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Том намын “нарийн дарга”-ын ийм сурталчилгаа Ховдынхонд анхандаа их л таалагдсан гэдэг.  Мань хүн өөрийгөө “Би бол “Хөшөөт төсөл”-ийг санаачлагч юм шүү” гэж нутгийнхаа дов жалгын  чулуу бүхэнд шивнэж, хашгирах нь холгүй  явсан болохоор хүмүүс түүнд итгэхээс яахав. Гэтэл Хөшөөтийг эзэгнэсэн Хонгконг, Сингапурын хятадууд “Мо Эн Ко” компанийн нэр дээр У.Барсболд, түүний ах дүү нарын оролцоотойгоор лиценз авсан нь үнэн ажээ. У.Барсболд тэдэнд лиценз худалдсан хэмээн нэгэн баттай эх сурвалж өгүүлж байна. Хөшөөтөөс Хятад руу нүүрс тээвэрлэх 320 км зам тавьсан нь ч У.Барсболдын хүчин чармайлтын үр дүн гээд байгаа юм.
Хоёр жил гаруйн өмнө тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг Хөшөөтийг стратегийн орд болгох иргэдийн шаардлагын дагуу Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод бичиг илгээжээ. Д.Зоригт нь албан ёсоор цаасан дээр хэдэн үг чулуудаж хариу бариагүй ч гэсэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өө, Хөшөөтийг бид удахгүй шийднэ” ухааны юм хэлсэн байв.  Стратегийн ордод оруулах асуудлыг судлах ажлын хэсэг  гэгч юм уг нь байгуулсан гэдэг. Хоёр дахь Таван толгой гэгдэж буй энэ ордыг ер нь анхнаас нь  төр мэдэлдээ авч болох л байж, У.Барсболд шуналтаагүй бол. Тухайн үеийн дарга нар ч учрыг сайтар мэдэж байсан байна. Гэвч Засгийн газрын танхимын гишүүд хөдөлж өгсөнгүй. Харин өнгөрсөн хугацаанд  “Мо Эн Ко” компани Хонконгийн хөрөнгийн биржээс 2,7 тэрбум ам.долларын хөрөнгө босгоод авчээ. Энэ нь одоо гурван тэрбум гаруй болж, Барлагийн хавцлыг дайруулан тавьсан авто замаар Шинжаан руу нүүрсийг өдөр шөнөгүй зөөж байна. Баяжуулах үйлдвэрээ Ховдод биш, Хятадад байгуулах аж. Хэдэн жилийн өмнө  “Мо Эн Ко” компани  Хөшөөтийн ордыг ашиглахын тулд Ховдод дулааны цахилгаан станц, нисэх буудал, нүүрс боловсруулах үйлдвэр барина гэж гайхуулж байлаа. Гэтэл энэ бүхэн нь молиго болов. Монголд бүү хэл Ховдод хөрөнгө оруулалт гэх олигтой юм оруулсангүй. Тэд  Хятадын нүүрсний томоохон компани гэгддэг “Син Вей” групптэй хамтран жилд 1,5 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэрийг Шинжаан Уйгарт байгуулахаар гэрээ, хэлэлцээр хийгээд байна.  “Син Вей” нь  37,23 сая тонн нүүрс борлуулдаг том аж ахуй бөгөөд жилд  46,8 тэрбум юанийн орлоготой гэнэ.  “Мо Эн Ко” компанитай ийнхүү хамтарсан үйлдвэр байгуулж,  хувьцааг нь эзэмших талаар ч тохиролцжээ.
Эдийн засгийн алуурчид зөвхөн Америк, Канадаас Монголд орж ирээгүйг бид Хөшөөтөөс бэлхнээ харж байна. Хятадууд  манай баялгийг олон улсын хөрөнгийн бирж дээр чөлөөтэй арилжаалдаг болжээ.  Хөшөөтийн орд байрладаг Ховдын Дарви сумынхан өвлийн цагт тус ордоос нүүрсээ тонныг нь 50 мянган төгрөгөөр худалдан авч байна. “Мон Эн Ко” компани иргэдийн шаардлагаар өнгөрсөн өвөл нэг удаа үнэгүй нүүрс олгосон нь У.Барсболдын аргаа барсан ажил гэлцэнэ.  Хөшөөтийн нүүрсний ордын үндсэн талбайд  орон нутгийн уурхай байсан бөгөөд энэ нь 66 мянган га талбайг эзэлдэг аж. Үүнийг анх улсын төсвийн хөрөнгөөр нээжээ.  Тиймээс нутгийн иргэд эзэмших эрхтэй юм байна.  Гэтэл “Мо Эн Ко” компани өнөөдөр нөөцөө Монголын талд  болохоор 460 сая тонн гээд гадагшаа зарлахаараа  2,4 тэрбум тонн  гэж байгаа.  Тэдний  энэхүү зөрүүтэй мэдээлэлд олон улсын хөрөнгийн биржийнхэн итгэж суугаа гэвэл тэрүүн шиг худал юм үгүй байх. Гэсэн ч хятадууд биржий арилжаан хийж л байна.
 У.Барсболдыг Авлигатай тэмцэх газрынхан шалгаж байгаа гэж хэсэг шуугиснаа чимээгүй боллоо. Богд уулын арын газрыг наймаалсан, Хөшөөтийг луйвардаж зарсан хэрэг нь түүнийг аль эрт “аавынд” залж аваачих байсан юм л даа. Даанч шударга шүүх, цагдаа нь байхгүй байсаар өдий хүрчээ. Харин Авлигатай тэмцэх газрынхан жаахан хоргоож байгаад “Таныг бид эндүүрчээ. Уучлаарай. Та бууруугүй юм шиг байна” гээд хэргийг нь хаасан гэнэ. Энэ юу л бол. Нэгэн эх сурвалж “Тэгэхгүй ёсгүй. Тэр хариуцлагаа хүлээж л таарна” гэж байна. Гэтэл гадуур тийм цуурхал тэнэж явна. Арай ч зүгээр тавиад явуулчихгүй байлгүй дээ. Гэхдээ бас юмыг яаж мэдэхэв, итгэхэд бэрх. Авлигатай тэмцэгчид  улс төрийн томоохон авлигын араас үнэндээ тууштай явахгүй байгаа юм чинь. Аймаг, дүүргийн засаг дарга нараас ер хэтэрсэнгүй. Хүмүүсийн хэлж заншсанаар тэд бол нэг муу жижигхэн жараахайнууд шүү дээ. У.Барсболд тэдний дэргэд ёстой томоос том тул загас. Одоогоор авлигатай тэмцэгчдийн дэгээнд ороод мултрах гэж ядаж буй тул байж магадгүй.  Гэхдээ дэгээдэгдсэн  чигээрэй байж байгаад эхний ээлжинд Хөшөөтийг минь өгөөсэй, энэ худалч эр. Тэгээд дараа нь очих ёстой газраа саадгүй хүрнэ биз.
 Б.Отгонбаяр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш