logo
Төмөртэйн ордыг завших хятадуудын төлөвлөгөө биелэх дөхөж байна

Төмөртэйн ордыг завших хятадуудын төлөвлөгөө биелэх дөхөж байна

2012/04/04
 Төмөртэйн орд Монголын төмөрлөгийн томоохон нөөцүүдийн нэг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт оршдог. Төмөр замын сүлжээ, авто замын гол тэнхлэгт ойр оршдог энэ нөөцийг стратегийн ордын жагсаалтад багтаасан. Бодит нөөцийн хэмжээ 343 сая тонн, төмрийн хүдрийн агууламж нь 50 хувиас дээш. Хайгуулчдын баталснаар төмрийн хүдрийн хурдас нь 200 метр зузаан. Уул геологийн нөхцөл нь бусад ордыг бодвол ашиглахад хялбар, ил аргаар олборлоход тохиромжтой учраас олон улсад өндрөөр үнэлэгддэг.

Төмөртэйн ордод Монголын төр мэдлээ тогтоосон гэдэг ч энэ нь ёс төдий үйл ажиллагаа бололтой. Одоогийн байдлаар стратегийн энэ ордын эзэмшлийн газар нутгийг Шивээ-Овоогийнх шиг лиценз нэрээр хэсэгчлэн хуваажээ. Энэ хоёр талбай нь «Төмөртэй» хэмээх ордын ижил нэршилтэй бөгөөд «Эрдэс групп», «Хүдэр болд» гэх хоёр компани эзэмшдэг. "Хүдэр болд"  компанийн эзэмшиж буй MY 010811 тоот ашиглалтын лиценз хэдэн жилийн өмнө «И Ян Куан Ие» гэх Хятадын компанийн мэдэлд байжээ.

Орон нутгийнхны хэлж буйгаар дээрх Хятадын компани нэрээ монголчилж "Хүдэр болд" гэж нэрлэсэн бололтой. Харин «Эрдэс групп» гэх компанийн хувьд олборлосон төмрийн хүдрээ машинаар зөөдөг аж.

АМГ-ын мэдээллээс үзвэл энэ хоёр компанид Төмөртэйн ордыг ашиглах зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай буюу 2035-2036 он хүртэл өгчээ.Харин стратегийн ордоос сугаран үлдсэн 160 сая нөөцтэй Баянголын ордыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай «Болд төмөр Ерөө гол» компани эзэмшиж, хувийн төмөр замаараа төмрийн хүдрийг урагш нь зөөж байгаа. Энэ орд манай эрх баригчдад Оюу толгой, Таван толгойн хэмжээнд үнэлэгдэж, ард түмэнд хувь хишиг тараах хэмжээний том орд хэмээн тогтоогдож, стратегийн ордын жагсаалтад ороогүй. Гэтэл өнөөдөр эрх баригчдын жижиг хэмээн үзсэн Баянголын ордоос Дулаанхаан хүртэл 84 км төмөр зам тавьж, 2000-3000 вагон төмрийн хүдэр өдөр шөнөгүй урд хөрш рүү гарч байна. 60 жилийн түүхтэй Монгол, Орос хамтарсан «Улаанбаатар төмөр зам»-д ийм хүчин чадал байдаг гэвэл мөн л эргэлзмээр.

БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай «БЛТ» гэх компанийг монголчууд төдийлөн мэдэхгүй. Гэхдээ л улсын төсвийн хөрөнгөөр боссон. Харамсалтай нь энд «Хан Ресурс»-ынх шиг маргаан гараад буй. Өөрөөр хэлбэл Монголын Засгийн газар стратегийн орддоо эзэн суусныхаа төлөө олон улсын арбитрын шүүхэд дуудагдсан. Нэхэмжлэгч нь мөнөөх «БЛТ».

Хэргийн явцыг тодруулбал, Төмөртэйн ордыг стратегийн орд жагсаалтад оруулсантой холбоотойгоор "БЛТ" компанийн эзэмшиж  байсан байсан лицензийг төр 2006 онд буцаан авсан. Энэ талаар тухайн үед хэвлэлээр шуугиж байсан ч нэг их газар аваагүй гэхэд болно.

Хамгийн гол нь Монголын төр авсан лицензээ Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд шилжүүлсэн юм. «БЛТ» компани энэ үйл явдлыг Монгол, Хятадын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн гэж үзсэн байна. Одоо энэ маргаан таслагдахгүй байсаар, Монголын тал бусдыг хохироосон гэх нэрийг олон улсад үүрч явна.

Монголын төрийг юман чинээ тоогоогүй, шүүхийн өмнө зогсоож буй "БЛТ" компани Сэлэнгийн Төмөртэйн ордод 216 га талбай бүхий ашигт малтмал олборлох 939А тоот, Хустай-Уул ордын 940А тоот тусгай зөвшөөрөлтэй байжээ.

Гайхмаар нь тус компани дээрх зөвшөөрлийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Л.Надагдоржийн тусламжтайгаар авсан хэмээх яриа бий. Чингэхдээ, Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоолоор 1990 оны тавдугаар сард Хустай, Төмөртэйн ордуудыг нэгтгэн Дарханы төмөрлөгийн цехийн мэдэлд оруулж, 1995 он хүртэл улсын төс-вөөр хайгуул хийж, дээрх ордуудын нөөцийг тогтоо-жээ.

Гэвч 1997 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулиар уул уурхайн лицензийг дуртай нь авдаг болсон гэхэд хилсдэхгүй. Тухайн үед Дарханы тө-мөрлөгийн цехийн захирал асан Л.Нацагдорж дээрх лицензүүдийг «БЛТ» компанид шилжүүлсэн байдаг аж. Тэгэхэд БНХАУ-ын Хэлэмжан мужийн Олон улсын техник эдийн засгийн хамтын ажиллагааны ком-паниудын хамтарсан компанийн гишүүн Ли Шо Мин тус компанид хөрөнгө оруулснаар хамтарсан энэ компани үүсчээ. "БЛТ" гэдэг нь Л.Баярцогт, Л.Туяа, Ли Шон Мин гурвын нэрний эхний үсгээр нэрлэгдеэй гэдэг. Нөгөө талаар Төмөртэйн ордод стратегийн гэгдэх шинжүүд бий. Энд Монголын төр мэдлээ тогтоосон. Гэхдээ стратегийн орд улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таваас доошгүй хувийг үйлдвэрлэх ёстой гэх заалт хэрэгждэг эсэх нь тодорхойгүй болчихлоо.

Өдгөө олон улсад төмрийн эрэлт 50-60 хувиар нэмэгдэж, зөвхөн хүдрийн үнэлгээ тонн нь 140.5 ам.доллар болжээ. Энэ зах зээлийн гол тоглогч нь Хятад улс. Тиймээс Монгол Улсын хувьд төмрийн хүдрийн хамгийн том худалдан авагч нь урд хөрш гэсэн үг. Гэхдээ яг үнэндээ хятадууд манайхаас төмөр авдаг ч ямар замаар, хэрхэн гаргадаг нь эргэлзээ төрүүлэм ажээ.

Г.Амартүвшин
Эх сурвалж: "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш