logo
Хөтөлбөрт хамрагдсан орон сууцны үнийг буулгана

Хөтөлбөрт хамрагдсан орон сууцны үнийг буулгана

2012/04/11
ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж «100 мянган айлын орон сууц» хөтөлбөрт хамрагдсан орон сууцны м/кв-ийн үнийг 980-1.1 сая төгрөг болгох шийдвэр гаргасан тухай мэдээ тус яамны цахим хуудсанд гарчээ.
Харин салбарын мэргэжилтнээс энэ тухай тодруулахад, «энэ шийдвэр одоогоор албан ёсоор гараагүй ч «100 мянган айлын орон сууц» хөтөлбөрийг хэрэгжүүлж буй харьяа агентлаг ОССК, Газрын харилцаа, барилга геодези, зурагзүйн газар, барилгын компаниуд хооронд байгуулах гурвалсан гэрээнд иймэрхүү асуудлыг тусгаж өгөх талаар ярьж байгаа юм бий. Хамгийн гол нь дээрх хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлээд буй барилгын компаниудад орон сууцны м/кв-ийн үнэ тогтоож өгөх боломж тун хомс, тийм боломж ч бараг үгүй юм. Гэвч үнийн асуудлыг гэрээнд маш нарийн тусгах зүй ёсны шаардлага байгаа» гэлээ.
Гэхдээ ЗТБХЯ, ОССК, Газрын харилцаа, барилга геодези, зурагзүйн газар болон «Монголын ахмад барилгачдын холбоо»-оос хамтран зохион байгуулсан «Шинэ бүтээн байгуулалт ба барилгын салбар» сэдэвт хэлэлцүүлгийн үеэр салбарын сайд нь дээрх үнийн талаар хэлсэн нь тэнгэрт хадсан орон сууцны үнийг анхааралдаа авч нэг алхам хийх бололтой.
Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргасан нь «байгаа оносон» ажил болохгүй байна гэж иргэд хэлэх болсон. Тэртэй тэргүй гэрлийн хурдаар өсч байгаа барилгын үнэ «100 мянган айлын орон сууц» хөтөлбөрийн анхан шатны ажил эхэлсэн даруйд дахин багагүй нэмэгдсэн нь орон сууц идэвхитэй хайж байгаа иргэдийн бухимдлыг нэмж байгаа юм.
Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн «100 мянган айлын орон сууц» хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ ОССК-д ирүүлсэн барилгын компаниудын байрны үнэ 1.4-2.2 сая байгаа нь бага дунд орлоготой иргэдэд зориулсан биш, харин ч «багагүй орлоготой иргэдэд зориулсан хөтөлбөр болох нь» хэмээн дүгнэхэд хүргээд байгаа нь нууц биш. Харин уг хөтөлбөрөөр дамжуулан илүү их ашиг орлого олох гэсэн барилгын бизнес эрхлэгчдийн хязгааргүй ашиг сонирхлыг хязгаарлах цагаа олсон шийдвэр яг өнөөдөр хэрэгтэй байна.
ОССК-ийн барьж байгаа «Буянт-Ухаа» цогцолборт хийсэн судалгаагаар гүйцэтгэгчийн ашиг болон бусад зардлаа тооцож үзэхэд м/кв-ийнх нь үнэ 850 мянган төгрөг байна гэсэн тооцоо гарчээ. Барилгын компаниудын зардал харилцан адилгүй ч салбарын сайдын амласан үнэ бодитой болох боломж бүрэн бий. Нэг ёсондоо орон сууцны м/кв-ийн үнэ 980.0-1.1 сая төгрөг байх нь амьдралаас тасархай тооцоо биш. Хамгийн гол нь дээрх хөтөлбөрт хамрагдаж буй барилгын компаниудын ашиг сонирхолд энэ үнэ нийцэхгүй байх магадлалтай. Эрэлт хэрэгцээгээ дагаад нэгэнт өсөөд эхэлсэн үнийг энэ хэмжээнд барих нь барилгын бизнес эрхлэгчдийн хувьд хэцүү даваа байж болох. Гэвч дээрх үнийг барилгын хамгийн чухал 550 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд хийсэн судалгаан дээр үндэслэн индексжүүлж тогтоосон аж. Харин үүнд газар болон дэд бүтцийн өртөг зардал орсон эсэх нь тодорхой биш байна. Уг нь хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Ц.Дашдорж сайд мэдээлэл хийхдээ шинээр баригдах орон сууц хорооллын дэд бүтэц газрын асуудлыг төрөөс бодлогын хэмжээнд шийдэж өгөх тохиолдолд тухайн орон сууцны үнийг тодорхой хэмжээнд барих боломжтой гэж хэлж байсан удаатай.
ЗТБХБ-ын сайдын хэлснээр 980.0-1.1 сая төгрөг гэсэн үнийн шаардлагыг зөвшөөрөх барилгын компаниуд Газрын харилцаа, барилга геодези, зурагзүйн газартай гэрээ байгуулах бөгөөд үнэ хөөрөгдөж байгаа болон өндөр үнэ санал болгож буй компаниудыг «100 мянган айлын орон сууц» хөтөлбөрт хамруулахгүй гэж төлөвлөж байгаа аж. Хэдийгээр энэ нь хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэдийн хувьд сайн мэдээ ч бодитой ажил болох эсэхэд эргэлзэх нь мэдээж.
Юутай ч салбарын сайд нь ийнхүү мэдэгдсэн, гурвалсан гэрээнд тусгах магадлалтай үнийн мэдээллээс үзэхэд нааштай үр дүнд хүрэх найдвар байна.

Г.Урантуяа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш