logo
Амьтдад нинжин сэтгэлээр хандах тухай хүртэл шинэ заалт оруулжээ

Амьтдад нинжин сэтгэлээр хандах тухай хүртэл шинэ заалт оруулжээ

2012/04/12
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Агаарын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн төсөл, Амьтны тухай хуулийн төсөл гэсэн таван хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хуралдааныг байнгын хорооны дарга Д.Балдан-Очир удирдан явуулсан бөгөөд гишүүд нэлээд ирц сайтай оролцлоо. Эхлээд Байгаль орчны багц хуулийн төслүүд дээр ажилласан Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Гансүх мэдээлэл хийж, хуулийн төслүүдийн талаар товч танилцуулга хийсэн. Тэрээр мөн эдгээр хуулийг боловсруулахад дэд ажлын хэсгийн үүрэг, оролцоо их байсныг тэмдэглэж байв. Хуралдаанд Ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн гишүүд, БОАЖ-ын яамны холбогдох ажилтнууд, байгаль орчны болон бусад холбогдох мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагын ажилтнууд, эрдэмтэд ирж оролцлоо. Түүнчлэн тус салбарын яамны сайд Д.Цогтбаатар хүрэлцэн ирж, гишүүдийн асуултад хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний байдлын талаар зарим нарийвчилсан санал өмнө нь гаргаж байсныг хэлэлцүүлгийн тэмдэглэл маягаар хавсарган оруулж ирсэн талаар хуралдааны үеэр хэлж байсан бол УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, байгалийн нөөц ашигласан төлбөрийн тухай тодруулсан юм. Тэрээр, энэ төлбөрийг одоогоор өөр зүйлд зарцуулаад байгаа юм. Шинэ хуулиар жинхэнэ зөв чиглэлд нь л зарцуулах хэрэгтэй байна гээд, чухам үүнийг тодорхой гаргаж ирсэн ямар зүйл заалт хуулинд байна вэ гэсэн юм.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Гансүх үүнд хариулахдаа, энд бол 5 төрлийн орлогоос нэгтгэн төлбөр гарах юм. Доод хэмжээнээс дээш зориулалтаар нь ойд, амьтан, ургамал, газарт нь яг нарийвчлан орлогыг зохицуулж тусгасан байгаа гэсэн.
Харин УИХ-ын гишүүн Н.Ганбямба, байгаль хамгаалахад хамгийн зохимжтой хэлбэр бол нутгийн иргэдээр хамгаалуулах явдал гээд, орлогыг нь ч тэрхүү нөхөрлөлд өгөх явдлыг зөв гэж хэлсэн. Тэрээр энэ тал дээр механизм сайтай байхгүй бол хэрэгжилтэд олигтой нөлөө үзүүлэх эсэх дээр саналаа хэлж байлаа.
УИХ-ын гишүүн Р.Буд хэлэхдээ, байгаль орчны үнэлгээний хуулийн биелэлтийг хамруулах тал дээр ямар байдлаар хуулинд тусгав, мөн хяналт тавьж байгаа байгууллага нь ямар байх вэ гэсэн бөгөөд уул уурхайгаас болоод байгаль, орчин их гэмтэж байгаа нь ойлгомжтой энэ үед дэд бүтэцгүй л бол хуулийг хэрэгжүүлэх боломж харагдахгүй гэсэн санаагаар тэгж үзэх заалт байна уу хэмээн тодруулсан юм. Мөн нөхөн төлбөрийн асуудлыг яг бодитойгоор тооцож чадсан эсэхийг тэрээр сонирхсон. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Гансүхийн хариулснаар бол, стратегийн үнэлгээ гэдэг нэлээд чухал заалтыг хуулийн төсөлд оруулж өгчээ. Энэ нь өмнөх хуучинсаг байдлыг халсан гэж тэр үзжээ. Нөхөн төлбөрийн тухайд хамгийн наад захын жишээ гэвэл, Амьтны тухай хуульд гэхэд л амьтдад нинжин сэтгэлээр хандах талаар урьд өмнө байгаагүй цоо шинэ заалт хүртэл оруулснаа дурдсан. Дэлхий дахины жишиг ч тийм байгааг тэрээр хэлж байв.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл гэр хорооллын айл өрхүүдийн дулаан болон бохирын шугам сүлжээний асуудлыг хөндсөн юм. Учир нь, энэ талаар Монгол Улсын Үндсэн хуульд ч заасан байгааг хэлж, /ҮХ-ийн 16,2 болон 19,1-д заасан/ асуудлыг хөрсний бохирдлын байдалтай холбон ярьсан. Тэрээр, шинээр орж ирсэн та бүхний энэ шинэчилсэн хуулиудад хөрсний бохирдлын тухай ер дурсаагүй байна. Инженерийн байгууламжийн тухай миний яриад байгаа энэ зүйл бол Байгаль орчны хувьд бодлогын хэмжээний асуудал юм шүү дээ. Харин Зам тээвэр, барилга хот байгуулалтынхан бол хэрэгжүүлэлтийг нь хариуцах учиртай. Жишээ хэлье, манай улсын 726 мянган өрхийн 157 мянга нь л цэвэр, бохир усны сүлжээнд холбогдсон байр сууцанд амьдардаг гэсэн тоо байна. Гэтэл үүний 80 хувь чинь тэр чигээрээ гадаа “хүндэрч”, галаа түлж амьдарч байгаа юм. Энэ хэрээрээ байгаль орчин, агаар, хөрс бохирдож байхад ямар юмных нь байгаль орчин хамгаалах тухай ярих вэ дээ гэж байлаа. Тэрээр ажлын хэсгийн болон холбогдох хууль боловсруулсан нөхдөөс яагаад энэ асуудал хуулинд ийм тааруухан тусав аа гэдгийг онцлон асууж байсан. Түүнчлэн Э.Бат-Үүл гишүүн сүүлийн үед, манай яамд ашигт малтмалтай холбоо бүхий асуудалд хамтрах, холбогдох сонирхол нь илт болсон гэдгийг дурдаад, энд оруулж ирсэн хуулийн төслүүдээс харахад ч энэ байдал илэрхий гэсэн юм. Түүний хэлснээр, Австралийн туршлагаас харахад байгаль орчныг сэргээх мөнгө гаргахыг банкнаас шаардаж, өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчдыг барьцаанд авдаг тийм эрхийг нь хуулиндаа суулгаж өгдөг гэнэ. Ингэж чадсан нөхцөлд хөрөнгө оруулагч болон банктай хариуцлага тооцдог тул тухайн банк байгаль орчны үнэлгээ хийх болон хяналтыг чанга тавих зэргээр өөрсдөө асуудалд нэн анхааралтай ханддаг хэмээн гишүүн ярилаа. Э.Бат-Үүл гишүүн иймэрхүү төрлийн нөхцлийг хуулинд тусгах ямар боломж буйг хуралдааны үеэр ажлын хэсгийнхэнтэй зөвлөлдөж байсан.
Тэрээр мөн Европын орнууд нийтийн орон сууцнаас татгалзаж, айл өрхүүд нь хувийн сууцанд амьдрах явдал их байгааг дуулгаад, тэрхүү амины сууцныхаа дээвэр дээр нарны зай суурилуулж, цахилгаан гаргадаг болсон, илүү цахилгаанаа улсдаа худалдаж амьдардаг жишиг байна, гэтэл бид бүтээн байгуулалт нэрээр нийслэл хотоо улам нягтруулж байгаа. Энэ бол хотоо улам бохирдуулж байгаа л нэг хэлбэр, ингэхээр байгаль орчны талаас нь үүнд анхаарлаа хандуулах гэсэн утгаар нь ярьж хэллээ гэж байлаа.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Б.Бат-Эрдэнэ нар ч мөн асуулт асууж, тодруулга хүсч, үг хэлж байсан.
Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа хэлэлцэхээр оруулж ирсэн дээрх таван хууль тус бүрээр Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол болон найруулгын шинжтэй засварууд, зарчмын шинжтэй саналуудыг багцлан Байнгын хорооны дарга гишүүдээр санал хураалгахад бүгд дэмжигдсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш