Манайд ардчилал цэцэглэж, хүний эрхийг дээдлэх болсон өнөө үед, намайг хууль ёсноос гадуур дур мэдэн цээрлүүлж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн нэгэн хүний тухай гомдол мэдүүлэхийн өмнө, өөрийнхөө гэм бурууг илчлэхээс аргагүй боллоо. Өөрийн сайн дураараа хэргээ илчилсэн хүнийг ял шийтгэлээс хөнгөрүүлж, харж үздэг ёс хэвээрээ биз дээ... Би гэдэг хүн аргагүйн эрхэнд төлөг борлон ч болтугай шоглох санаатай, төвөөс зайдуухан гэмгүй царайлан ангуучилж явлаа. Тэгтэл аюулын эр хар суран чөдөртэй, гэмгүй тарган аранзал зээрд морь үдшийн бүрийгээр идээшилж яваатай таарлаа. “Үүнийг чинь хөтөлж аваачаад тогоо тосолдог хэрэг ээ” гэж бодоод хөлд нь суутал хоёр гар наалдчихаад салдаггүй ээ. Би морины хөлд явган суусан чигээрээ явахад нь дагаж мөлхсөөр, зогсоход нь түр амсхийсээр морины хөлөөс чирэгдэж үүр цайлгав. Өвдөгний арьс зулгарч улаан нялга болоод зогсоогүй ууц нуруу чилж өвдөн тасрах шахаж, үзээгүй юмаа үзэж үхэхийн даваан дээр нар хөөрсөн хойно морины эзэн ирээд,
-Чи хө, морь идүүлэхгүй, яагаад морины хөлөөс зүүгдээд байгаа юм бэ? Гэж намайг зандарч байна. Би:
-Чөдрийг нь тайлах гэтэл гар наалдчихаад... гэж хамаг үнэнээ хэлэв. Гар ч салав. Морины эзэн өөрийгөө:
-Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Дорж гуайд туслахаар Хөвсгөлөөс ирсэн шидэт зайран гэж танилцуулаад,
-Дахиад хулгайд гэтвэл үү! Сайхан мэдээрэй чи... гэж занаж сүрдүүлэн миний ам өчгийг аваад морио унаад явчихсан юм. Түүнээс хойш хэд хоногийн дараа хотын захад эзэнгүй бэлчиж яваа, гурван цүлхэгэр үнээг хараад би тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ тууж ирээд хашаандаа оруулаад, гэртээ орон хутгаа хурцалж сүхээ ирлээд гарч ирвэл, нөгөө шидэт зайран чинь хашаан дотор зогсож байнаа. Тэрбээр:
-Чи хашраагүй л байна уу? Одоо чамайг хар хэрээ болгоно гээд над руу атга шороо цацлаа. Би тэр дороо л хэрээ болж хувирав. Ухаан санаа хүн хэвээрээ ч ахуй дүр минь хэрээ болжээ.
Үзээгүй юмаа ч үзэж эхэллээ дээ. Тэгээд хоол эрж, хог тонших хар хэрээнүүдтэй нийлэн үхсэн нохойны нүдийг ухаж идэн голоо зогоогоод, нар жаргах үөд хэрээнүүд Богд хан уулын зүг үүрэндээ очихоор нисэн одохуйд, би гэрээ бараадан ирж үхрийн саравчинд хоргодон хоноод өглөө нь хог руу ниснэ. Ийм байдалтай хориод хонож байтал миний өрөөсөн дугуй Гонжоон манайд яваад орчихов. Би гэрийнхээ тоонон дээрээ суугаад сэмхэн харвал, Гонжоон авгайтай минь өвөртөө ороод хэвтлээ. Тэр хоёрын эрхэлж аяглаж байгаа нь тэсэж байхын арга алга.
Даанчиг би хэрээ болчихсон юм чинь яах вэ дээ. Дэмий л чанга чанга гуагаллаа. Тэгтэл Гонжоон:
-Энэ муу хар хэрээ тоонон дээр яагаад гуагалав. Нөгөө муу Гоохой арай үхэж бид хоёрыг жаргаах юм биш байгаа даа ? гэж байна. Авгай болохоор:
-Гоохой тийм амархан үхэж далд орохгүй ээ. Тэр нэг газар хулгай хиймэглээд л явж байгаа биз. Энэ хэрээ янз нь Гоохойг ирж явна гэж чи бид хоёрт анхааруулж байгаа байх аа. Миний хайрт ингэс гээд явна байгаа гэж байна. Гонжоон, авгайтай минь жаргалаа эдэлж ханаад явахдаа хамар хашааны Должин эмгэний ганц үнээг хөтлөөд явлаа шүү. Би Гонжооноос өшөөгөө авахын тулд дүүргийн цагдаагийн албаны гадаа очиж хамгийн чангаар гуаглав. Тэгтэл нөгөө шидэт Зайран гэнэт миний хажууд ирээд,
-Чи юу гэж бархираад байгаа юм бэ? гээд шороо цацсанд би хүн дүрсэндээ буцаж оров. Цагдаа нар ч шуурхай хөдөлж үхрийн нугасан дээр хутга тавьж байхад нь Гонжооныг баривчлан миний бах тавыг ганц сайхан хангаж өгөв. Шидэт Зайран:
-Чи засарч магадгүй нь ээ. Яаралтай ирж чухал мэдээ өгсний чинь төлөө чамайг хүн дүрстэй чинь үлдээе. Харин чи бидэнд малын хулгайч нарын талаар энэ мэт мэдээлэл өгч байгаарай гэв. Би хүн хэвээрээ үлдэхийн тулд цагдаагийн газрын мэдээлэгч болохыг наанаа зөвшөөрснөөс биш цаанаа бол зөвшөөрөөгүй л дээ. Хэрэв би мэдээлэгч болчихвол Монголын малын хулгайчдын холбооны ерөнхийлөгчөөс нь эхлээд бүх хулгайчдыг таньж мэдэх юм чинь. Бүгдийг бариад өгчихнө шүү дээ. Би тэгж мэргэжил нэгтнээ барьж өгөх хуншгүй эр биш ээ. Харин Гонжооны хувьд бол хохь нь.
Хүний эрхийг зөрчиж намайг хэрээ болгон доромжилсон тэр муу шидэт Зайранг л цээрлүүлж өг. Би муу ч гэсэн эрхээ эдэлдэг хүн шүү дээ.
Б.Пүрэвсүрэн