logo
CNN агентлаг Өвөр Монголын талаар мэдээлжээ

CNN агентлаг Өвөр Монголын талаар мэдээлжээ

2012/04/20
Өвөр Монголчуудын хувьд хөөмий болон ардын урлаг олон мянган жилийн түүхтэй. Хөөмийний аялгуу нь Өвөр Монголчуудын тал нутагт зохилдсон өвөрмөц аялгуутай байдаг. Өөрөөр хэлбэл тэдний нүүдлийн соёл иргэншилд тохирсон юм. Гэтэл Хятадууд хөөмийг өөрсдийнхөө соёлын нэг хэсэг гэж үзэн ЮНЕСКО-д бүртгүүлсэн нь Өвөр Монголчуудын дургүйцэл, эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Өвөр Монголын дуучин Нарс, хөөмий бол Монголчуудын эртний уламжлалт урлаг. Тиймээс Монголчуудад хамаарах ёстой хэмээлээ. Өвөр Монголчууд хөөмий, ардын урлагаас гадна Хятадын Хань үндэстнүүдтэй газар нутгийн маргаан хийдэг болоод байгаа. Дундадчууд Өвөр Монголын мал бэлчээдэг тал газар нутагт ихээр ирэн суурьшиж байгаа нь тэдний дургүйг хүргэж буй юм. Монголчууд уг нь Дундад улсыг олон зуун жил эзэрхэж сууж байсан. Монголчууд Зүүн Европоос Өмнөд Хятад хүртэл үргэлжилсэн дэлхийн хамгийн том газар нутагтай их гүрнийг байгуулж байв. Харин Монголын эзэнт гүрэн суларсны дараа Хятадын Мин болон Манжийн Чин гүрэн аажмаар Өвөр Монголын газар нутгийг өөртөө нэгтгэж, одоо Өвөр Монгол нэртэйгээр цөөн Монголчууд Хятадын хилийн дээсэн дотор амьдарч байна. Өнөөдөр 20 гаруй сая хүн амтай ӨМӨЗО-ны дөнгөж 1/5 нь Өвөр Монголчууд юм. Цөөн Монголчууд тэдний хэл ус, соёл, ардын урлаг устаж үгүй болох вий гэдэгт санаа зовж байна. Дуучин Нарсын ярьж байгаагаар Өвөр Монголын соёлтой зэрэгцээд маш олон өөр соёл зэрэгцэн оршиж байна. Эдгээр соёлууд бие биеэ давамгайлах гэж өрсөлддөг. Тиймөөс Цөөн Монголын соёл эдгээрт уусах вий гэдэгт болгоомжилж явдаг байна. ӨМӨЗО-ны нийслэл Хөх Хотод Хятадын соёл Өвөр Монголын соёлыг давамгайлж байгаа дүр зурагтай байна. Засгийн газар Өвөр Монголыг хөгжүүлж, орчин үеийн аж үйлдвэржсэн бүс нутаг болгох төлөвлөгөө гаргаж, Хань үндэстнүүдийг урамшуулж, дэмжиж байгаа нь Хятад хүн ихсэхэд нөлөөлж байна. Хань үндэстнүүд ч Засгийн газрын дэмжлэгтэйгээр Хөх хотод ихээр суурьшиж эхэлжээ. Хөх хотын оршин суугч Баочены яриагаар хэдэн жилийн өмнө Өвөр Монголчууд үндэснийхээ дээл хувцсыг өмсөж, нүүдлийн хэв маягаар амьдардаг байсан. Харин сүүлийн хэдэн жилд хот суурин нэмэгдэж нүүдлийн иргэншил суурин болж хувирчээ. Гэсэн ч тэрээр олон зуун жил эдэлж хэрэглэж ирсэн уламжлалт эдлэл, эмээл, хазаар, Монгол гутал зэргийг хадгалсаар байдаг. Дундадын эрх баригчид улсаас татаас өгч малчдыг нүүлгэн шилжүүлж, малын бэлчээрийг хот суурин болгож байна. Тэд мал ихээр байх нь хөрс газрыг талхалж байна гэж үзэж байгаа юм байна. Харин Өвөр Монголчууд уул уурхай ихээр нэмэгдэж, мал бэлчээх газаргүй болж байгааг эсэргүүцсэн тэмцсээр байгаа юм. Засгийн газрын том том хөрөнгө оруулалтаар малын бэлчээрийг эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа нь нүүдлийн иргэншил бараг устахад хүргээд байгаа юм. Энэ зөрчил өнгөрсөн жил хурцдаж, Хятад жолооч газар шороогоо хамгаалан тэмцэж байсан Өвөр Монгол залууг дайрч алсны дараа Өвөр Монголын хэд хэдэн хотод эсэргүүцлийн цуглаан болсон. Гэсэн ч Дундадын эрх баригчид цуглааныг хүч хэрэглэн дарсан. Бүх хэвлэл мэдээллийг хаасан учир яг юу болсон, хэдэн хүн гэмтэж бэртсэн, амиа алдсан, баривчлагдсан нь дэлхий дахинд мэдэгдээгүй өнгөрсөн юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар одоог болтол хэд хэдэн хүн сураггүй хэвээр байгаа юм. Монгол малчид Хятадын эрх баригчдын шаардлагын дагуу Хань үндэстэнтэй учраа олж зэрэгцэн амьдрахаас өөр аргагүй болж байна. Зарим Өвөр Монголчууд хувь заяандаа эвлэрчээ. 
Shuum.mn                
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш