logo
Холдож ойртох зэрэглээ /өгүүллэг/

Холдож ойртох зэрэглээ /өгүүллэг/

2012/04/28
Тэмээтэй хүн их л холыг зорив бололтой, яаруухан шогшуулна. Хавар цагийн хавсаргат өдрийг ажирсан нь огт үгүй. Өглөөнөөс хойш говийн уулнаас манан өндийсөнгүй. Урьд шөнө цас хаялж хоносных уу, цэхэлзүүр салхин ирж, буцна.

Тэмээтэй шогшуулж яваа хүнийг Сухантын голын давжаа биет Дэрэм гэнэ. Дэрэм дунд эргэм настай. Цагтаа хот хүрээгээр явж, амьдрал үзсэн нэгэн ч насныхаа ихэнхийг хөдөө газарт өнгөрүүлсэн хүн. Одоо цагт нүүдэл сэлгэхэд л морь, тэмээ гэхээс биш сум суурингийн хооронд хурдан түргэн унаагаар давхиулж явдаг түүнийг өглөө эртийн дагт ингэж шогшуулж яваад эхнэр Дулам нь хүртэл гайхаж хоцорсон. Дэрэмийг хэдэнтээ дов толгод давахуй доор сая үүл, мананг халхлан наран мандлаа.

-Хотоос ирээд хэд хонолоо. Маргааш буцах нь. Ирж уулзвал сайн сан... гэж учир битүүлэг хэл сураг Дэрэмд ирсэн. Залуу цагтаа ханилан сууж байсан Жагдалаас ирсэн үг болохыг Дэрэм ч мэдлээ... Эхнэртээ “Маргааш өлгөө Жамц гуайн хотоор буугаад ирдэг юм уу” гэхэд тэр за ч гэсэнгүй, яах нь вэ ч гэсэнгүй.

Дэрэм явах замдаа: “Дулам цаанаа жаахан дургүй л байна. Түүний зөв л дөө. Гэсэн ч хоёрын хоёр өөрөөс минь тасарсан үрээ би чинь заримдаа яаж шүү явдаг бол доо гээд сэтгэл зовниж, олон жилийг үдлээ. Жагдал хүүхэн цагтаа намайг ингэж гуйхгүй юм шиг, нэг хар юм дагуулж ирчихээд шууд л яв гэсэн биш билүү? Би тэр айлд илүүдээд байгаагаа мэдээд бушуухан нутагт суугаа буурал ээждээ ирсэн. Санаанаас гарахгүй хоёр хөөрхөн хүүхдээ олон хоног, олон жилээр үгүйлсэн дээ. Харин Дулам минь хүний хайлан байж, надтай учирсан. Одоо Дэрэмийнх үртэй бол үртэй, хөрөнгөтэй бол хөрөнгөтэй айл... гэж цээжиндээ бодовч, цэлэлзэх хөх салхи хөмсгөнд нь ирсэнд түүнийг цааргалах шиг бурантаг барьсан гараараа нүүрээ шударлаа. Түүний ганзаганд юу ч алга. Харин хөөрөгнийх нь дайланд эхнэртээ аашлуулан байж авч хийсэн хэдэн янчаан л бий...

Жагдал бид хоёр хорин жил уулзаагүй юм байна шүү. Энэ хүүхэн яахав дээ. Хоёр хүүхэд минь... гэж бодож явтал холуур алсарсан замаар хөнгөн тэрэг давхиж явааг харсан Дэрэм бурантаг татан зог туслаа.

-Тэр явчихаа юу... Тэгж таарлаа... За яахав Дэрэм харих гэр оронтой, угтах хүнтэй нэгэн гэж омогшин бодлоо.

Тоостой замыг алсруулж, бор гэрийнх нь барааг ойртуулан байгаа зэрэглээн дунд үлдэж хоцорлоо. Түүний сэтгэлд гэнэт гэгээ татах нь тэр. Дулам намайг Жагдалтай уулзсангүй очиход сэтгэл нь хиргүй тунгалаг байх хойно гэж бодоод гэрийн зүг эргэлээ.

Г.Болормаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш