logo
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт

2012/05/03
ШИНЭ ДУУ ХООЛОЙ: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөнд хувь нэмэр оруулах нь

-Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдрийг тохиолдуулан гаргасан НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Бан Ги Мүн, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова нарын хамтарсан илгээлт-

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө бол бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй эрхийн нэг билээ. Энэ нь өөр бусад олон эрх чөлөөг хангахад чухал төдийгүй бид бүхний эрхэм чанарын үндэс суурь байдаг. Чөлөөт, олон ургальч, хараат бус хэвлэл мэдээлэл бол энэ эрхийг хэрэгжүүлэх үндэс мөн. Энэ бол Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн илгээлт билээ.
Хэвлэлийн эрх чөлөө нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 19 дүгээр зүйлд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүйгээр баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана” хэмээн заасныг хэрэгжүүлдэг. Иймд дээрх эрх чөлөө нь эрүүл саруул, эрч хүчтэй нийгмийг цогцлоох үндэс юм.
Арабын ертөнцөд гарч байгаа өөрчлөлтүүд нь хуучин хэвлэл мэдээллийг орчин үеийнхтэй хослуулж чадсанаар эрх чөлөөнд тэмүүлэх эрмэлзэл ямар хүчтэйг харуулж байна. Орчин үеийн хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь ил тод байдал, хариуцлагыг сайжруулснаар нийгмийг өөрчлөх боломж олгож байна. Энэ нь бие биетэйгээ харилцах, мэдлэг, мэдээллээ хуваалцах шинэ арга замуудыг нээж байгаа юм. Урьд өмнө нь сонсогддоггүй байсан залуу үеийнхний дуу хоолой өнөөдөр улам хүчтэй болж байна. Ийм ч учраас энэ жилийн Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдрийг “ШИНЭ ДУУ ХООЛОЙ: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөнд хувь нэмэр оруулах нь“ сэдвийн дор зохион байгуулж байгаа юм. .
Хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь дэлхий даяар маш их дарамт шахалттай тулгардаг. ЮНЕСКО өнгөрсөн жил ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан 62 сэтгүүлчийн төлөө гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлсэн. Эдгээр сэтгүүлчийг мартаж үл болох бөгөөд ийм хэргүүдэд шийтгэл оноолгүй өнгөрөх ёсгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахим хэлбэрт шилжсэнээр олон онлайн сэтгүүлчид, мөн блогчид сүрдүүлэг, халдлагад өртөж, амь насаа алдахад хүрч байна. Тэд уламжлалт хэвлэл мэдээллийн ажилтнуудтай ижил түвшинд хамгаалагдах ёстой.
2011 оны 9 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Сэтгүүлчдийн аюулгүй байдал, гэмт этгээд нь шийтгэгдээгүй хоцрох асуудлаарх НҮБ-ын агентлаг хоорондын анхдугаар уулзалт зохион байгуулагдсан билээ. Бид дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын илүү чөлөөтэй, аюулгүй орчныг бий болгох НҮБ-ын Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсрууллаа. Үүний зэрэгцээ, бид чөлөөт, олон ургальч, хараат бус хэвлэл мэдээллийн эрх зүйн үндсийг бэхжүүлэх ажлаа үргэлжүүлэх болно. Ялангуяа өөрчлөлт хийгдэж буй, мөн зөрчилдөөний дараа сэргээн босголт явагдаж буй улс орнуудад анхаарах болно. Мэдээллийн хэт ачаалалтай өнөө үед залуучуудыг шүүмжлэх чадвартай болгох, мөн хэвлэл мэдээллийн суурь боловсрол олгоход бид туслах ёстой.
Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг урагшлуулахын төлөө тэмцэлд тугаа мандуулах бидний боломж юм. Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмуудын дагуу хаана ч гэсэн улс орнуудын мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага болон төрийн бус байгууллагуудыг цахим болон цахим бус хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжихийн төлөө НҮБ-тай хүчээ нэгтгэхийг Гишүүн орнууддаа уриалж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш