Хятадын хараагүй тэрс зүэлтэн гэгддэг эрх чөлөөний төлөө тэмцэгч Ченгуэн Чен өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Түүний өмнө Чончин хотын коммунист намын дарга асан Бо Шилай хүн амины болон авлигын хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан. Хятадын улс төрд юу ер нь болоод байнаа? Хятадын коммунист намын удирдлагууд солигдохын өмнө улс төр их халдаг ч энэ удаагийнх шиг халж байсангүй. Хятадын коммунист нам (ХКН) анх байгуулагдаж байсан шиг улс төрийн нам гэхээсээ илүүтэйгээр технократ буюу эдийн засаг, технологи, инженерийн асуудал бодлого баримталсан хүмүүсийн нэгдэл болж хувирсан. Коммунист эрх баригчид Дундад улсын цаашдын хөгжил, эдийн засгийн удаан хугацааны хөтөлбөр гаргаж байгаа. Одоогийн Дундад улсын эдийн засгийн бодлогыг Ден Сяо Пин 1970-аад онд тодорхойлсон. Удаан үргэлжилсэн иргэний дайнд буюу 1949 онд коммунистууд ялсан. Анхны лидерүүд нь хувьсгалчид, цэргийн өндөр албан тушаалтнууд байсан. Тэд коммунист улс төрийн бодлого чиг баримжааг тунхаглаж байсан. Энэ үеэр Мао Зедун коммунист намын лидерээр тодорч үсрэлтийн бодлого, соёлын хувьсгал зэргийг эхлүүлж, үүнийхээ хажуугаар улс төрийн өрсөлдөгчдөө дарж авсан. Үр дүнд нь олон хүн ий амьдрал орвонгоороо эргэж байсан ч Мао хэмжээлшгүй эрх мэдэлтэй болсон. Гэхдээ нэг мэдэхэд Дундад улс хийж бүтээхээс илүүтэйгээр улс төрийн хэт солиоролд автсан байсан. Харин Дэн Сяопин 1970-аад онд засгийн эрхэнд гарч улс төрийн хэт солиорлыг зогсоож, илүү ард иргэд, улс оронд наалдацтай эдийн засгийн бодлого хэрэгжүүлж эхэлснээр одоогийн хүчирхэг Хятад улс босч ирсэн юм. Дэн Сяопин коммунист намыг хий хоосон хувьсгалч, улс төрчид бус харин технократ буюу шинжлэх ухаан, инженер, техник технологийн чиглэлээр мэргэжсэн хүмүүсээр бүрдүүлж эхэлсэн. 1985 онд Коммунист намд маш том халаа сэлгээ болж, гишүүдийг голдуу их дээд сургууль төгссөн нас залуу хүмүүс бүрдүүлэх болсон. Өөрөөр хэлбэл Хятадыг удирдаж байгаа намын гишүүд бараг бүгдээрээ инженер техникийн ажилчид болсон байв. Коммунист намын анхны гишүүдийг ажилчин, тариачин, цэргийнхэн бүрдүүлж байсан бол харин одоо нийгэмдээ боловсрол мэдлэгээрээ тэргүүлсэн элит гаралтай хүмүүс бүрдүүлж байна. Хятадын Коммунист нам (ХКН) одоо хамгийн элит гаралтай хүмүүсээс бүрдсэн дэлхий дээрх хамгийн том байгууллага болж хувираад байна. Өнгөрсөн 20 жилд Хятад нь улс орон гэхээсээ илүүтэйгээр компани шиг үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Нэг мэдсэн чинь Хятадад бодлого тодорхойлдог улс төрч хэрэгтэй болсон. Өөрөөр хэлбэл дан ганц технократууд улс орныг удирдаж болдоггүй. Баг ч болов бодлого тодорхойлдог барууны эсвэл зүүний чиг баримжаатай улс төрчид байх хэрэгтэй гэдэг нь нийгэмд аяндаа мэдрэгдэж эхэлсэн. Шинжээчдийн үзэж байгаагаар Бо Шилай үүнийг эртнээс харсан. Тэрээр нэр хүндтэй, хурц дайчин үг хэллэгтэй, бодлого ярьдаг. Тэрээр мөн Хятадын улс төрийн түүхэн дэх анхны гэж хэлж болох зүүний буюу илүү нийгмийн чиг баримжаатай улс төрч болж гарч ирсэн. Бо Шилай 1989 оны ардчилсан өөрчлөлтийн төлөөх оюутнуудын бослого гарснаас хойш Коммунист намд өөрчлөлт шинэчлэлтийн салхи оруулсан анхны улс төрч болж байна. Хятад улс цаашид улс төрийн чиг баримжаатай улс болох уу эсвэл технократуудаас бүрдсэн эрх баригчидтай улс болохуу гэдэг сонголтон дээр ирээд байна. Хятад улс сүүлийн хэдэн жилд маш их өөрчлөгдөж байна. Цаашлаад Хятадын улс төрд технократууд ноёрхох хэвээрээ байж болох ч үндсэрхэг, популист эсвэл барууны зүүний чиг баримжаатай улс төрийн хүчин гарч ирж болохоор байна. Ямар ч байсан Бо Шилайгаас эхлээд улс орныг зөвхөн технократууд удирдаж болдоггүй гэдэг дохиог эрх баригчдад өгөөд байна.
Shuum.mn
Shuum.mn