logo
Өөрийгөө гээсэн хүн /хошин өгүүллэг/

Өөрийгөө гээсэн хүн /хошин өгүүллэг/

2012/05/14
Түүнийг дөнгөж төрөөд байхад нь сүрхий зурхайч таарч аав ээж нь манай хүүд нэр өгөөдөх гэж. Нөгөөх нь сүрхий бодол болж тулганы хөвөөний шороон дээр элдэв дүрс эрээчиж сууснаа “Хонхдамар гэдэг нэр сайхан зохих юм байна” гэчихэж. Энэ нэр аав ээж хоёрт нь таалагдаж байсан юм байх.

Төдөлгүй хүн амын данс дадарт бүртгэх болсонд сумын төлөөлөгч уурсаж шашин шүтсэн бүдүүлэг этгээд, нам засгийн бодлогод харш нэр өгсөн энээ тэрээ гэж тархидаж байгаад Лонхтөмөр гэдэг нэртэй болгочихож.

Лонхтөмөр есөн настайдаа сургуульд орж дотуур байранд өвөлжөөд хавар гэртээ ирэхдээ “Надад муухай нэр өгснөөс болж хүүхдүүд архины лонх гэж шоолоод байна. Нэрийг минь сольж өг” хэмээн учиргүй уйлж ээж ааваа айлгажээ.

Аав нь зэргэлдээ сумын мэргэн цолт Зааюу гэх ламд хадаг барьж, хонь зааж байж Онххамар гэх бас нэг хачин нэртэй болоод авчээ.

Тэр цагаас өдгөөг хүртэл тэрээр Хамаргүй-Онх, Хамарлонх, Лонххамар гэхчлэн элдэв долоон хоч зүүж сүүлдээ бараг хэн гэдэг нэртэйгээ ч маржээ. Онххамар маань нэрнээсээ ичиж гутсаар аашлуулж аргадуулаад ч сургууль соёлд явсангүй. Арван естэйдөө цэрэгт явж хил дээр нар салхинд элж ногоон цамцаа цагаан болтол онгож гандаад ирснээс өөр хол явсангүй. Цэргээс ирээд нэг голын Дурдан гэх бас нэг хачин нэртэй хүүхэнтэй ээж аавын шахалтаар тоонотой гэрт толгой холбожээ.

Тэгтэл эхнэрийнх нь нэр бүр муухай санагдаж, гэртээ байхаасаа илүү хонь малаа хариулсан, адуу тэмээ эрсэн нэрээр хээр тэнэж, хэсэж хоног төөрүүлэх нь илүү аятайхан санагдах болжээ. Айл амьтан ч Дурдан Лонх хоёр Данх Цай хоёр гэж хоршуулан дуудсаар баг сумаараа дасав. Аажимдаа түүний хаана хэнийд хэзээ хоносон яаж шоолуулсан, ямар нэр авсан нь сонин байхаа больжээ.

Чингэсээр тавь гарсан хойноо архинд хөөрхөн дурладаг хүний тоонд орж гол усандаа ч, зэргэлдээ баг суманд болсон найр наадмыг бараг алдахгүй оччихдог болчихож. Хүмүүс гадуур тэнэсэн хүүхдээ золбин Онх гэх юм уу Лонх биш чи гэж зэмлэхийг тэрбээр нэг бус сонссон ч сонсоогүй дүр үзүүлж хуурай инээмсэглэн өөрийгөө тайвшруулах болсон байж.

Онххамарыг нэг өдөр хонио хариулаад ирэхэд сумын сургуульд сурдаг хүүгээ эргэж нэжгээд хоноод ирсэн гэргий нь: -Хөгшин минь цаана чинь Улаанбаатарт арчлал гэдэг юм ялсан гэнэ. Нэгдлийн малыг малчдад өх гэж байгаа гэнэ.

Нэгдлийн дарга малаа яасан ч өхгүй гэж их улайрч байгаа гэнэ гэсэн зүүдэнд орохын аргагүй юм ярьж ирсэн нь Онхын харанхуй ухаанд тэнгэр дуугарсан адил санагдаж, сэтгэл нь цэлсхийгээд явчихжээ. Сарын дараа нэгдлийн хурал болж, Онх олноос түрүүлэн босож,

-Ах дүүс минь ээ. Би тавин жил өөрийгөө гээсэн хүн. Одоо л өөрийгөө олж авъя. Өөрийн гэсэн өмчөө ч авах боллоо. Би одоо Хонхдамар ч биш, Лонххамар ч биш огт өөр хүн болно. Та нар битгий л гайхаарай хэмээн чанга дуугаар өгүүлсэн нь хуралдагсдын заримыг хөхрөлдүүлж, бас алмайруулав. Олонх нь алга нижигнүүлэх дундуур дарга нарын заримын нүүр үрчигнэж нэгдлийн дарга Гоожин “Хөөе золбин Лонх чи болиоч” хэмээн хашгирч байжээ...

Эдүгээ түүнийг багаараа Хурц-Онх хэмээн ихэд хүндлэн нэрлэх болсон бөгөөд хэлэх үг нь цаанаа часхийсэн гэдэг шиг жин дарах болсны дээр гэрээс холдохоо байж. Бас Энхсүмбэр, Ашидбилэг, Цэцэнсум гэсэн утга билэгтэй сайхан нэртэй ажилд эрэмгий шаламгайг нь нутаг усаараа гайхацгаах хөвгүүдийн түрүүч нь айл өрх болжээ.

Нэгдлийн дарга байгаад одоо малчин болсон Гоожин хүмүүсийн амнаас Хурц-Онхыг болоод хүүхдүүдийг нь бахархсан үг сонсохдоо:

-Цаадах чинь хотоос ардчилалынхнаас арын хаалгаар хүүхдүүддээ гуйж авсан нэр байхгүй юу гэж хорсон өгүүлэхэд, “Та тэр нэрийг хэн өгснийг нь мэдэж байгаа юм бол матаж болиулах юм биш үү” гэж залуус тохуурхаж байсан нь олонтаа. Гоожин нэг удаа айлын найр дээр согтоод, -Би амьд байсан цагтаа хэзээ ч Лонхынх руу шагайхгүй хэмээн хашгирсан нь Хурц-Онхын сонорт хүрчээ. Түүнийг сонссон малчин:

-Надад хорсож явах нь түүнд жаргал болж байгаа бол “Тэгээд жаргаг жаргаг” гээд тун таатайгаар хөхөрч байжээ.

Б.Норов 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш