Тунисын Мохаммед Баузигийн ар гэрийнхэн хүүгийнхээ шарилыг хүндэтгэж, мөргөл үйлдэнэ, хажуугаар нь бас хүүгээрээ бахархана. Тунисын нэгэн жижиг хотод Мохаммед Баузигийд зориулж хөшөөг хүртэл босгожээ. Учир нь дээд боловсролтой Мохаммед Баузи амьд сэрүүндээ ногоо зарж амьдрал ахуйгаа залгуулдаг байжээ. Гэтэл нэгэн өдөр цагдаа нар хууль зөрчлөө гэж үзэн түүний ногоог хурааж аван, хацар дээр нь алгаджээ. Ажил төрөлгүй болж, бухимдсан Мохаммед 2010 оны 12 сард өөрийгөө шатааж, зулын гол болгосон нь Арабын ертөнцийг доргиосон хувьсгалыг эхлүүлнэ гэж хэн ч мэдээгүй байх. Тунисын ард түмэн Бен Алигийн 23 жилийн ноёрхлыг устгахаар гудамжинд гаран тэмцэж эхэлсэн. 2011 оны 1 сард 74 настай өвгөн дарангуйлагч Бен Али 6 дахь удаагаа ерөнхийлөгчид нэр дэвших бодолгүй байгаагаа илэрхийлсэн. Гэсэн ч нэмэр болсонгүй эсэргүүцлийн жагсаал цуглаан хүрээгээ тэлж, Тунисыг тэр чигт нь доргиолоо. Аргаа ядсан Бен Али Саудын Араб руу зугтав. Тунисын ерөнхий сайд засгийн газрыг шинээр байгуулахаар оролдсон. Гэсэн ч жагсаал цуглаан намжсангүй. Бен Али болон түүний тойрон хүрээлэгчдийн эрин зуун дууслаа. Тунисын түр засгийн газар ирэх 7 сард сонгууль явуулж, үндэсний ардчилсан удирдагчаа сонгоно гэж мэдэгдэж байсан нь ирэх 10 сар болон өөрчлөгджээ. Сөрөг хүчний удирдагчид урьдчилсан санал асуулга явуулахыг шаардаад байгаа юм. Тунисаас эхэлсэн ардчиллын салхи Арабын ертөнцийг доргиосоор л байгаа.