logo
Диско хөгжмийн хатан хаан Донна Саммер нас барлаа

Диско хөгжмийн хатан хаан Донна Саммер нас барлаа

2012/05/22
70, 80-аад оны “Hot stuff”, "Last Dance", "She Works Hard for the Money" зэрэг хит дуугаараа алдартай диско хөгжмийн хатан хаан Донна Саммер пүрэв гаригт 63 насандаа таалал төгслөө. 5 Греммигийн эзэн, дэлхий даяар цомог нь 130 сая хувь борлуулагдаж байсан Саммер Флорида дахь байшиндаа гэр бүлийнхнээрээ хүрээлүүлэн өнгөрчээ.
АНУ-ын Бостон хотод төрж өссөн тэрээр сүмийн найрал дуунд дуулдаг байжээ. Харин урлагийн гараагаа германаас эхэлсэн юм. Түүнд амжилт авчирсан дуу нь 1975 онд гаргасан "Love to Love You Baby" нэртэй байлаа. Цаашлан "Last Dance," "Hot Stuff" болон "Dim All the Lights" гэх зэрэг дуунуудаараа диско хөгжмийн эринийг байлдан дагуулсан байна. 5 Греммийн шагнал хүртэн, цаашлан 12 номинацид нэр дэвшиж байсан Донна Саммер 1979 онд “Hot Stuff” дуугаараа шилдэг гоцлол рок дуу номинациар рок категорит Гремми авсан анхны хар арьст америк болж байсан юм. Долли Партон, Элтон Жонн, Мери Жей Блайж зэрэг одууд түүний хоолойны чадвар болон хөгжмийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна. Диско хөгжмийн хамгийн алдартай оддын нэг Саммер нь синтипоп урсгал болон дууны бүжгийн хэсгүүдэд томоохон хувьсал хийсэн нэгэн юм.
Саммер хавдартай байсан бөгөөд Флоридад нөхөр Брюс Суданогийн хамт амьдардаг байжээ. Лос Анжелест байрлах “Алдрын гудамж”-нд шүтэн бишрэгчид нь цуглан, түүнд хүндлэл үзүүлэн цэцэг тавьсан байна.
Түүний гэр бүлийнхнээс өгсөн мэдэгдэлд: “Энэ хэцүү цагт манай гэр бүлд үзүүлж буй хайр хүндэтгэл болон залбиралд бид хичнээн их талархаж байгааг үгээр хэлэхийн аргагүй юм” гэсэн байлаа. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш