logo
Цүкерберг хамгийн баян дөчин хүний жагсаалтаас хасагдав

Цүкерберг хамгийн баян дөчин хүний жагсаалтаас хасагдав

2012/05/31
Дэлхийн томоохон нийгмийн сүлжээ болох Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнгөрсөн мягмар гарагт компанийх нь хувьцааны ханш "Nasdaq" бирж дээр анх удаа 30 доллароос доошлон унасны дараа дэлхийн хамгийн баян 40 хүний жагсаалтаас хасагдсан тухай Блүүмберг агентлаг мэдээллээ.
Мягмар гарагт Фэйсбүүкийн хувьцааны ханш арилжаа эхлэхэд 31,48 доллар байжээ. Гэвч 2 цаг орчмын дараа буюу Нью-Йоркийн цагаар 12.00 цагт 29,75 доллар хүртэл унасан байна. Дараагийн хагас цагт үнэт цаасны ханш өмнөх түвшинд хүртэл өсөөгүй бөгөөд харин улам бүр унаж, арилжаа дуусах үед 9,6 хувиар бууран 28,84 доллар болжээ.
Блүүмберг агентлагийн мэдээлснээр, Цукербергийн хөрөнгө одоогийн байдлаар 14,7 тэрбумаар үнэлэгдэж байгаа бөгөөд энэ нь Блүүмберг агентлагаас гаргадаг манай гарагийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 40-д бичигдэж байгаа Колумбийн банкны эзэн Луис Карлосын хөрөнгөнөөс 800 саяар бага үзүүлэлт ажээ.
Фэйсбүүк компани үнэт цаасаа 38 доллароор үнэлэн IPO хийсэн бөгөөд 104,2 тэрбум доллар татна гэж тооцоолжээ. Тус компанийн хувьцааг тавдугаар сарын 18-нд 42 доллароор арилжиж эхэлсэн юм. Гэвч арилжаа эхэлснээс хойш үнэт цаасны ханш унасаар байгаа бөгөөд тавдугаар сарын 21 гэхэд IPO-ны ханшаас доош унасан бол долоо хоногийн дараа 30 доллароос доош оржээ.
Мягмар гарагийн арилжааны явцад тус компанийн хувьцааны ханш унах болсны шалтгаан нь хувьцааны опционтой холбоотой байж магадгүй гэж "The Wall Street Journal" сонинд бичжээ. Өөр нэгэн шалтгаан нь IPO хийхдээ хувьцаагаа хэт өндөр үнэлсэнтэй холбоотой гэж ажиглагчид үзэж байна.
Д.Жаргал 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш