logo
Тьяньаньмэний талбайд оюутнуудын жагсаалыг хүчээр дарснаас хойш 23 жил өнгөрчээ

Тьяньаньмэний талбайд оюутнуудын жагсаалыг хүчээр дарснаас хойш 23 жил өнгөрчээ

2012/06/05
Даваа гаригийн өглөө нар мандах үед Бээжингийн Тьяньаньмэний талбай дээр туг өргөх ёслолыг үзэхээр жуулчид цуглажээ. Энэ талбайд ардчиллын төлөө жагссан олон зуун оюутныг зэрлэгээр хөнөөснөөс хойш 23 жил өнгөрсөн байна. Америкийн засгийн газар цуст аллагаас хойш шоронд хоригдсоор байгаа иргэдийг бүгдийг нь суллахыг Хятадын удирдлагуудад уриалжээ. Төрийн Департментаас гаргасан мэдэгдэлд түүнчлэн тухайн үед хэдэн хүн алагдсан, хэдэн хүнийг баривчилсан талаарх тодорхой мэдээллийг гаргахыг Дундад улсын эрх баригчдаас шаардсан байна.
Хятадын эрх баригчид 1989 оны зургадугаар сард Тьяньаньмэний талбайд болсон жагсаалыг хувьсгалын эсрэг бослого байсан гэж мэдэгддэг бөгөөд авсан хатуу арга хэмжээгээ өмгөөлдөг билээ. 1989 онд Хятадын арми ардчиллын төлөө жагсаж байсан олон зуун иргэдийг хоморголон устгасан юм.
Франц Пресс агентлагаас мэдээлснээр Тьяньаньмэний талбайд болсон жагсаалыг хүчээр дарсны 23 жилийн ойн өдөр зүүн өмнөд хэсгийн Фужиан мужид цагдаа нар 20 орчим хүний эрхийн идэвхтэний эсрэг хүч хэрэглэсэн байна. Гэхдээ Фужианы цагдаа нар энэ мэдээллийг үгүйсгэжээ.
Bbc.com сайтад мэдээлснээр Бээжингийн удирдлагууд ойг тэмдэглэхийг зогсоохын тулд идэвхтнүүдийг баривчилж, бусад хүмүүсийг хянаж тагнаж эхэлжээ. Кибер орон зайг ч хатуу хянаж эхэлсэн гэнэ.
Dui Hua Foundation нэртэй хүний эрхийн байгууллагынхны үзэж байгаагаар Тьяньаньмэний жагсаалыг хүч хэрэглэн дарах үеэр баривчлагдсан жагсагчдаас 10 орчим нь шоронд хоригдсоор байгаа юм байна.
1989 онд Бээжин хотын захирагчаар ажиллаж байсан Чен Шитон Тьяньаньмэний талбайд болсон хүчирхийллээс сэргийлж болох байсан хэмээн ярилцлага өгөх үеэрээ хэлж байжээ. Судлаач Яо Жианфун түүнээс ярилцлага авсан байна. Түүний энэ ярилцлагаа багтаасан ном өнгөрөгч баасан гаригт Хонгконгод худалдаанд гарчээ. Энэ номонд Хятадын засгийн газрын хувьд хаалттай сэдвүүдийг хөндсөн байна. Жишээ нь Тьяньаньмэний талбайд чухам хэдэн хүн алагдсан талаарх Чен Шитоны яриаг оруулжээ.
Хятадын засгийн газар энэ талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй бөгөөд хэдэн хүн амиа алдсан нь одоо болтол олон нийтэд тодорхойгүй байдаг юм. Тьяньаньмэний талбайд болсон жагсаалыг хүчээр дарсны дараа Чен Шитоныг намаас хөөсөн байна. Одоо тэрээр авилга авсан, улсын мөнгө шамшигдуулсан хэргээр 16 жилийн ял эдэлж байгаа аж. Ченийг Хятадын нийслэлд онц байдал тогтоож, оюутнуудын хөдөлгөөний эсрэг хүч хэрэглэхэд оролцсон хэмээн буруутгажээ.
Э.АМАР

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш