logo
Владимир Путин Хятадын төрийн тэргүүнтэй уулзжээ

Владимир Путин Хятадын төрийн тэргүүнтэй уулзжээ

2012/06/11
Манай хөрш хоёр улсын төрийн тэргүүнүүд Бээжин хотноо уулзжээ. Владимир Путин ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоноосоо хойш Хятадад анхны айлчлалаа хийсэн байна. Путин, Ху Жинтао болон бусад албаны төлөөлөгчид хэлэлцээрийн ширээний ард сууж, зарим асуудлаар санал солилцжээ. Тэдний ярианы гол сэдэв нь Иран, Сирийн асуудал, хоёр талын худалдаа, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа байсан гэж ажиглагчид үзэж байна.
Хятадын төрийн тэргүүн Ху Жинтао хэлэхдээ "Хятад, Орос улсууд хамтын ажиллагаа улам өргөжүүлж, олон жилийн харилцаагаа сайжруулах болно, бид олон улсын асуудлууд дээр стратегийн түншлэлээ бэхжүүлж, хоёр улсын хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллана, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах болно" гэжээ.
Сирийн хямралыг шийдэх тал дээр Орос, Хятадын удирдлагууд барууны улсуудаас эсрэг байр суурьтай байгаа бөгөөд цэргийн ажиллагаа явуулахад хүргэж болохуйц алхмуудыг дэмжихгүй гэж мэдэгсэн билээ. Орос нь удаан хугацааны турш Сирийн ерөнхийлөгч Башар Ал-Ассадын ойрын холбоотон байсаар ирсэн. Орос Хятад улсууд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн Сирийн талаарх хоёр ч тогтоолын төсөлд хориг тавьсан бөгөөд Сирийн ард иргэдийг хамгаалахын тулд Ливид явуулсан шиг цэргийн ажиллагаа явуулахыг эсэргүүцсэн юм.
Путин, Ху Жинтао нар Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний уулзалтыг тэргүүлсэн байна. Ийнхүү Орос Хятад улсууд олон улсын зарим асуудал дээр нэгдмэл байр суурьтай байгаагаас гадна эдийн засгийн харилцаа, ялангуяа эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьжээ. Хоёр улс 2015 он гэхэд хоёр талын худалдаагаа 100 тэрбум долларт хүргэх зорилт тавьсан байна. Өнгөрсөн онд хөрш улсууд 83.5 тэрбум ам.долларын худалдаа хийжээ.
Путин Хятадад айлчлахаасаа өмнө буюу даваа гаригт Санкт-Петербургт болсон Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Тэрээр энэ уулзалтын үеэр Оросын хүний эрхийн байдлыг өмгөөлж, манай улсад улс төрийн хоригдол байхгүй гэж мэдэгдсэн байна.
Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын ээлжит хурлын үеэр төлөөлөгчид Төв Азийн бүс нутгийн аюулгүй байдал, хөгжил дэвшлийн талаар голчлон ярилцсан байна. Бээжинд болсон хоёр өдрийн хуралд Орос, Хятадаас гадна Иран, Монгол, Энэтхэг, Пакистан, Афганистан улсын төрийн тэргүүнүүд оролцжээ.
2001 онд байгуулагдсан Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын зургаан үндсэн гишүүн нь томоохон эдийн засагтай хоёр улс болох Хятад, Оросоос гадна төв Азийн Казакстан, Киргизстан, Тажикистан болон Узбекистан улсууд юм. Харин Иран, Монгол, Пакистан болон Энэтхэг нь ажиглагч орны статустай байдаг байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш