ГЕГ-ын дэргэдэх Эрэлч нохойн тасаг 1993 онд "Эрэлч нохойн алба" нэртэйгээр байгуулагджээ. Анх албаны дарга, сургагч багш нэг, 7 сонсогчтойгоор үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо тасгийн дарга, хоёр сургагч багш, хяръяа Гаалийн газар хороодод 29 эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч, малын эмч, маллагч, сахиул гэсэн орон тоотойгоор гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагааг тасалдуулалгүй, цогцоор нь явуулахыг хичээн ажил үүрэг гүйцэтгэж байгаа аж. Байгуулагдсанаас хойших хугацаанд 1997, 2000 онд дагнан спирт, 2002, 2004 ховордсон ангийн болон тарваганы арьс, 2006, 2008 спирт, тарваганы арьс, хориглосон буюу хязгаарласан бараа, 2009, 2011 онуудад манай дотоодод ургадаг олсны ургамал буюу каннабисын ургамалаар дагнан сургалтыг явуулж байсан бол энэ 2012 оны нэгдсэн сургалтыг Монгол улсад одоогийн үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан сургалтын зохион байгуулалт, арга хэлбэрийг үндсэнд нь өөрчлөн “ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСИЙГ ХҮНИЙ БИЕЭС СОНГОН ИЛРҮҮЛЭХ ” тусгай сургалтыг зохион явуулжээ. Энэ сургалтад Казахстан улсаас авчирсан хар тамхи, мансууруулах бодисийн үнэр орлуулагч Имитаторыг анх удаа ашигласан аж. Өмнөх туршлагаараа эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч нар өөрийн биеэр эрэлч нохдын дасгал сургуулийг тасгийн дарга болон сургагч багш нарын удирдлагын дор гардан сургаж байсан. 2011 оноос эхлэн суралцагсдад сертификат олгож эхэлсэн бөгөөд энэ жилээс гаалийн албаны эрэлч нохдод дахин шинээр хувийн хэрэг, эрүүл мэндийн дэвтэр нээж хөтлүүлж эхэлжээ. Мөн Япон, Унгар, Казахстан, Азербайжан зэрэг орнуудад Хар тамхи мансууруулах бодисийн чиглэлээр, Кинологич буюу нохой судлаач мэргэжлийн чиглэлээр, Гаалийн албаны эрэлч нохойгоор хар тамхи, мансууруулах бодисийг илрүүлэх чиглэлээр, Эрэлч нохойн сургалтын төвийн менежментийн сургалтад Эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч нараа амжилттай хамруулсан байна. Одоогийн байдлаар эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч нарын 30 хувь нь гадаад улс оронд эрэлч нохойн тусгай сургалтад хамрагджээ. Гаалийн албаны эрэлч нохдыг өөрсдийн нөөц, хүч бололцоог ашиглан үржүүлж, сургаж, ашиглах ажлыг эхлүүлээд байгаа юм байна. ГЕГ 2012 оны сүүлчээр ашиглалтад орох ХХЕГ–тай хамтарсан Монгол Улсдаа хамгийн том эрэлч нохойн сургалтын төв байгуулах ажлаа эхэлжээ.