logo
Авокадо жимснээс гаргаж авсан тос эмчилгээний ач холбогдолтой

Авокадо жимснээс гаргаж авсан тос эмчилгээний ач холбогдолтой

2012/06/14
Авокадо жимснээс гаргаж авсан тосыг чихрийн шижин, даралт ихсэх зэрэг өвчнүүдийн сөрөг нөлөөг саармагжуулахад ашиглах боломжтой гэдгийг Мексикийн эрдэмтэд хэлж байна. Учир нь энэ жимсний тосонд хүчтэй антиоксидантууд агуулагддаг аж.
Авокадо бол амт чанар сайтай, хүний эрүүл мэндэд тустай жимс юм. Мексик нь энэ жимсийг хамгийн ихээр нийлүүлдэг улс юм байна. Харин авокадо жимснээс гаргаж авсан тос маш сайн нөлөөтэй гэдэг нь нотлогджээ. Кристиан Кортез Рохогоор ахлуулсан Мексикийн Мичуакан мужийн их сургуулийн судлаачид чихрийн шижин, даралт ихсэх зэрэг өвчнүүдийн хүний биед үзүүлэх муу нөлөөг саармагжуулах үйлчилгээтэй хүчтэй антиоксидантууд энэ жимсэнд агуулагддаг гэдгийг тогтоосон байна.
Эдгээр өвчнүүдийн үед эсийн найрлагад байдаг метохондрийн үйл ажиллагаа алдагддаг. Метохондри нь эсийн бүтцэд агуулагддаг бөгөөд эсийн өсөлтөд шаардлагатай энергийг бий болгож байдаг юм. Гэхдээ бохирдол, цацраг идэвхит бодис зэрэг орчны хүчин зүйлээс болж метохондри нь чөлөөт радикал хэмээх тогтворгүй молекул болон хувирч, эсийн бусад хэсгүүдийг гэмтээх аюултай байдаг байна. Энэ ойлголтыг хөгшрөх үйл явцтай холбож авч үздэг юм. Судлаач Кортез Рохогийн хэлж байгаагаар судалгаа туршилтын үеэр эсийн ханыг чөлөөт радикалаас хамгаалахад авокадо жимсний тос маш үр дүнтэй гэдэг нь нотлогдсон байна.
Ийнхүү авокадо жимсний тосыг хэрэглэгчдийн тоо нэмэгдэх нь тэдгээр хүмүүсийн эрүүл мэндэд төдийгүй Мексикийн эдийн засагт ч сайн нөлөөтэй гэдгийг судлаачид онцолжээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш