logo
Өвчний шалтаг /хошин өгүүллэг/

Өвчний шалтаг /хошин өгүүллэг/

2012/06/18
Би ч гэсэн эхнэр авлаа. Эхнэр авсан хүн чинь өвөлдөө бэлтгэж, нүүрс авах ёстой. Хэрхэн хөөцөлдөх тухай энэ тэр хүнээс лавлав. Бүгд л хоорондоо хэлцсэн юм шиг,
-Хэ, хэ, чи ч нүүрс авч чадахгүй дээ гэж байлаа.
Шар хөөрч “заавал нүүрс авна” гэж бодоод оршин сууж байгаа багийнхаа дарга дээр очлоо. Хөөрхий хөгшний бүгших ханиадыг намдахыг арван хором хүлээгээд,
-Та аль намыг дэмждэг вэ? хэмээн асуув.
-Ардчиллынхныг!
-Хүүш бид хоёр нэг талынхан байна ш дээ. За хөгшин минь, би нүүрс авах гэсэн юм. Тусална аа.
-Үүнээс өмнө яаж нүүрс авч байсан юм бэ?
-Одоо л анх удаа авах гэж явна.
-Урд нь хаана оршин сууж байсан юм бэ?
-Дөнгөж сая л үүрээ заслаа. Тэнэмэл амьдрал минь дууссан. Өвөл үүрээ дулаацуулж аз жаргалтай гэр бүлийнхээ шувуухайнуудыг дулаацуулан тохилог амьдрахыг хүсэж байна.
-Та болон таны эрхэмсэг гэргий үүний өмнө оршин сууж байсан газраасаа тодорхойлолт авчирцгаа.
Би ч тэр дор нь яаралтай цахилгаан утас илгээж, баталгаат захидал явуулж, буцах цахилгаан, захидлын мөнгийг төлөв. Сар хагасын дотор хүссэн тодорхойлолтоо авлаа. Багийн даргадаа буцаж очтол “Нүүрс хуваарилах газар өргөдөл өг!” хэмээн айлдлаа. Өргөдлөө ч өглөө. Хотын захиргааны бөглөх ёстой маягтыг надад гардуулав. Намайг нүүрс авч чадахгүй гэж хэн хэн бардам ханхалзаж байв аа? Хараач, нүүрс авах эрхийн бичиг баримт энэ байна!
Дарга маягтыг бөглөчихлөө. Нүүрс хуваарилах газраа очно. Гарын үсэг зураад л гүйцээ. Эсвэл өргөдлийг минь эвхэж хавтсанд хийгээд “Нүүрсээ ав” гэх биз ээ. Халаасанд мөнгө, гэрт нүүрс хадгалах газар бэлэн байгаа. Нүд ирмэх зуур нэг тонн нүүрс өг! гэж би хэлнэ.
Энд ч, тэнд ч баахан гарын үсэг зурууллаа. Арай гэж гарын үсэг зуруулж дуустал сүүлчийн ширээнд сууж байсан албан хаагч инээмсэглэн,
-Нүүрс гэнэ ээ? гэв.
-Тийм ээ, нүүрс.
Миний ярилцагч ажилтан бүр хөхөрч эхэллээ. Элгээ хөштөл хөхөрнө.
-Нүүрс, нүүрс үү?
Би ч бас түүн шиг инээж,
-Нүүрс… тийм ээ… нүүрс гэж өгүүлэв.
Сайх эр үргэлжүүлэн хөхөрнө. Түүнийг хөхөрч байхад би мод шиг гөлийгөөд байж болох уу даа? Аллах бурхан бид бүгдэд инээх боломж хайрлаж байх болтугай.
-Нүүрс … ха ха… тиймээ нүүрс!
-Байхгүй!
-Юу?! Байхгүй гэж үү? Тэгвэл яагаад хөхрөөд байгаа юм бэ?
-Байхгүй учраас л хөхөрч байна. Ха ха…
Би инээх биш, уйлах ёстой ч яахин биеэ барьж чадах билээ. Үргэлжлүүлэн хөхөрсөөр, харин энэ удаа ууртай, догшиноор хөхөрч эхлэв. Намайг сандал дээр суулгаж ус уулган, хацрыг минь аяархан алгадан, сүрчиг үнэртүүлсний дараа бага зэрэг сэргэв.
-Тэгвэл нүүрс авч чадахгүй хэрэг үү? хэмээн би асуулаа.
-Сар жилээр хүлээж байгаа хүмүүс олон байна. Та дөнгөж өргөдөл биччихээд нүүрс авна гэдэг бол ёстой хоосон мөрөөдөл! Ойрын үед лав авч чадахгүй! -Тэгвэл манай гэр бүл хахир хүйтэн өвлийг яаж давах вэ?
-Ганцхан нөхцөлд л авч болно.
-Ямар?
-Танай гэр бүлд үе мөчний өвчтэй хүн байгаа гэсэн тодорхойлолт авч ир. Энэ нөхцөлд хагас тонн нүүрс өгч болно. Би гэр лүүгээ харайж очоод,
-Үе мөчний өвчтэй хүн байна уу? гэж хашгирав.
-Хүүш сайн эм олсон юм биш биз? Гайтай өвчнөөр арван жил шаналж байна хэмээн хадам ээж хэллээ. Хадам ээжгүй бол яах байсан бол оо? Хайрт ээжийн үе мөчний өвчин тус болох нь энэ! Тодорхойлолт гаргуулж авав.
Хэрвээ нүүрс авчихвал “нүүрс авч чадахгүй” гэж жиргэцгээж байсан эрхмүүдэд юу гэж хэлэхээ би сайн мэднэ. Тодорхойлолтоо хүргэж өглөө.
-Энэ хэрэг болохгүй хэмээн албан хаагч надад хэлэв. Хуурамч гэж бодсон бололтой. Түүний зөв! Эмч гэж өөрийгөө нэрлэгчид өдий төдийгөөрөө гарч ирсэн болохоор эмчийн тодорхойлолтыг хуурамч эсэхийг яаж мэдэхэв дээ. Тийм ч учраас эмнэлгийн комиссоор баталгаа гаргуулж ирэхийг шаардав. Бүхэл бүтэн комиссын баталгаа хуурамч байхгүй нь лав.
Комиссын баталгаа авах нь нүүрс авахаас ч хэцүү аж. Энэ тэрүүгээр гүйж, гуйж гувшина. Сарын дотор баталгаа гаргуулж чадлаа. Комиссын баталгааг гартаа оруулмагц ясаа янгинатал санаа алдлаа. Нүүрс өгөхгүй гэлүү? Би ч гэсэн тэгж бодож байсан. Баталгаа байхгүй бол яаж өгөх юм бэ?
Би баталгаагаа аваачиж өгөв.
-Үүнээс өмнө үе мөчний өвчтөнүүдэд нүүрс өгч байсан. Нүүрс хүрэлцэхгүй болсон учир ийм өвчтэй хүмүүст өгөхөө зогсоосон.
-Би гэр бүлээ яаж дулаацуулах вэ? Одоо яана аа?
-Танай гэр бүлд сүрьеэтэй хүн байхгүй юу? Одоо зөвхөн сүрьеэтэнгүүдэд л нүүрс өгөх журам тогтсон.
-Тийм хүн байхгүй!
-Тэгвэл яах ч арга алга. Нүүрс авахын тулд заавал сүрьеэтэй байх ёстой!
Энэ новшид уур хүрч байгаа гэж хачин! Сонсов уу, нүүрс өгөхгүй гэнэ. Өвлийг яаж өнгөрөөнө?! Харин ирэх өвөл бид нүүрстэй болно биз. Хахир хатуу өвөл түлшгүй болохоор гэр бүл бүгдээрээ сүрьеэгээр өвчлөх нь дамжиггүй.
Өгөх л юм бол сүрьеэтэй болохоос минь өмнө өгөөч! Хэрвээ өвчилчихвөл,
-Нүүрс авахыг хүсэж байгаа бол эхлээд үх! гэх вий. Үхэхгүй бол яаж нүүрс өгөхийм?
Хэзээ нэгэн цагт би яаж ийгээд нүүрс авахдаа л авна даа. Тэр цагт “нүүрс авч чадахгүй” гэж хэлэгчдийн улаан нүүрийг хуруугаараа чичнэ дээ.

Орчуулсан Б.Чимиддорж 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш