Саяхан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, урлаг соёлын алдартнууд энд тэндгүй дуу хуураа өргөж, багачуудыг баярлууллаа. Гэхдээ баярлуулсан гэхээсээ илүүтэй буруу үлгэр дуурайлал үзүүллээ гэхэд хилсдэхгүй.
Учир нь Сүхбаатарын болон Эрх чөлөөний талбайд болсон бэсрэг тоглолтод ирсэн дуучдад хайрын дуунаас өөр бүтээл байсангүй. Олигтойхон хүүхдийн дуу дуулчих дуучин ч олдсонгүй. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй, хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийн баяр дээр ч тэд ёстой жинхэнэ “тэнэгтсэн”. Уг нь тэд нэг өдрийг тэр бүр баярлаж чаддаггүй эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулж, хамтдаа тоглож, хөгжилтэй зүйл ярин өнгөрүүлэх ёстой байсан. Гэсэн ч энэ баяр дээр уран бүтээлчид нэг л хөндий байсан юм. Урд жилүүдэд нь болсон баяр дээр “Шинэ үе”, “ТВ коктейл” хамтлагийн залуу уран бүтээлчид болон аялагч Амай хүрэлцэн ирж, багачуудтай өдөржин тоглож, тэдэнд хөгжилтэй явдлуудаа ярилцаж байсан. Гэтэл энэ жилийн баярт ирсэн хамтлаг дуучид нэг л хөндий, хүйтэн байсныг дахин хэлмээр байна. Гэхдээ бүгд тийм байгаагүй л дээ. “Увертура”, “Гурван бүдүүн” хамтлагийнхан хүүхдүүдтэй хөгжилдөөд тун завгүй байсан. Харин “Нэгэн зүгт”, “Crush bush” зэрэг хамтлагийн залуус их зан гаргаж, хүүхэд байгаагүй юм шиг л аашилсан гэхэд хилсдэхгүй. Хүүхдүүд зөвхөн тэдний дууг сонсох гэж бус тэдэнтэй ойр байж, “амьдаар” нь харах, бас сэтгэл доторх нандин бүхнээ ярилцахыг хүсч байгаагаа хэлж байсан ч өөрсдөд нь хэлж чадаагүй. Аргагүй, тийм хүйтэн, хөндий хүмүүстэй хүүхэд байтугай томчууд ч зүрхэлж ярихгүй биз. Энэ ч яах вэ гээд орхилоо гэхэд тэд хүүхдүүдийн өмнө гарчихаад “Та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье. Ингээд бяцхан дүү нартаа хайрын дуугаар ая баръя” гэх юм. Ингээд зогсохгүй өнөөх дуу нь дөнгөж эхлээд л янаг уруул, зөөлөн үнсэлт гээд үргэлжилж байгаа юм. Үүнийг сонссон багачууд, өдрийнхөө тоглоомонд ядарсан уу унтаж орхив. Ингээд болоогүй тэнд цугласан хүүхдүүдийн дийлэнх нь хагас болон бүтэн өнчин гээд дахин дахин сануулаад байхад “Гурван бүдүүн” хамтлагийнхан “Ээждээ хайртай юу” гэж асуугаад ээжгүй багачуудын сэтгэлийг хямрааж зүрхийг нь шархлуулж, хөөрхөн алаг нүднээс нь нулимс унагаж орхисон. Энэ бүхнийг харж суухдаа олны танил, “од” гэж өргөмжлөгдсөн хүмүүс хаана ирснээ, хэнд хандаж юу хэлж байгаагаа бодож тунгаах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж байв. Үнэн хэрэгтээ сүүлийн үед янаг амраг, хайрын уран бүтээл илүүтэй зонхилох болсон нь үнэн ч хамтлаг болон дуучид хүүхдэд зориулсан ядаж ганц уран бүтээлийг туурвих хэрэгтэй юм шиг.
Үнэндээ тэдний сонирхолд хайрын дуу биш охидын тоглодог барби, хөвгүүдийн тоглодог Супермэн, Хүн аалз хүрч ирээд хөөрхөн мэндчилгээ дэвшүүлсэн бол тэд баярлах байсан нь дамжиггүй. Эхний уран бүтээлчдийн тарьсан балгийг төгсгөлд нь хүрэлцэн ирсэн Нара, Ану, Алтаа нар залруулж, барби шиг бэлтгэн ирж, багачуудад зориулан дуу дуулж өгсөн нь хүүхдүүдийн сэтгэлийг багагүй сэргээсэн. Иймээс эдгээр уран бүтээлчид төдийгүй шинээр төрөн гарах хүмүүс ч ямар арга хэмжээн дээр, хэнд зориулсан уран бүтээлийг хийх гэж ирж байгаагаа сайтар тунгаан бодохыг сануулж байна. Дахиж ийм алдааг гаргахгүй, “тэнэглэхгүй” л байгаасай.
mminfo.mn