“Нинжа" буюу бичил уурхайчид гэж хэн бэ?
Тэд дээрээс унаагүй, дэлгүүрт зарагдаагүй. Дэргэдээс “ургасан" бидний, ард түмний л нэгэн хэсэг. Амь зуухын эрхээр, амьдрахын эрхээр шүдэнзний толгойн чинээ алт олохын төлөө энэ бие, эрүүл мэнд, амь насаа золиослон гар аргаар ашигт малтмал олборлож буй улс. Үнэн чанартаа, төр, засаг боломжийн цалинтай ажпын байраар хангаад өгчихсөн бол хэсэг бусаг монгол ингэж хөдөө хөхөрч, гадаа гандан нийгэмд ад шоо үзэгдэж явах байсан ч уу, үгүй ч үү.
Нэгэн зүйл.
Бичил уурхайчдыг ямархан ирээдүй хүлээж байна вэ?
Тэдэнд зориулсан хууль, журам гарснаар асуудал нь шийдэгдэж чадсан уу? Үндсэн хуульд заасан эрх нь баталгаатай юу? Монголынхоо эдийн засагт тэдний оруулж буй хувь нэмэр гэж юу байна?. Энэ мэт олон олон асуулт ар араасаа хариу нэхэн хөврөх бөлгөө. Хэн үүнд баттай хариу өгөх вэ?. Төр засаг уу, орон нутгийн удирдлага дарга дорго нь уу, эсвэл бичил уурхайчид өөрсдөө юү?
Нэгэн зүйл.
Монгол Улс 2010 онд бичил уурхайг хуульчилж, Засгийн газраас тодорхой журам боловсруулж гаргасан нь амьдрал хэмээх алаг нүдний сормуусны гадна байсан бичил уурхайчдын сэтгэлд гал асаасан явдал болсон.
Хууль номын дагуу бичил уурхайг зохицуулах шийдвэр дээрээс гарсан нь зах замбараагүй байдлыг хумих, ганц нэгээрээ эрдэнэс ухаж малтаж буй иргэдийг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулах, бүртгэлжүүлэх, ижий байгаль болоод нийгмийн өмнө тодорхой үүрэг хүлээсэн, хариуцлагатай үйлдвэрлэл, үйл ажиллагаа болгож цэгцлэх, болзошгүй эрсдэл, ослоос сэргийлэхийн эхлэл тавигдсан бөлгөө. Энэ бол яах аргагүй шинэ зүйл, дэвшил.
Үр дүн нь ч эхнээсээ гарч, гурван мянга гаруй бичил уурхайчин нөхөрлөлийн зохион байгуулалтад орж Засгийн газрын журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болоод байгаа тухай статистиктооөмнөминьбайна. Нөхөрлөлд орсноор нэг нь нөгөөдөө шаардлага, хяналт тавих боломж бий болж, нийгмийн хэв журмын зөрчил, хууль тогтоомжийн мэдээллээр хангагдах хийгээд хөдөлмөр хамгаапал, эрүүл ахуйн сургалтад хамрагдах боломжийг өөртөө бүрдүүлж байгаа нь давуу тал гэлтэй. Зохион байгуулалтад орсон газруудад хууль бус олборлолт буурч байгааг дурдахгүй өнгөрч боломгүй.
Нэгэн зүйл.
Алт, нүүрс, жонш, өнгөт чулуу. Үндсэндээ бичил уурхайчдын гол үйл ажиллагааг дээрх дөрвөн чиглэлээр багцлан зангидаж болох.
Гэхдээ Монголын нийт “нинжа” нарын дийлэнх олонх нь алт олборлож буй, гар аргаар. Сэлэнгэ аймгийн хувьд бусад аймгаас ялгаагүй. Тус аймгийн Бороогийн алтны бүлэг ордын орчмоос нутгийн иргэд ил, далд алт угааж эхэлснээс хойш даруй арав гаруй жил алсран оджээ. Сэлэнгийн бичил уурхайчдын гол цөм Зүүнхараа, Мандал, Орхонтуул, Хүдэр, Түнхэлд төвлөрч буй. Энэ 2012 онд хийсэн судалгаанаас харахад Сэлэнгэ аймагт нийт найман мянга гаруй бичил уурхайчин хөдөлгөөнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Нэгэн зүйл.
Эзэнгүй, хаврын хамхуул шиг хаа нэгтээгээс үлээсэн салхинд хөөгдөж туугдаж явсан бүгээн цаг нэг үеэ бодвол бичил уурхайчдаас холджээ.
Тэд нөхөрлөлд нэгдэж, нөхөрлөл нь төрийн бус байгууллагад нэгдэж нягтарч байгаа нь ололт гэлтэй. Нөхөрлөлийн ам бүлд 5-7 хүн багтдаг бол 5-10 нөхөрлөл нийлж төрийн бус байгууллага болдог жишиг тогтжээ гэхэд хилс болохгүй. Өдгөө Сэлэнгэд Дамбийсүрэнжавын тэргүүлдэг "Баатар вангийн хишиг”, Наранчимэгийн тэргүүлдэг “Хэрх Баянхайрхан”, Цагааны тэргүүлдэг “Хараа нутгийн ажилгүйчүүдийн холбоо”, Энхбаатарын тэргүүлдэг “Дууш Мандал хайрхан” төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа нь жигдэрчихсэн боломжийн ажиллаж байгаа тухай олны салхинаас сонслоо. Нэгдэж, санаа оноогоо цэгцэлж, үйл ажиллагаагаа зорилго чиглэлтэй, бодлого төлөвлөгөөтэй болгосноор төр засаг, иргэдийн үл ойлголцол арилж, харилцан хамтын ажиллагаа сэргэнэ гэдэгт дүүрэн итгэлтэй байгаагаа Орхонтуул сумын “Орхонтуулын хишиг” төрийн бус байгууллагын тэргүүн П.Даваасүрэн нуусангүй. Эвлэлдэж нэгдэж байгаа тэдэнд одоо төр, засгийн зөв дэмжлэг, зөв бодлого ус агаар мэт хэрэгтэй байнам бус уу.
Нэгэн зүйл.
Бичил уурхай дээр хүний эрх зөрчигдөхгүй, хууль, тогтоомж ном журмаараа хэрэгжих боллоо гэвэл түүн шиг худлаа юм үгүй.
Лицензитэй талбайд зөвшөөрөлгүй олборлолт хийсэн, бичил уурхайчид осолд орсон, хөөгдсөн, саатуулагдсан гээд янз бүрийн асуудал гарах нь нэг бус. Энэ бүхний дийлэнх нь олборлолт хийх газар байхгүйгээс угшилтай.
Хуулинд орсон нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын журмаар газрын асуудлыг сум, дүүргийн Засаг дарга зохицуулахаар байгаа. Тэр нөхөд энэ үүргээ хэрэгжүүлэх тал дээр тун хангалтгүй ажиллаж байгаа нь нууц биш. “Газар байхгүй”. Энэ хоёрхон үгээр ам таглахыг хичээдэг. Өөрийн сум, дүүргийн нутагт олборлолт явуулж байгаа уурхайн компаниудын ашигласан талбай руу бичил уурхайчдыг оруулах талаар яриа хэлцэл хийж иргэдийнхээ төлөө Сэлэнгийн Орхонтуул сумын удирдлага шиг ажиллаж байгаа орон нутгийн удирдлага олон болоосой гэж уриалмаар. Бичил уурхайчдын хувьд сум, дүүргийнхээ Засаг даргын Тамгын газарт тулгарч буй бэрхшээл, зовлонгоо яриад ороход тэднийг хүлээж аваад уулзах асуудал хариуцсан мэргэжилтэн, албан хаагч байдаг баймаар санагдана.
Нэгэн зүйл.
Бичил уурхайчдын эдийн засагт оруулж буй хувь нэмэр юу вэ?
Тэдний хувь нэмрийг бодитой тооцож үзэж байгаа байгууллага байна уу? Энэ тухай ярих хүн тэр бүр олдохгүй байгаа нь тоогүй. Бичил уурхай дээр олон арван мянган иргэн ажиллаж, тэр хэрээр ажлын байр бий болж байна. Орон нутгийн хөгжил, мөнгөний эргэлтэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Гэвч энэ талын судалгаа хийгдэхгүй байна.
Нэгэн зүйл.
Бичил уурхайчин бүр сард 53 мянга, 800 төгрөгийн орлогын албан татвар төлөх тухай заалт хуульд орсон байгаа.
Тэгэхээр нэгэн гэр бүлийн хоёр хүн бичил уурхайд ажилладаг байлаа гэхэд сар бүр 107 мянга, 600 төгрөг татварт өгнө гэсэн үг. Байнгын тогтмол орлогогүй хүмүүсийн хувьд энэ бол бага тоо биш. Хууль хэрэгжсэнээс хойш нэлээд хугацаа өнгөрөхөд хэрэг дээрээ төр иргэдээс олигтой татвар авч чадаагүй. Ёстой л "Их санасан газар есөн шөнө хоосон хонох” гэгч болж буй. Тэдний хувьд өөрсдөө өөрсөддөө ажлын байр бэлтгэж, амьдралаа авч яваа нь төрд томоохон дэмжлэг болж байгаа юм, уг чанартаа. Харин хуулийн энэ заалтаас болж нөхөрлөлийн зохион байгуулалтад орж эхэлж байсан иргэд татвараас зайлсхийж, орон нутаг нь бичил уурхайчдаа үнэн зөв мэдээлэхээс ч цааргалдаг болсон нь харамсалтай. Татвар авч болох л доо. Буруу нь юу байна. Харин хэр хэмжээнд нь таарсан, хэн ч ойлгох үндэслэлээр хандахгүй бол салхи өөрөөр эргэхгүй гэх арга алга.
Нэгэн зүйл.
Төв аймгийн Борнуурт мөнгөн усгүй технологи бүхий баяжуулах цех ажиллуулах болсон ч Байгаль орчин, аялал жуулчлалын яам үнэлгээ өгч, дүгнэлт гаргаж өгөхгүй аян шалтаг тоочоод байгаа тухай яриа чих дэлссэн.
Уг нь түүнийг Засгийн газрын дэмжлэгээр л барьсан санагдана. Гэтэл яахаараа нэг яам нь “Тэр төслийг дэмжихгүй ээ” гээд гэдийж суудгийм бол. Борнуурын явдлаас болоод яг ийм загвараар баригдсан Сэлэнгийн Мандал, Баянхонгорын Баян-Овоо сумын баяжуулах цех “зэлтэрийн гацаанд” ороод буй юм байна. Эдгээр цехийг Засгийн газрын 28 дугаар тогтоолын хэрэгжүүлэх ажлын хүрээнд барьж, гадаадын төслийн санхүүжилт орсон билээ. Цех барьснаар бичил уурхайчид, орон нутгийн иргэд мөнгөн усыг ил, далд хэрэглэх аюул үлэмж багассаныг хүмүүс ярьж байгаа. Үнэхээр ч тэгсэн байх. Гэтэл цехийг нь ажиллах зөвшөөрөл өгөхгүй болохоор эргээд нууцаар мөнгөн ус, уур нүдүүрээ хэрэглээд эхэлвэл яах вэ. Амаргүй, хялбаргүй асуудлаа гаднын төслийн дэмжлэгээр түргэн шуурхай цэгцлээд авахад юу нь буруу байгааж. Үүнийг боддоггүй түшмэлүүдэд л асуудлын гол учиг нуугдаад буй.
Нэгэн зүйл.
Бичил уурхайчдыг нэг хэсэг үгүй хийх гэж, бүр ул мөргүй алга болгох гэж их зүтгэсэн. Хөөж тууж, бангадаж, донгодож, баривчилж, хорьж, торгож шийтгэж
Гээд нэмэр болоогүй. Яаж ч, ямар ч арга, хүч хэрэглэсэн тусыг олоогүй. Эцсийн бүлэгт тэднийг зөв зохион байгуулж, байгаль орчинд хор хөнөөлгүй зөв үйл ажиллагаа явуулж, зөв гольдролд оруулах л арга зам гар ирсэн. Болгохгүй бүтээхгүй гэвэл шалтаг олддог, болгоё бүтээе гэвэл арга нь олдог л хорвоо. Төр засаг бичил уурхайчдыг нүд үзүүрлэж төвөгшөөлгүй санаа тавьж, бодлогодоо наанатай цаанатай хандаж, зөв шийдвэрээр дэмжиж запж, бичил уурхайчид ч зөвхөн амин хувийг бодолгүй хууль дүрмээ чандалж байгаль орчиндоо хор хөнөөл багатай үйлийг эрхэмлэж гэмээнэ гацаанаас төвөггүйхэн гарчихаж болмоор. Ямартай ч гацаанаас бага багаар гарч байна. Цагийн салхи зөөлнөөр эргэж байна. Монгол төрийн бодлогын гадна Монгол Улсын ганц ч иргэн, газар шорооны хэлтэрхий ч үлдэх ёсгүй бөлгөө.
М.Галбадрах
Эх сурвалж: "Сэлэнгийн мэдээ"