logo
Ялагчгүй сонгууль

Ялагчгүй сонгууль

2012/07/02
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд аль ч нам ялсангүй. Хэдийгээр АН ялсан мэт харагдаж байгаа ч олонхи болж Засгийн газраа байгуулах боломжгүй. Учир нь УИХ-ын сонгуулийн хуулиар 39 суудал авч байж Засгийн газраа дангаараа байгуулах эрхтэй болно. Урьдчилсан дүнгээр МАН, АН хоёр аль аль 30 гаруй суудалтай болох төлөвтэй байна. Харин энэ сонгуульд шинэ тутам байгуулагдсан МАХН-МҮАН-ын эвсэл хоёр том намын дундуур гүйж бүлэг байгуулах хэмжээний суудал авах магадлал өндөр байгаа юм. Иймээс тэдний хувьд ялалт байгууллаа гэж хэлж болох юм. Гэхдээ эцсийн дүн хаашаа ч эргэж мэдэх байдал бий болоод буй. Учир нь санал тоолох машинд автомат машинд улс төрийн намууд болоод иргэд итгэхгүй байгаагаа мэдэгдэх болж, гар аргаар тоолохыг шаардаж байна. Тэдний тайлбарлаж буйгаар АН америкчуудын тусламжтай санал луйвардах программ суулгаж, өөрт ашигтайгаар эргүүлсэн юм байх. Тиймээс ч сонгуулийн дүнд эргэлзэж байгаа хүн олон бий. Иймээс Монгол Улсад улс төрийн тогтворгүй байдал нүүрлэж мэдэх талаар ажиглагчид дүгнэх болсон. 
Түүнчлэн гараар тоолсон зарим газар МАН-ын нэр дэвшигч ялалт байгуулсан гэх мэдээлэл ч бий. Тухайлбал, Хэнтий аймгийн 18-р тойргийн 9-р хэсгийн хороон дээр санал тооллого эхлээд явж байхад санал тоолох машин гацсан учир зэргэлдээ сумаас нөөц санал тоолох машин авч иржээ. Энэ процесс дээр 60 санал зөрсөн гэх мэдээлэл бий. Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, АН-аас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар ялалт байгуулсан гэх боловч гараар санал тоолоход Н.Ганбямба илүү санал авсан гэх. Энэ мэтчилэн гараар тоолсон зарим газарт нэр дэвшигчдийн байр суурь солигдож байгаа гэх мэдээлэл байгаа юм.
Гарсан зөрчлүүдийн талаар тоймловол, Сүхбаатар дүүргийн 23 дугаар тойргийн 7, 14 дүгээр хэсгийн хороон дээр зөрчлүүд илэрчээ. Тодруулбал, УИХ-ын 23 дугаар тойргийн 7 дугаар хэсгийн хороонд нэрсийн жагсаалтад 1771 сонгогч бүртгэгдэж санал хураалтад 1230 хүн оролцсон боловч автомат машины дүнгээр 1760 саналын хуудас гарчээ. Энэ нь санал өгсөн нийт сонгогчдын тооноос 530 саналын хуудсаар илүү саналын хуудас санал унших машинаас гарсан гэсэн үг. Мөн УИХ-ын 23 дугаар тойргийн 16 дугаар хэсгийн хороонд нэрсийн жагсаалтад 2761 сонгогч бүртгэгдэж санал хураалтад 1874 хүн оролцсон боловч автомат машины дүнгээр 2331 саналын хуудас гарсан. Өөрөөр хэлбэл, санал өгсөн нийт сонгогчдын тооноос 457 саналын хуудсаар илүү саналын хуудас санал унших машинаас гарчээ. Тус тойргийн 30, 34, 37 дугаар хэсгүүдийн саналын дүнг машины дүнтэй тулган шалгах хяналтын гар тооллого хийхээр шийдвэрлэсэн байсныг хэсгийн хороодын бүх гишүүдэд мэдэгдсэн байсан боловч тодорхойгүй шалтгаанаар болиулсан. Сонгинохайрхан дүүрэгт хяналтын тооллого хийгдэж, 20 орчим саналын зөрүү гарчээ. Зарим хэсгийн хороонд маш их хэмжээний саналын зөрүү гарч байгаа гэх мэдээлэл ч бий. Баянгол дүүрэг дээр санал тоолох машинаас гарч ирж байгаа билл нь саналын хуудаснаасаа зөрсөн. Тухайлбал, биллээр бол 1088 санал гарч ирэхээс 1006 санал гарч ирж 42 санал хүчингүй болж нийтдээ 1048 санал гарч ирж 40 санал зөрж байх жишээтэй.
Түүнчлэн амраг садандаа итгэхгүй байх нөхцөл байдал ч үүсэх боллоо. Тухайн тойрогт нэр дэвшигчид найз нөхөд, амраг садан нь, үгүй дээ өөрөө өөрийнхөө санал өгсөн атал автомат машинд үр дүн нь гарсангүй гэж гомдоллох хүн Б.Жаргалсайханаас эхлээд гарах болов.
Л.НИНЖ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш