logo
Саналын хуудас, бүртгэлийн машинд бүртгүүлэгсдийн тоо хоорондоо зөржээ

Саналын хуудас, бүртгэлийн машинд бүртгүүлэгсдийн тоо хоорондоо зөржээ

2012/07/02
Энэ удаагийн УИХ, НИТХ-ын сонгуулийг ямар нэгэн будлиангүй болно гэж олон хүн итгэж байлаа. Тэр ч утгаараа анхны автомат машинтай сонгуулийн 26 тойргийн хороо, 334 салбар хороо, 1908 хэсгийн хороонд нийтдээ 18000 гаруй хүн ажиллажээ.
Санал тоолох автомат машинд эргэлзэх зүйлгүй, баталгаатай хэмээн СЕХ-ныхон албан ёсоор мэдэгдсэн ч иргэдийн гомдол одоо хэр нь тасрахгүй бололтой.
Хамгийн наад зах нь санал хураах явц эхнээсээ будлиантаж, автомат машинаа буруу угсарсан, код, нууц үгийг нь мартсан гэх зэрэг хувь хүний хариуцлагатай холбоотой асуудал дэгдэж байсан. Үдээс хойш ихэнх хэсгийн хороондын автомат машинд техникийн саатал гарч эхэлсэн.
Тиймээс бид УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 59 дүгээр хэсэгт сонгогчдын идэвх, санал хураах явц хэрхэн явагдаж буй талаар сурвалжлахаар оройн 19 цаг 57 минутад 26 дугаар тойргийн 58, 59 дүгээр хэсгийн хороонд очиход хэдийнэ хаалгаа барьчихсан, саналаа өгөх гэж ирсэн хэд хэдэн иргэн хаалганы гаднаас буцаж байгаа харагдлаа.
2012 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 26 дугаар тойргийн 59 дүгээр хэсгийн хороог ахалж буй Б.Зултай уулзаж, зарим асуултад хариулт авлаа. Тэрбээр “Манай 59 дүгээр хэсгийн хороонд нийт 2712 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн. Бид яг 20 цаг 00 минутад ирцийн бүртгэлийн хаалтаа хийж, тайлангаа хэвлэж авлаа. Манай хэсэгт 1618 хүн саналаа өгсөн. Сонгогчдын ирц 59.66 хувьтай байна.
СЕХ-ноос тойрог бүрт хоёр хэсгийн хороонд саналын тоог гар аргаар тоолох үүрэг олгосны дагуу саналыг гараар тоолохоор боллоо. Одоогоор автомат машинаасаа үр дүнгийн тайлангаа хэвлэж аваагүй, зөвхөн ашиглагдаагүй, хүчингүй болсон саналын хуудсыг гараар тоолж байна” гэв.
Түүнчлэн “Санал хураах явцад онц ноцтой зөрчил гарсангүй. Харьцангуй хэвийн, тайван явагдлаа. ИБМТ-өөс албан ёсоор бүртгэгдсэн 2712 иргэнээс сонгуулиа өгч чадаагүй хэд хэдэн хүн гарсан. Хэдийгээр энэ хүмүүсийн хувьд гомдолтой байгаа ч нэгэнт мэдээллийн санд байхгүй, бүртгэгдээгүй иргэдийн саналыг авах ямар ч боломжгүй” хэмээв.
Тус хэсгийн хороо санал хураах үйл ажиллагаагаа албан ёсоор өглөөний 07:00 цагт эхлүүлжээ. СЕХ-ноос хэсэг бүрт хоёр ширхэг ICP автомат машиныг өгч, иргэдийн саналыг авсан байна. Хэдийгээр тус хэсгийн хороонд ямар нэгэн ноцтой зөрчил илрээгүй ч хоёрдугаар ICP машинд нь гацалт өгчээ. Энэ талаар 26 дугаар тойргийн 59 дүгээр хэсгийн хорооны ахлагч Б.Зулаас тодруулахад “Хэсэг бүр хоёр ширхэг ICP машинтай. Харин манай 59 дүгээр хэсгийн хорооны хоёрдугаар ICP машинд өглөөнөөс эхэлж гацалт өгсөн. Ерөнхийдөө хоёрдугаар машин гацаж, иргэдийн саналыг дахин оруулах үйлдлийг хийлгэсэн. Тиймээс бид нэгдүгээр машинд иргэдийн саналыг уншуулсан. Нэгдүгээр машинд ямар нэгэн зөрчил гараагүй хэвийн ажилласан. Өгөгдлөө тэр дор нь хүлээн авсан” гэлээ.
Оройн 23:00 цагийн үед санал тоолох явцад саналын хуудас бөглөсөн сонгогчдын тоо, иргэний бүртгэлийн машинд хуруугаа дарж бүртгүүлсэн сонгогчийн тоо хоёр зөрж будлиан үүсгэлээ. Тодруулбал санал тоолох явцад 1616 сонгогч саналаа өгч, саналын хуудсаа бөглөжээ. Гэтэл бүртгэл мэдээллийн машинд 1618 сонгогч хуруугаа дарж, бүртгүүлсэн байв.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 59 дүгээр хэсгийн хороонд СЕХ-ноос нийт 2866 ширхэг саналын хуудас ирүүлснээс хүчингүй буюу ашиглагдаагүй 1250 ширхэг саналын хуудас гарсан. Хэдийгээр 1616 иргэн саналаа өгч саналын хуудас бөглөсөн ч бүртгэл мэдээллийн машинд 1618 сонгогч бүртгэгдсэн байв. Тэд энэ талаар “Бүртгэл мэдээллийн машинаас шар, ягаан, цагаан өнгө бүхий гурван тасалбар 1605 ширхэг гарч ирсэн. Зөөврийн саналаар 11 хүн саналаа өгсөн. Ингээд нийт 1616 сонгогч саналаа өгсөн. Гэтэл бүртгэл мэдээллийн машинд 1618 сонгогч бүртгэгдсэн байна.
Магадгүй, иргэдийн хариуцлаггүйгээс болж саналын хуудас, иргэний бүртгэлийн машинд бүртгүүлсэн сонгогч хоёрын санал зөрж байна” хэмээн дээрх маргааныг хэсгийн хорооны ажилтан ингэж тайлбарлаад өнгөрсөн.
Зөвхөн ганцхан хэсгийн хороон дээр ийм алдаа гарсан бол олон нийтэд мэдэгдсэнээр сонгуулийн саналын хуудас тоолох үйл ажиллагаанд гарсан будлиан, зөрчлүүд чамгүй их байсан юм. Жишээ нь, Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн 9 дүгээр хэсгийн хороон дээр санал тооллого эхлээд удаагүй байтал санал тоолох машин гацаж, зэргэлдээ сумаас нөөц машин авч ирж санал тоолсон байна. Энэ үйл ажиллагаан дээр 60 санал зөрсөн.
Мөн хэвлэлээр Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшиж буй Н.Ганбямбыг ялагдсан гэж зарлажээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 23 дугаар тойргийн 7, 14 дүгээр хэсгийн хороон дээр багагүй зөрчлүүд илэрчээ. Тухайлбал, тус хэсгийн хороонд нэрсийн жагсаалтад 1771 сонгогч бүртгэгдэж, санал хураалтад 1230 хүн оролцсон ч автомат машины дүнгээр 1760 саналын хуудас гарсан байна. Энэ нь санал өгсөн нийт сонгогчдын тооноос 530 саналын хуудсаар илүү байсан гэсэн үг.
Тус тойргийн 16 дугаар хэсгийн хороонд нэрсийн жагсаалтад 2761 сонгогч бүртгэгдэж, санал хураалтад 1874 хүн оролцсон боловч автомат машины дүнгээр 2331 саналын хуудас гарсан нь санал өгсөн нийт сонгогчдын тооноос 457 –гоор зөржээ.
30, 34, 37 дугаар хэсгүүдийн саналын дүнг машины дүнтэй тулган шалгах хяналтын гар тооллого хийхээр шийдвэрлэсэн байсныг хэсгийн хороодын бүх гишүүдэд мэдэгдсэн ч тодорхойгүй шалтгаанаар болиулсан.
Сонгинохайрхан дүүрэгт хяналтын тооллого хийх явцад 20 орчим саналын зөрүү гарсан. Баянгол дүүрэг дээр санал тоолох машинаас гарч ирж байгаа билл нь саналын хуудаснаасаа зөрж, 1088 санал гарч ирэхээс 1006 санал гарч ирж, 42 санал хүчингүй болж, нийтдээ 1048 санал гарч, 40 санал зөржээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш