logo
Н.Түвшинбаяр, М.Бундмаа, Д.Сумьяа нар хүнд сугалаа татлаа

Н.Түвшинбаяр, М.Бундмаа, Д.Сумьяа нар хүнд сугалаа татлаа

2012/07/27
“Лондон-2012” Олим­пийн  наадмын нээлтийн маргааш нь буюу долоодугаар сарын 28-нд жүдо бөхийн тэмцээн болно. Энэ удаагийн Олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнд 135 орны 387 (эрэгтэй 233, эмэгтэй 154) жүдоч хүч үзэх бөгөөд манай улсаас есөн тамирчин зодоглоно.

Өчигдөр тэмцээний су­галаа болж,  манай цагаан өмсгөлтнүүд эхний даваанд хаанахын хэнтэй хүч үзэх болсон нь тодорхой болжээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогт Бразилийн Фелипе Китадатай таарчээ.

66 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, хө­дөлмөрийн баатар Х.Цагаан­баатар тун боломжийн сугалаа татжээ. Цагаанаа эхний тойрогт Кай Вен Тутай хүч үзэх бөгөөд түүнийг ялбал Австрали болон эзэн орны бөхчүүдийн аль ялсантай нь барилдана.

Мөн хэсгийн аваргын төлөө өнгөрсөн гуравдугаар сард манай оронд ирж байсан залуучуудын дэлхийн аварга Францын Давид Ларосетой барилдах магадлалтай байна.

73 кг-д ОУХМ С.Ням-Очир эхний тойрогт Германы Кристофер Воелктой хүч үзэхээр боллоо.

-100 кг-д Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тун хүнд сугалаа татлаа. Олимпийн аварга маань эхний даваанд Тайландын Теерават Хомклинтай хүч үзнэ. Түүнийг ялбал 2010 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдаад дийлдэж байсан Францын Тьерре Фабре болон барил­даан таардаггүй Египетийн шилдэг жүдоч Рамадан Дарвиш нарын хэн ялсантай барилдана. Үүнийг аргалчихсан тохиолдолд хэсгийн аваргын төлөө Узбекистаны Рамаздан Саидов гэсэн эвгүй өрсөлдөгч хүлээж байгаа.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д энэ жилийн Азийн аварга ОУХМ М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Ка­захстаны Александра Под­радоватай хүч үзнэ. Харин казах бүсгүйг ялбал хэсгийн аваргын төлөө Бээжингийн Олимпийн аварга Алина Думитрутай учирна.

52 кг-д МУГТ М.Бундмаа эхний тойрогт Гаитигийн Линоусе Десравинетэй ба­рилдах бөгөөд дараагийн даваанд өөрийн хүчтэй өрсөлдөгч, 2005 оны дэл­хийн аварга Кубын Янет Бермойтой хүч үзэхээр болов.

57 кг-д ОУХМ Д.Сумъяа эхний тойрогт Улаанбаатар хотод болсон “Чингис хаан” Дэлхийн цомын хоёр удаагийн түрүү БНСУ-ын Ким Жан Дитэй оноолт таарлаа. Хэрэв давбал түү­нийг Бээжингийн Олимпийн аварга Италийн Гуила Куинтавалле хүлээж байгаа.

63 кг-д  ОУХМ Ц.Мөнх­заяа  Палау  улсын Женнифер Ансонтой эхний даваанд барилдахаар боллоо.

-78 кг-д Азийн хошой аварга ОУХМ П.Лхамдэгд эхний тойрогт гоц мөргөж, Их Британи, Португалийн жүдочдын ялсантай нь барилдана.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш