logo
Хуулийн хүрээнд, дахиад хуулийн дагуу...“гацаа”

Хуулийн хүрээнд, дахиад хуулийн дагуу...“гацаа”

2012/08/01
Нөхцөл байдал МАН-д тун таагүй л хандаад байна даа, ойрд. Тэдний цагаандаа гарсан тулгалт, наймааны эсрэг АН-аас эрс шийдмэг хариу өгч байна. Ах нарын зүгээс урьд өмнө нь наймаалцаад, тохиролцоод болоод байдаг байсан, одоо ч тохиролцъё, бид өмнө нь та нарыг сөрөг хүчин байхад хамтарсан шүү дээ гээд ч тусыг олохгүй л байна. Харин өөдөөс нь сүүлд ургасан эврүүд “Наймаалцаж, тохиролцдог жилүүдэд л та нар төр барьж байсан” гэсэн хариулт өгдөг байгаа.

Туршлага гээч нь тэвчээрийг хэлдэг байж ч болох. Тиймдээ л ууган намынхан удаанаар, маш удаанаар хөдөлж байна. Аливаад яаралгүй, алгуураар АН-д хүлээн зөвшөөрүүлэх тулгалтыг хийж байна. Үнэндээ сонгуулийн үр дүнгээр хэн нэгэн нам үнэмлэхүй олонхи болоогүй юм чинь, тохиролцох л ёстой. Ард түмний сонголт бүгдээрээ хоорондоо ярилцаж, зөвшилцөж байгаад шийдээрэй, гэхдээ АН асуудлыг гартаа авч ажиллаарай гэсэн. Тэрийгээ ч хийж байх шиг байна. Мэдээж үүнийг ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөхийн дайтай зүйрлэж болохгүй л дээ. Юуны тулд зүүний үзэл баримтлал болон баруун чигийн талаар ярьдаг билээ, угаасаа хоорондоо таарахгүй номлолууд.

АН хийгээд МАН-ын маргаан бүгд хуулийн хүрээнд гэдгийг энд онцлох хэрэгтэй. Ер нь тэгээд одоо ч хуулийг хүн болгон өөрийнхөөрөө тайлбарлаж болдог цаг. Монголчууд нэг зүйлийг олон үгээр тайлбарладаг аргагүй баялаг сэтгэхүйтэй ард түмэн юм хойно, тэгээд энэ ард түмний шилэгдмэл хөвгүүдийн мөчөөрхөл өрнөж байгаа болохоор тэд хуулийг хэдэн ч талаас нь тайлбарлаж чадна л даа. Хуулийн хүрээнд УИХ-ыг гацааж, хуулийн дагуу л зөвшилцөх гээд зүтгээд байгаа. Нөгөөдүүл нь ч Монгол Улсын хуулийн бүрэн үйлчлэлийн хүрээнд УИХ-ын даргыг сонгож, улмаар төрийн гацааг арилгахаар ажиллаж байна.

Гэхдээ дээрх хуулийн хүрээллүүд бүгд УИХ-ын ажлыг урагшлуулах хийгээд, жаахан цаг алдсан ч ярилцаж байгаад үргэлжлүүлэх тухай заалтууд юм. Эдгээр нь УИХ-ыг тараах тухай хуулийн заалтын дэргэд жижигдэнэ л дээ. Юу гэвэл Монгол Улсын Үндсэн хуулийн 22 дугаар зүйлд зааснаар бол, Ерөнхий сайд томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах эсвэл Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргадаг тухай тусгажээ. Тэгэхээр харамсалтай нь МАН-д дахиад ч шантаажлах боломж байгаа байх нь. Яахав энэ удаад УИХ-ын даргыг өөрсдөөс нь асуулгүй сонголоо гэж бодоход дараа нь Ерөнхий сайдын асуудлаар түгжээ хийж болох юм. Мэдээж тэд цөөнх. Гэхдээ 25 гишүүнтэй цөөдөөд байхааргүй цөөнх. Тэгээд ч “Шударга ёс” эвсэл ч бас хоорондоо асуудалтай болоод байгаа гэсэн. Тэндээс зарим нэг “хатуу чихтэй” цэргүүдийг нь талдаа урвуулчихгүй гэх газаргүй. Тэгвэл наймаалцахаас өөр аргагүй болно.

МАН-ынхан мэдээж Засгийн газарт орж, төрийн бялуунаас хуваалцъя гэж зүтгэхгүй нь лавтай. Харин тэд өөрсдийн 20 жил барьсан захиргааны тогтолцоогоо нураалгахгүй байх тохиролцоо хийх байх. Төрийн байгууллагын удирдлагуудын халаа сэлгээг тодорхой хэмжээнд барих замаар өөрийн нөхдийг даргын суудалд нь хэвээр үлдээх тохиролцоо юм. Бас үүнээс гадна сонгуулийн саналын хуудсыг гараар тоолох, сонгуулийн хууль зөрчсөн ч нэгэнт ялалт байгуулчихсан өөрийн намын гишүүдийн тангаргийг өргүүлэх гэсэн тулгалтууд байгаа нь тодорхой. Энэ бүх шаардлагыг нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд төрийн эрх барих дээд байгууллагын гацааг арилгах түлхүүрийг өгч болно. Аан бас баруун, зүүнээрээ солино гэж байгаа. Монголын хууль, хуулийн хүрээн дэх гацаа ийм л байна.
М.Бүүвэй 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш