logo
Мэрилин Монро нас барснаас хойш 50 жил өнгөрчээ

Мэрилин Монро нас барснаас хойш 50 жил өнгөрчээ

2012/08/06
1950-иад оны дунд үед "Америкийн секс билэг тэмдэг" гэгдэж байсан жүжигчин Мэрилин Монро одоогоос 50 жилийн өмнө учир битүүлгээр хорвоог орхисон юм. Шүтэн бишрэгчид нь алдарт жүжигчнийг одоо ч гэсэн санан дурссаар байна.
Алдарт жүжигчин Мэрилин Монро1962 оны наймдугаар сарын таванд буюу 36-хан насандаа хорвоог орхисон. Түүнээс хойш хагас зуун жил өнгөрчээ. Түүний нас барсан шалтгааныг хэвлэлээр нойрны эмийн тунг хэтрүүлэн хэрэглэснээс болж хордож нас барсан, Монро амиа хорлосон гэх мэт янз бүрээр мэдээлж байсан байна.
Гэвч 1980 оны орчмоос амиа хорлосон тухай яриа замхарч, хэн нэгэнд хорлогдсон байх магадлалтай хэмээн яригдах болсон. Эм уухдаа даруулж уусан усны сав олдоогүй, харилцуур утас барьсан байдалтай олдсон хэдий ч ярианы тэмдэглэл бүртгэгдээгүй байсан, мөн түүний улаан өнгөтэй тэмдэглэлийн дэвтэр алга болсон нь түүний үхлийг оньсого болгосон юм.
Жүжигчний үхэлд ах дүү улс төрчид болох ерөнхийлөгч  Жон Кеннеди, Ерөнхий прокурор Роберт Кеннеди нартай янаг амрагийн харилцаатай байсан нь холбоотой байж магадгүй гэсэн таамаг байдаг.
Сюзи Кеннеди 14 жилийн турш Мэрилин Монрогийн стил имижийг дуурайсаар иржээ. Тэрээр кино болон жүжигт Монрогийн дүрийг олон удаа бүтээсэн байна. Сюзи алдарт жүжигчнийг хүндэлж биширч явдаг тухайгаа ярьжээ.
Монрогийн шүтэн бишрэгчид одоог болтол түүнийг санан дурсаж, булшин дээр нь цэцэг тавьдаг билээ. Мэрилийн Монро 1926 оны зургадугаар сарын нэгэнд төрсөн бөгөөд түүний жинхэнэ нэр нь Норма Жин Бэйкер юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш