logo
 “Урт нэртэй” хууль нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй учраас хэрэгжихгүй байна

“Урт нэртэй” хууль нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй учраас хэрэгжихгүй байна

2012/08/07
Шинжлэх ухааны академийн Гео экологийн хүрээлэнгийн газрын нөөц, ашиглалтын салбарын эрхлэгч доктор (Ph.D) Я.Баасандоржтой Монгол орны байгаль орчны өнөөгийн байдал, түүнд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар ярилцлаа.

-Таныг саяхан Төв, Сэлэнгэ аймгийн нутгаар судалгааны ажлаар яваад ирсэн гэж сонслоо. Судал­гааны зорилго юу байв?

-Сүүлийн гурван жил хур тундас  ихтэй байгаа болохоор байгаль дэлхийн өвс ургамал харьцангуй сайхан байна. Өмнө нь нийт газар нутгаар ган гачигтай, хөрс доройтох явдал их гарсан. Үүнээс болж ард иргэдийн сэтгэл гутранги байдал ажиглагдсан. Энэ жилийн хувьд их сайхан байна.

Бэлчээрийн доройтол түүнд нөлөөлж буй хүчин зүй­лүүдийг судлах, мөн бэл­чээр ашиглалтын төлөв байд­лыг үнэлэх явдал су­дал­гааны маань гол зорилго байсан. Манай орны газар нутгийг экологийн талаас нь авч үзэхэд маш эмзэг гэж үздэг. Үүнийг эх газрын эрс тэс уур амьсгалтай, хөрсний үржил шим  ядуу, бэлчээрийн  ургацын  ур­гамал бага, ургамлын төрөл зүйл цөөн зэргээр судлаачид тайлбарладаг.

-Хөдөө аж ахуйн газрын экологийн доройтол хэдэн хувьтай байна вэ?

-Би 1980-аад оноос энэ чиглэлээр судалгаа хийсэн. Суурь судалгаа нь 1950-аад оноос эхэлсэн байдаг. Эдгээр судалгааг арван жи­лийн давтамжтайгаар харь­цуулж үзэхэд ургацын өөрчлөлт зарим газраа 50 хувь, хүн байгалийн хүчинд зэрэг автсан газар нутагт 60-70 хувь нь байхгүй болсон судалгааны дүн гарсан.

-Газрын хөрсний дорой­толд уул уурхайн үйлд­вэрлэл, бусад хүчин зүйл их нөлөөлж байна гэсэн судалгаа бий. Энэ талаар тайлбар өгөөч?

-Улс орны хөгжил, хүн төрлөхтний хөгжилтэй уял­дуулаад Монголд хот суурин байгуулах, зам тээвэр ашиг­лах, уул  уурхайн үйлд­вэрлэл явуулах ажил XX зууны сүүл үеэс эхэлсэн. Одоо бүр идэвхжих янзтай болж  байна. Ялангуяа  эдийн засгийн гол хөшүүрэг болж буй уул уурхайн хайгуул, олборлолт, тээвэрлэлт их явагдаж байна. Энэ нь байгаль орчинд, хөрсөнд сөргөөр нөлөөлдөг.

Судлаач хүний хувьд эрдэс баялгаа ашиглах нь зөв гэхдээ байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байна. Гэхдээ манайд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд тэр бүр байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулахгүй байна. Тухайлбал, нүүрс, алт, зэсийг нь авчихаад ямар ч нөхөн сэргээлт хийлгүй орхисон газрууд Булган, Сэлэнгэ, Төв, Өвөр­хангай зэрэг аймагт нэлээд тааралддаг. Тэд ядаж нө­хөн сэргээлт хийдэггүй юм аа гэхэд ургамал ургах нөхцөлийг нь бүрдүүлэх шаардлагатай.

-Өнгөрсөн хавар УИХ-аас Байгаль орчны багц хуулийг батлан гаргасан. Та хуулийн төслийн аль хэсэгт ажиллав. Ямар онцлогтой хууль болсон бэ?

-Бидний хуучин мөрдөж байсан Байгаль орчны хуульд хамгаалах, ашиглах талаар зүйл заалт их байсан. Харин шинээр батлагдсан Байгаль орчны багц хуульд бохирдуулагчтай   хариуц­лага тооцох, тэр талын нөх­цөлийг бүрдүүлэх ба­римтлалыг түлхүү оруулж өгснөөрөө онцлог.

Би Хөрс хамгаалах, цөл­жилтөөс сэргийлэх хуу­лийн төслийг боловс­руулахад гар бие оролцсон. Энэ хуулийн гол агуулаг нь газрын хөрс хэмээх доройтож, сэргэж байдаг нөөцийг хэрхэн хам­гаалах, сэргээх талаарх хууль эрх зүйн орчинг бүр­дүүлж өгөхийг зорьсон. Ту­хайлбал, ашиглагч хөрсөө байнга хамгаалж байх. Нөгөө та­лаас ашиглагч хөрсийг бо­хирдуулж, доройтуулсан бол хариуцлага хүлээж байх ёстой. Мөн хөрсийг дорой­туулахгүй талаар ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг урамшуулж байх гэсэн ерөнхий зарчим бий.

-Монгол Улсын байгаль орчноо хамгаалах хууль эрх зүйн орчин харьцангуй сай­жирч байна гэж ойлгож байна. Үүний нэг нь “Урт нэртэй” гэгдэх Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг их сайн хууль болсон гэдэг. Таны бодлоор юу гэж үздэг вэ?

-Байгаль орчноо хам­гаалах талаар төр засгаас олон арга хэмжээ авч бай­гаагийн нэг нь гурван жи­лийн өмнө батлагдсан “Урт нэртэй” хууль. Энэ хууль гараад нэлээд хугацаа өн­гөрсөн ч хэрэгжихгүй бай­гаа нь нийгэмдээ зохи­цох­гүй, хэрэгжих нөхцөл нь бүрдээгүй, төрд үзүүлэх ачаалал  ихэсч байгаа юм шиг харагддаг. Тэгэхээр суд­лаач хүний хувьд энэ хуулийг сайн хууль гэж хэлэхгүй.

Хуулийн агуулга үзэл санааны хувьд байж болох ч Монголын  өнөөгийн  нөх­цөлд хэрэгжих боломж бага байгаа учраас л хуулийн хэрэгжилт удаан байгаа байх.

-Монгол  орны  газар  нутаг уул уурхайн компа­ниудаас болж сүйдэж дуус­лаа гэсэн иргэний нийг­­мийн бай­гууллагууд  жаг­саал хийх юм. Үнэхээр манай бай­­галь орчин сүйрлийн ирмэгт ирээд байна уу?

-Байгаль орчны иргэний нийгмийн байгууллагууд олон. Тэднээс Байгаль ор­чин, аялал жуулчлалын яам­тай хамтран ажиллаж үр дүнд хүрч байгаа нэг хэ­сэг байгаа. Мөн нэг хэсэг газрыг бохирдууллаа гэж компанийн хэвийн үйл ажиллагаанд саад болдог, мөнгө нэхдэг нөхөд бий.

Гэхдээ  байгаль  орчныхоо төлөө дуугарч байгаа иргэд, хөдөлгөөнүүдийг буруут­гах аргагүй.  Энэ  байх  ёстой   зүйл. Иргэний хө­дөл­гөөнүүдийн тэмцлийн хэлбэрийг харж байхад ихэвчлэн нэг хэсэг газар нутаг, тухайлсан аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагааг эсэргүүцэж бай­гаа нь ажиглагддаг. Хамгийн гол тулгамдаад байгаа асуудал болох бэл­чээрийн доройтолд нөлөө­лөөд байгаа масс, авто замын сүлжээг эсэргүүцсэн жагсаал цуглаан болохгүй юм. Энд иргэдийн дуу хоолой дутагдаж байна. Яагаад Таван толгойгоос урагшаа хил рүү шороон за­маар тээвэрлэхийг зог­соохыг шаардаж болохгүй гэж. Мон­гол хүн бүрийн сэтгэл зүрхэнд байгалиа гэсэн чин хүсэл байдаг гэдэгт итгэдэг.

-Монголчууд эрт дээр үеэс байгалиа хамгаалж ирсэн өвөрмөц арга ба­рил­тай хүмүүс. Одоо тэр арга хэлбэр нь тохирохгүй болчихоод байна гэж зарим хүн ярьдаг?

-Монголчууд нүүдлийн мал аж ахуйтай улс. Тэр утгаараа бэлчээрээ зөв зо­хис­той хэрэглэх, хамгаалах тал дээр их анхаарч байсан уч­раас  жилийн дөрвөн ули­­ралд зохицон амьдарч ирсэн.

Өнөөдөр хүний хэрэгцээ маш их нэмэгдсэн учраас газар ашиглалтын олон хэл­бэр рүү өөрийн  эрхгүй орж байна. Тиймээс дээр үеийн арга  хэлбэр  тохирохгүй бо­­лох нь аргагүй. Одоо бид шороон замаар хэрээд ор­хи­­­чихсон, ухаад хамаг баял­гийг нь аваад явчихсан, мал нь бэлчих бэлчээргүй, уух ус нь уул уурхайгаас болж бохирдож үлдсэн газар нутаг үр хойчдоо үлдээхгүйн тулд байгалиа хамгаалах шинэ арга ухаан гаргаж хүүхэд залуусыг байгалиа хайрлан  хамгаалах сэтгэ­хүйд суралцуулах л шаард­лагатай байна.

Хэрвээ байгалийн баял­гийг ашиглаж л байгаа бол хамгаалах, нөхөн сэргээх ажлыг хэзээ ч орхигдуулж болохгүй. Хууль эрх зүйн орчин ч энэ чиглэл рүү орчихсон. Тиймээс иргэн бүхэн хуулиа үзэж, аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавих, тэмцэх эрх нь байна.

-Шинжлэх ухаан, су­дал­гааны байгууллагад зарцуулж буй хөрөнгө бага байгаа талаар шүүмжлэл гардаг. Та энэ талаар бодлоо хуваалцаач?

-Ний нуугүй хэлэхэд дутагдалтай зүйл их. Ялан­гуяа Шинжлэх ухааны акде­мийн хээрийн судалгаа хийдэг байгууллагуудын хээ­рийн томилолтын зардал, унааны мөнгө, багаж то­ног төхөөрөмж зэрэг хө­рөнгө мөнгөтэй холбоотой хүндрэлтэй асуудлууд их байна.

1990 оны сүүлч 2000 оны эхээр шинжлэх ухааны байгууллагууд үүдээ хаахад хүрээд байсан. Тэр үеийг бодвол өнөөдөр гайгүй болсон. Өөрсдийн гэсэн ма­шинтай, тав арван төг­рөгийн томилолттой ажилладаг болчихсон байна.

-Судалгааны ажил хийж байгаа  хүмүүсийн нийг­­мийн асуудал ямар байна. Нууц биш бол танай ажилчдын дундаж цалин хэд вэ?

-Манай дундаж цалин 350-450 мянган төгрөг бай­даг. Шинжлэх ухааны бай­гууллагад 35-50 насны хүмүүс цөөхөн байна. Энэ нь нөхцөл байдал хүнд байсан үетэй холбоотой. Өнөөдрийн ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь 30-аас доош нас­ныхан.

Одоо  энэ  залуусыг     тогт­­­вор сууршилтай ажил­луу­­­лахын тулд ажиллах нөхцөл бо­ломжийг сайж­руу­лах шаард­лагатай бай­на. Нийгэмд тулгамдсан аливаа асуудалд хариулт өгөхөд шинжлэх ухааны бай­гууллага  бэлэн байх үүрэг­тэй. Энэ салбарт тогтвортой олон жил ажил­лаж байж үр дүнд хүрдэг. Тиймээс бо­ловсон хүчнийг нь ажиллах бо­ломжийг залуугаас  нь бүрдүүлэх хэрэгтэй.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш