logo
Өвөлдөө зуд, зундаа үep болдгийг ахмадууд сануулсаар

Өвөлдөө зуд, зундаа үep болдгийг ахмадууд сануулсаар

2012/08/08
Наадмын дараа намар гэдэг. Зуны турш найр, наадам амралт зугаалганд явчихаад гэнэт санасан юм шиг өвөлжилтийн бэлтгэл, хадлан, бэлчээр, ургац хураалт хэцүүдлээ гэж ярьдаг нь гэм биш зан болжээ. 

Энэ жил хаа сайгүй бороо хур элбэгтэй байгаагаас газрын гарц сайн байгааг малчид хэлж байна.

Сүүлийн жилүүдэд өвөлдөө зуд, зундаа үер болоод байгааг ахмадууд байгаль дэлхий хилэгнэж байна гэж үзэж буй. Монгол орны өнцөг булан бүрт онгон дагшин байгалийг ухаж, байгалийн баялагийг гадагш нь зөөж байгаа нь нэгэнт ил болсон. Гэтэл онгичиж ухсан газраа эргэн нөхөн төлжүүлэхгүй байгаа нь харамсалтай. Энэ байдал удаан үргэлжилбэл сэтгүүлч Б.Галааридын “Шap тэнгисийн тарчлаан" жүжигт гардаг шиг зүйл удахгүй болохыг үгүйсгэх аргагүй юм. 

Малчдын хувьд ахиухан хадлан, тэжээл бэлдсэн байхад өвлийг өнтэй давдаг. Намар найрлаж налайчихаад өвөл нь зуданд нэрвэгдлээ, туслаач гэдэг малчдыг буруутгах нэгэн байхад зөвөөр ойлгох бас нэгэн бий. Харин тариаланчдын хувьд намрын гол ажил бол ургац хураалт. Өнгөрсөн хавар цаг агаар хүйтэрсэнтэй холбогдолтойгоор энэ жил ургац хураалт оройтож магадгүйг албаны хүмүүс хэлж байна. Жил жилийн дунджаас өнөө жил хур бороо нэлээд элбэг байгаа учир ургамал ургалтын биологийн хугацааг уртасгаж буй тал ажиглагдаж байна гэнэ.

Эх орныхоо хөрсөнд тариалсан шинэхэн монгол үрийн хүнсний ногоонуудаа хэрэглэгчдийнхээ гар дээр тавих цаг удахгүй болно. Сүүлийн үед хятад үрийн хүнсний ногоог идсэнээр хорт хавдрын шинжтэй өвчнүүд нэмэгдэх болсон гэнэ. Иргэд хямд үнэтэйг нь бодож хятад үрийн ногоо авдаг ч эрүүл мэндээ бодож монгол төмсөө авдаг хүмүүс ч олон. Харин энэ жил үрийг нь цэвэршүүлж байгаа гэсэн. Тэгэхээр шинэхэн монгол хүнсний ногоо хэрэглэх нээ. Жил бүр л ургац хураалт муу байна, хүн хүч дутуу техник хэрэгсэл хүрэлцэхгүй байна гэсэн яриа чих дэлсдэг. Харин энэ жилийн хувьд эдгээр асуудлаа шийдсэн байгааг албаны хүн хэлж байсан.

Хэдэн жилийн өмнө Ерөнхий сайд асан С.Баярын санаачилсан "Атрын III" аянд оюутан залуучууд оролцсоныг санаж байгаа биз ээ. 25 дугаар телевиз болон Армоне студи хамтран телевизийн реалити шоуг зохион байгуулж оюутнуудаар тариа ногоо хураалгаж, атар газрыг эзэмшүүлсэн. Уг нь социализмын үед оюутнууд намрын ажилд явдаг байсан гэдэг. 

"Мартагдашгүй намар" кинон дээр гардаг шиг залуус ажлыг бужигнуулдаг байсан гэх. Харин ардчилал гарснаас хойш энэ байдал алдагдсан байна. Өнөө жил ургац арвин авах төлөвтэй байгаа учраас хүн хүч, техник хэрэгслээ бэлтгээд ажиллах юм бол улаанбуудайг 430-440 мянган тонныг авах гэнэ. Тэгвэл төмс хүнсний ногоо болон, гурилын дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах юм. 

Ж.Цэцэг 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш