logo
Н.Төгсцогт олимпийн мөнгөн медаль хүртлээ

Н.Төгсцогт олимпийн мөнгөн медаль хүртлээ

2012/08/13
Лондон-2012 зуны олимпийн ХХХ наадмын боксын 52 кг-ийн жинд тулалдсан, гавьяат тамирчин Н.Төгсцогт боксын спортын их гүрнүүдийн нэг Кубын залуу тамирчин Робейси Рамирез Карразанатай хүч үзэж 14-17-ийн харьцаатайгаар ялагдан, мөнгөн медаль хүртлээ..
Алтан медаль хүртсэн боксчин нь энэ жил 19 настай, өнгөрсөн жилийн Пан Америкийн аваргад түрүүлсэн, Бакугийн ДАШТ-ий шөвгийн 16-д Н.Төгсцогтод энэ олимпоор ялагдсан ОХУ-ын Миша Алоянд ялагдаж байжээ.
Анхны олимпдоо оролцож буй дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Лондонгийн рингэнд эхний тойрогт Азербайжаны тамирчин Элвин Мамишзадатай учраа таарч, 18:11 (4-5, 7-3, 7-3) харьцаатай буулган авснаар ялалтын буухиагаа эхлүүлсэн. Улмаар Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт, Италийн тамирчин Винчензо Пикардиг 17-16 (4-6, 6-4, 7-6 ) харьцаатай, дараа нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Узбекистаны тамирчин Ясурбек Латиповтой нударга зөрүүлж, 15:10 (4-5, 5-3, 6-2) харьцаатай ялалт байгуулснаар хүрэл медалийн болзол хангасан билээ.
Хагас шигшээд ОХУ-ын боксчин Миша Алоянтай тулалдсан тэрбээр өрсөлдөгчөө 15-11 (6-4, 5-4, 4-3) харьцаатай буулган авснаар медалийн өнгөө хувиргаж, алтан медалийн төлөө тоглохоор болсон.
Ийнхүү манай үндэсний шигшээ багийнхан Лондонгийн олимпоос 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, медалийн тоогоороо түүхэнд байгаагүй амжилтаа үзүүллээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш