logo
 Пусси Райот хамтлагийнхан хоёр жил хоригдох ял сонслоо

Пусси Райот хамтлагийнхан хоёр жил хоригдох ял сонслоо

2012/08/18
Москва хотын сүмд ерөнхийлөгч Путины эсрэг утгатай дуу дуулсныхаа дараа шоронд таван сар гаруйн хугацаанд хоригдоод байсан Пусси Райот хамтлагийн гурван гишүүнд шүүх хоёр жил хорих ял оноолоо. Шүүгч Марина Сирова гурван эмэгтэйг шашны эсрэг үзэл гаргаж танхайрсан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн хэмээн буруутгажээ. 
Панк хамтлагийн дуучдад ял оноосныг Оросын зарим иргэд эсэргүүцэж, бусад нь дэмжиж байна. Яллагч тал тэдэнд гурван жилийн ял оноохыг шаардаад байсан юм. 
Шүүгч Сирова хэлэхдээ "24 настай Мария Алёхина, 22 настай Надежда Толоконникова, 29 настай Екатерина Самуцевич нар Үнэн Алдартны шашинтнуудыг үл хүндэтгэсэн, танхайрсан, өөрөөр хэлбэл нийгмийн хэв журмыг зөрчсөн" гэжээ. 
Пусси Райот хамтлагийнхны өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг давж заалдахад бэлэн байгаагаа хэлсэн байна. 
Москва хотын шүүхийн гадна Алексей Навальный болон бусад дэмжигчид нь цуглажээ. Ассошэйтед Прессээс мэдээлснээр энэ үеэр цагдаа нар дэлхийн шатрын аварга асан Гари Каспаров, сөрөг хүчний улс төрч Сергей Удальцов болон бусад жагсагчдыг баривчилсан байна. 
Парис, Киев, Белград, Берлин, София, Лондон, Дублин, Барселон зэрэг хотуудад оршин суугчид Пусси Райот хамтлагийнхныг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 
Мадонна, Пол Маккартни зэрэг зарим алдартнууд ч панк хамтлагийнхныг суллахыг шаардсан юм. 
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш