logo
Ногоон толгой /өгүүллэг/

Ногоон толгой /өгүүллэг/

2012/08/18
  Өглөө сэртэл нэг л биш. Уул нь толгой янгинаж, дагз минь лантуугаар балбачихсан мэт өвдөж байдагсан. Гэтэл өвчин огт мэдрэгдэхгүйгээр барахгүй хоосон оргих нь эвгүй. Сурсан зангаараа гал тогоо руу очиж ус залгилах санаатай өндиймөгц толинд тусах өөрийн дүрсээ хараад зог туслаа. Еэ базарваань! Толгой минь байдаггүй ээ. Тэгсэн хэрнээ би толгойгүй мухар биеэ харж байх нь аймшигтай. Тэмтэрч үзлээ нээрээ алга. 

-Аа аа, аа аа! Муухай бархирсаар буцаж орон дээрээ уналаа. 
-Яав чи чинь, галзуурав уу? Хүүхэд айлгачихлаа гээд авгай угаалгын өрөөнөөс гүйж ирлээ.

-Чи харахгүй байна уу? Миний толгой алга! 
-Хн! Ногоорч яваад л хаячихаа биз. Малгайгаа хамт гээгээгүй нь л яамай. Миний дотор харанхуйллаа. Ийм л хүнтэй би арван жил ханилсан байна шүү дээ. Байтлаа толгой минь нэг муу үрчинхий үнэгний арьснаас дор болж таарах нь. Шулмын цаад шулам байж дээ гэх бодол цээж урлаа. 

-Чиний толгойг нохой ч тоож шиншлэхгүй. Өрөөнд чинь л архичдын шүлс цэртэй холилдоод хэвтэж байгаа биз гэж цааш үглэхийг нь муухан сонсож, “Муу шулам эмгэн, бүр шүүр унаад нисдэг эмгэнээс ч долоон дор, үгээрийн муухай эмгэн” хэмээн дотроо харааж байсан ч гадагш гаргаж хэлж чадахгүй хэвтлээ. 
-Хөөш, босооч чи! Үйлчлэгч шүүрдээд, хогийн саванд хаячихаас нь өмнө тэр өмхий ногоон толгойгоо олж аваач! гээд муу шулам чинь ширүүлж байна. Арга буюу босч хувцаслаад гарлаа. Ажил дээрээ ирээд, навсархай өрөө рүүгээ орж, хайлаа. Байдаггүй ээ. Дөрвөн хөллөж байгаад ширээн доогуур сайн гэгч харлаа. Өрөөний муу дэвсгэрийн тамтаг дээгүүр нээрээ л бөөн шүлс цэр, тамхины иш үнс, архины бөглөө хөглөрсөн байдгийг анх удаа л анзаарлаа. Толгой минь алга аа. За байз, өчигдөр чинь яалаа. Хамгийн сүүлд улаан Бадарч, бөглөө Сүхээ хоёрын авчирсан юм дуусч, ганц юм нэмэхээр бодол болж байсан бүүр түүр санаанд орж байна. Бадарч руу залгалаа. 

-Байна уу? Ёо, ёо. Хэн бэ? 
-Би байна аа. Хөгшний чинь толгой байдаггүй ээ. Өчигдөр би өрөөнөөс яаж гарсан бэ? 

-Юу? Ямар өрөө?
-Үгүй ээ. Манай өрөө л байхгүй юу. 
-Нээрээ тийм билүү? Ёо, ёо. Шар, юу яах юм байна уу, үхлээ. 

-Чи бушуу хүрээд ир. Хурдал гэм! Улаан Бадарч, бөглөө Сүхээ хоёртойгоо нийлж үдээс өмнийн турш муу толгойгоо хайлаа. Олдохоосоо өнгөрсөн бололтой. Өрөөндөө буцаж орж ирээд хоёр үлхийсэн найздаа ганц шил юм задаллаа. Бөглөө Сүхээгийн магнайд хөлс бурзайгаад, 
-Тэр муу толгой хаачаа л гэж. Олдоно. Миний найз олон юм бодолгүй шараа тайл гэж байна. 

-Амгүй юм чинь яаж уухым? Юүлүүр авчраад юүлчих л дээ! гэж би дүрсхийлээ. Нээрээ бодоод байхнээ нь толгойгүй юм чинь юу өвдөж, юугаараа шартах вэ дээ. Шил юмаа дундруулж халж байгаа хоёр найзаа харж суухаас биш надад хазахын заяа байхгүй болсон байлаа. Хэд хонолоо. “Ногоон Лууяа согтуу явж байгаад толгойгоо гээсэн гэнэ” гэж аймаг даяар шуугив. Зарим нь бүр “Цаад ногоон чинь лонх хятад спиртээр толгойгоо өгчихсөн байхыг сийхгүй” гэж хүртэл цуурсан нь эхнэрийн чих дэлссэн байлаа. Манай өрөөгөөр архины найзууд хөлхөх нь цөөрсөөр. Бүр улаан Бадарч, бөглөө Сүхээ хоёр ч үзэгдэхээ болилоо. Аргагүй шүү дээ. Би хүнтэй адилхан толгойтой, уух амтай биш дээ. Дэмий л ажлаа халтарлаж, гутарч суух боллоо. Өрөө нэг ч тамхины ишгүй, дэвсгэр дээрээ ганц ч толбогүй цэмцийсэн ч нэг л уйтгартай. “Өнөөх Лууяаг чинь ногоон толгой нь л уруу татаад байж. Одоо бүр төрөл арилжсан гэнэ шүү” гэж цуурцгаах болов. Хурал болгон дээр миний архи уусан тухай авч хэлэлцдэг байсан бол одоо магтаж эхэллээ. 

-Тэр муу ногоон толгойг март гэж авгайг хэлэхэд нь миний уур хүрдэг байснаа сүүлдээ “Үгүй, нээрээ ч юм уу” гэж бодогдох болов. Хөдөлмөрийн аваргын тууз зүүж, аймгийн онцлох есөн хүний тоонд орж монцойдог юм байна. Нэг их удалгүй Төрийн захиргааны тэргүүний ажилтан цол тэмдэг, дараа нь Алтан гадас одонгоор энгэр цоолов. 
-Хөдөлмөрийн баатар ч ойртлоо шүү гэж эхнэр баярлана. Тэр муу ногоон толгой гай болж нэг газраас гараад ирэх вий дээ гэж би харин айна. Өглөө сэрэх бүрт нэг л биш мэдрэмж төрөх нь арилж өгөхгүй ч бушуухан энэ муу ёрын мэдрэмжээ бодлоосоо үлдэн хөөгөөд, “Бурхан минь, тэр муу ногоон толгойг хаа нэгтээ хэвтэж байвал чононд идүүлж хайрла” гэж залбирдаг болов. 

А.Амарсайхан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш