logo
Сайд нар аа, Оюутолгойн гэрээг өөрчилж чадах уу?

Сайд нар аа, Оюутолгойн гэрээг өөрчилж чадах уу?

2012/08/21
Шинэ Засгийн газрын сайд нар эхнээсээ томилолтоо өвөртөлж ажилдаа орлоо. Тэднийг сайдын суудалд суухын өмнө УИХ-ын гишүүд нэлээд онцгойлон авч үзсэн салбар бол Уул уурхайн яам. Энэ яамны сайдад АН-аас УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг дэвшүүлсэн. Харин түүнийг сайдаар батлахын өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ж.Батзандан нарын гишүүд нэлээд ширүүхэн асуулт тавилаа. Энэ нь Оюутолгойн гэрээг өөрчлөх. Угтаа өмнөх хамтарсан Засгийн газрын хамгийн том бүтээн байгуулалт нь Оюутолгойн гэрээ гэж байсан. Уг гэрээнд тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын Л.Гансүх нар сүр дуулиантайгаар гарын үсэг зурсан. Гэрээнд гарын үсэг зурах ёслол болж Засгийн газрынхан сайн гэрээ болсныг амаа олохгүй магтаж байлаа.

Гэрээний талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Оюутолгойн гэрээг баталснаар монголчууд бид улсаараа урагшаа нэг алхлаа" гэж дүгнэсэн. Түүнчлэн Баабар "Хоёр их гүрний дунд оршдог Монгол Улсын хувьд гуравдагч хөршийн оролцоо маш чухал. Канад болон Англи Австралийн компанийг Оюутолгойд сонгосон. Одоо Оюутолгойн менежмент дэлхийн уул уурхайн акул Рио Тинтогийн мэдэлд бүрэн шилжлээ. Хэрвээ канадууд, улмаар Рио Тинтог сонгоогүй бол Хятадын төрийн өмчит аль нэгэн компани Оюутолгойд орж ирэх нь тодорхой байлаа" хэмээн бичсэн байдаг.

Харин Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Камерон МакРей Монгол сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа "Хөрөнгө оруулалтын гэрээг зургаан жилийн турш хэлэлцсэний үр дүнд Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшихээр болсон. Сүүлийн үед Оюутолгойн гэрээнээс болж Монгол Улс 60 гаруй жилийн туршид өртэй боллоо гэж мэдээлж байгаад би хувьдаа гайхаж байна. Хэрэв гэрээ үнэхээр ийм эрсдэлтэй байсан бол Рио Тинто групп оролцохгүй шүү дээ. Ерөөс Оюутолгой төсөл нь 2020 он гэхэд Монгол Улсын эдийн засгийг 35 хувиар өсгөхөөр үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн нөлөөгөөр ДНБ-ий хэмжээ 1/3 хувиар өснө, экспортын 50 хувийг бүрдүүлнэ... Оюутолгойн бүтээн байгуулалтад өдөр тутам 10,4 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа. Төслийн үйл ажиллагаа анх эхлэхэд нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байсан бол 2012 он гэхэд хөрөнгө оруулалт зургаан тэрбум долларт хүрчээ. Гэхдээ далд уурхайгаас олборлолт хийж, баяжуулах үйлдвэрийг өргөтгөхөд нэмж ойролцоогоор дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж үзэж байгаа" хэмээжээ.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ 2010 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсноор Монголын тал "Оюутолгой" ХХК-ийн хувьцааны 34 хувийг эзэмшигч, хувь нийлүүлэгч болсон. Харамсалтай нь Оюутолгойн гэрээ ашиггүй гэрээ болсон гэх судлаачдын дүгнэлт гарсан. УИХ-ын Тамгын газрын Судалгаа шинжилгээний албанаас явуулсан мэргэжилтнүүдийн судалгаагаар Монгол Улсад Оюутолгойн гэрээ нь ашиггүй гэрээ болсон хэмээн дүгнэжээ. Судалгааны ажлын хэсэгт манай улсын уул уурхайн томоохон эрдэмтэд, эдийн засагчид багтжээ. Тэрхүү дүгнэлтэд "Монгол Улсын татварын хуулиудад заасан журмын дагуу бүх татварыг төлөхөөр өөрчлөлт оруулах ёстой байсан бөгөөд Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авах ёстой" байсныг онцлон дурдсан байна. Нөгөөтэйгүүр Монголын тал өөрийн эзэмшлийн 34 хувиа барьцаалан Оюу толгойгоос 1.7 тэрбум ам.долларын зээл авсан нь том эрсдэл дагуулсан хэмээн судлаачид үзжээ.

Түүнчлэн зарим төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөн, судлаачид "Оюутолгойн гэрээ бол монголчуудад нэн ашиггүйгээр, тэгэхдээ бүр хамгийн адгийн хувилбараар хийгдсэн луйврын шинж чанартай, гамшгийн уршигтай гэрээ" хэмээж байгаа. Оюутолгойн гэрээг өөрчлөх бодолтой хүмүүс энэ УИХ-д цөөнгүй байгаа. Гэрээ хийхэд гap бие оролцож, сайн гэрээ хийсэн хэмээн сайрхаж байсан хүмүүс одоо УИХ-ын дэд даргын суудалд заларчихлаа. Тиймээс шинэхэн сайд нараас асуух асуулт байна.

Н.Будсүрэн
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш