logo
Иргэд тоон гарын үсэг эзэмшиж болно

Иргэд тоон гарын үсэг эзэмшиж болно

2012/08/23
Татварын ерөнхий газрын Мэдээлэл технологийн төв нь Тоон гарын үсгийн нийтийн болон хувийн түлхүүрийн дэд бүтцийг бий болгох, түүнийг цахим харилцаанд оруулан ашиглах зорилгоор Цахим тайлангийн системд Тоон гарын үсэг ашиглан татварын тайлан хүлээж авах шинэ програм нэвтрүүлж эхлээд байгаа билээ. Тиймээс тоон гарын үсэг эзэмшихийг хүсэгчид өөрийн харьяалагдах татварын албандаа хандаж болох юм байна.

УИХ-аас 6 бүлэг, 36 бүхий Цахим гарын үсгийн тухай хуулийг 2011 оны 12 дугаар сарын 15 өдөр баталсан. Уг хуулийн үйлчлэх хүрээ нь Төрийн нууцад хамаарахаас бусад мэдээ, баримт бичгийг цахим хэлбэрээр шилжүүлэх, дамжуулахыг зохицуулах юм.

Цахим гарын үсэг гэдэг нь цахим баримтад гарын үсэг зурсан этгээдийг тодорхойлох зорилготой цахим баримт бичигт хавсаргасан буюу нэгтгэсэн үг, үсэг, тоо, тэмдэг, дүрсийг агуулсан цахим өгөгдлийг хэлдэг. Харин тоон гарын үсэг нь цахим баримт бичгийг хуурамчаар үйлдэх, өөрчлөхөөс хамгаалах зорилгоор тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг криптограф хувиргалтад оруулж үүсгэсэн, баримт бичгийн бүрдэл болох цахим гарын үсгийн өгөгдлийг хэлдэг юм.

Одоогийн байдлаар 6000 гаруй Татвар төлөгч аж ахуйн нэгж Тоон гарын үсэг ашиглан татварын тайлангаа өгч, үнэт цагаа хэмнэн Тоон гарын үсгийн үр шимийг хүртэж байгаа аж. Тиймээс Цахим тайлангийн системд Тоон гарын үсэг ашиглах заавар, журамтай танилцан, Тоон гарын үсэг эзэмшихийг хүссэн иргэд өөрийн харьяалагдах Аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэст хандахыг ТЕГ-аас зөвлөж байна.

Н.Туяа 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш