Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулуунтай уулзахаар Соёл урлагийн их сургуулийг зорилоо.
Тэрбээр “Ажил ихтэй, зав муутай. Олон удаа яриулж, хэд дахин хойшлуулаад, чамд баахан төвөг удчихав уу даа” гэсээр угтсан юм. Түүнтэй зуны амралт, уран бүтээлийн талаар ярилцангаа Л.Чаминчулуун хэмээх хувь хүн чухам хэн бэ гэдэг асуултдаа хариулт хайж суулаа.
Ямагт ихэмсэг ярвагар харагддаг гавьяат үнэн хэрэгтээ сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн бололтой. Тэрбээр юм бүхэнд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж, нүүрнийхээ бараг л бүх булчинг ажиллуулж байгаа болов уу гэмээр ярих аж. Ингэж байгааг харахаар “Амьдрал дээрээ хүртэл жүжиглээд л...” гэж бодогдсоныг нуух юун. Гэвч ярилцлагаа өндөрлөсний дараа түүнтэй хэдэн хором ярилцаж, мэргэжил нэгт нөхөдтэйгөө харилцаж байгааг нь хараад “Энэ бол огтхон ч жүжиглэлт биш. Жинхэнэ Л.Чаминчулуун юм байна” гэдгийг ойлгосон юм.
-Өвөрмонголын өөртөө засах оронд хоёр сар хэртэй ажиллаад ирсэн. Зорьсон ажил тань бүтэмжтэй юу?
-Сайн яваад ирлээ. “Улаан мөчир” чуулгын урилгаар Зүүн үзэмчинд 20 хоног ажилласан. Өвөрмонголд миний шавь нар нэлээд байдаг. Нэмээд 50-иад шавьтай боллоо. Өвөрмонголд анх удаа мэргэжил дээшлүүлэх сургалтын үйл ажиллагаа зохион байгууллаа.
Мөн долоодугаар сарын нэгэнд болсон яруу найргийн үдэшлэгт “Одон” телевизийн хөтлөгч Отгонсодын урилгаар оролцож, Д.Цоодол багшийн “Харамчийнхны дууль”-ийг уншиж сонирхууллаа. Их сайхан үдэшлэг болсон. Олон сайт дээр миний бичлэг, зураг хөргийг нийтэлсэн байна лээ.
Тус телевизийн кинонд дуу оруулагч Анхиламын урилгаар кинонд дуу оруулах хүсэлтэй хүүхдүүдэд зориулсан 10 хоногийн дамжаанд хичээл заасан. “Одон” телевизийнхэн намайг их сайхан хүлээж авч, дэмждэг. Энэ удаа тэд намайг түүхэн газруудаар аялууллаа. Алдарт Гүмбэнд очиж мөргөлөө. Ээж, аавууддаа ном уншуулж, 200 зул өргөлөө. Тэнд байдаг найман сайхан суварганд сүү өргөж, үр хүүхэд, шавь нараа даатгалаа.
-Та долоодугаар сарын 27-нд эх орондоо ирсэн. Гэвч “Маргааш Хужирт явлаа” гэж байсан?
-Би Хужиртын рашаанд жилдээ заавал очдог юм. Тэр заншлаараа Хужиртад очиж, сайхан сувилуулаад ирлээ. Бас зүгээр амарсангүй. Амарч байхдаа амрагч, сувилуулагчдын хүсэлтээр хоёр удаа тоглосон. Зуны амралт маань иймэрхүү байдалтай л өнгөрлөө. Одоо их ажлын өрнүүн үе эхэлж байна.
-Оюутнууддаа тайзны ярианы хичээл заахын зэрэгцээ уран бүтээлдээ нэлээд цаг зарцуулахаар төлөвлөж байгаа гэл үү?
-Тийм ээ. 10 дугаар сарын 17, 18-нд миний нэрэмжит уран уншлагын улсын уралдаан болно. Энэ уралдаанд урлагийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг бүх сургуулийн оюутнууд оролцох боломжтой. Оролцох хүүхдүүдээ есдүгээр сарын сүүлчээр бүртгэж эхэлнэ.
Түүнчлэн 11 дүгээр сарын 23-нд тайлан тоглолтоо хийхээр төлөвлөсөн. Тоглолтод маань хошин урлагийнхан, шавь нар, хамтарч ажилладаг уран бүтээлчид маань оролцоно. Би өөрөө бие дааж, үзэгчдэдээ гэнэтийн бэлэг барих маягаар олон сайхан үзүүлбэр бэлтгэх бодолтой байна. Уран бүтээлч хүнд юу хийх боломж бололцоо байдаг юм. Тэр бүхнийг ашигласан сайхан үзүүлбэрүүд гаргаж ирэхийг зорьж байна.
-30 гаруй жил урлагийн төлөө зүтгэлээ. Бие хүний хувьд ч нас намба сууж байна. Өтөл насны хөрөнгөө залуудаа бэлтгэдэг гэдэг. Овоо юм хуримтлуулсан уу?
-Би амьдралынхаа туршид асар их мэдлэг хуримтлуулсан. Багш хүн шинээр сэтгэж, шинээр боловсруулж, шавь нартаа зөв, үнэн юмыг дамжуулахын тулд байнга тэмцэж байдаг. Тиймээс би өөрийгөө алхам тутамдаа, жилээс жилд цэнэглэж байдаг гэж боддог. Ингэхгүйгээр миний ажил явахгүй. Сайн уран бүтээлч ч төрөхгүй шүү дээ.
-Хуримтлуулсан мэдлэгээ түмний хүүхдүүдтэй хуваалцаад л?
-Би нэгэн үе өөрөөрөө бахархдаг байлаа. Одоо өрөөлөөр бахархах үе маань ирж байна. Шавь нар, хүүхдүүд, хань, ач нар маань миний сэтгэл зүрхний бахархал.
-Өөрөөрөө омогшиж байсан тэр цаг мөчийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-1990-ээд онд хошин урлагийн театр анх байгуулагдаж байхад Д.Батсүх, Б.Туяа, Д.Сосорбарам бид хэд хамтарч, уран бүтээл хийдэг байлаа. Хөлөө олоод, тодорхой түвшинд гардаг үе хүн бүрт байдаг шүү дээ. Тэр үед тийм түвшинд гарах хувьсгалын тохироо маань бүрдсэн. Шижгэнэсэн уран бүтээл туурвиж, Монголын ард түмнийг байлдан дагуулж байсан үеэ би хэзээ ч мартдаггүй.
-Хоёр хүүдээ зориулж ямар нэгэн нандин өв бэлдэв үү?
-Хүнд боломжийнхоо хэрээр тусалж бай. Хүнд хэзээ ч муу санаж болохгүй. Хүн чамд муу санасан ч хариуд нь муухай хандаж болохгүй. Яг түүнтэй нь тэнцэхүйцээр сайн санаж яваарай. Тэгвэл ажил үйлс чинь өөдрөг байна. Сэтгэл санаа чинь ч сайхан болно. Эдгээр үг л хоёр хүүгийн сэтгэл зүрхэнд шингэсэн гэж найдаж байна.
Амьдрал бол тэмцэл. Хамгийн гол нь зөв л тэмцэх хэрэгтэй. Би өнөөдөр хүнд муу хэлүүлэхгүй байна гэвэл худлаа. Муу хэлүүлж, хатгуулж, атаархуулж л явна. Гэвч энэ бүхнийг эерэгээр хүлээж авч болдог юм. “Энэ бүхэн намайг хурцалж байна” гэж ойлговол миний ажил урагшаа л явна. Тиймээс гэрэл гэгээтэй юмыг сэтгэл зүрхэндээ насан туршдаа хадгалж явах хэрэгтэй. Тэр эрчээрээ хүнлэг, хүний төлөө, хүмүүсийг зөв алхахад нь тус дэм болох, сайн бүтээлүүд төрөн гардаг.
-Уран бүтээл гэдэг бүтээгчийнхээ зан араншин, хүн чанартай холбоотой гэдэгтэй санал нийлдэг байх нь ээ?
-Уран бүтээлчид дээд зэргийн хүнлэг, хүн чанартай байх ёстой. Тийм хүнээс л сайн уран бүтээл гардаг. Багш нар бүгд өрөөлийн хүүхдийг зөв яваасай гэж өөрийн биеэ элээн зүтгэдэг. Энэ сайхан эрмэлзлийнх нь хүчээр тэдний сэтгэл өдрөөс өдөрт өнгөлөг болж байдаг гэж боддог.
Би хүн болох гэж энэ хорвоод мэндэлсэн. Одоо хүн болчихсон, хийж бүтээгээд явж байгаа. Миний сэтгэл зүрхэнд хоногшсон, эргэн дурсагдах зүйл олон бий. Би үүнийг тойрон хүрээлэгчдээсээ авсан. Одоо Л.Чаминчулуун хийж бүтээснээрээ бусдад дурсагдах, уран бүтээлүүдээрээ хүмүүсийн сэтгэлд үлдэх үе ирж байна. Гэхдээ энэ бол “Би одоо удахгүй байхгүй болно” гэдэг утгаараа биш шүү.
Дурсах, дурсагдахын огтлол дээр мөнхрөх гээч зүйл оршдог. Би үүнийг З.Бат-Отгон багшийн хичээлээс сонсож, номноос уншсан. Хүн зорилготой амьдрах ёстой. Чадлынхаа хэрээр зорилгоо биелүүлэх ёстой. Тэгж чадвал хожим нүд анихад харамсах зүйлгүй. Энэ орчлонгоос сэтгэл хангалуун буцна биз дээ.
Би одоо дурсагдах зүйлээ өөрийн гараар хийх ёстой. Энэ бол миний амьдралын зорилго. Хүн болох гэж төрсний минь утга учир ч үүнтэй холбоотой.
-Та өдийг хүртэл юуны төлөө тэмцэв?
-Хүн шиг хүн, сайн уран бүтээлч байхын төлөө тэмцлээ. Хойшид ч тэмцэнэ. Өөрт байгаа оюун ухаанаа шавь нартаа шингээж үлдээнэ гэдэг утга учиртай амьдралаар амьдарч байна. Миний амьдрал үүнд л чиглэгдэж ирсэн. Төгсөн төгстөлөө энэ л замналаараа явна гэж боддог.
-Санаснаар болоогүй зүйлийг санаандаа хүргэх гэж зүтгэж байсан үе бий юу?
-Зөвлөлтөд сургууль төгсөж ирээд, сайн уран бүтээл хийхийн төлөө тав, зургаан жилийн турш тэмцсэн. 1986 оноос олонд танигдаж, навчаар бол хөөрхөн нахиалаад, соёолж эхэлсэн дээ. Тэр эрчээ алдаагүй л явна.
1999 онд туйлын зорилго болсон Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг хүртсэн. Их баярлаж, бахархаж явдаг. Энэ цолыг хүртсэнийхээ дараа өөртөө “Би цолоо батлах ёстой. Тайзан дээр тасралтгүй 15-20 жил амьдрах ёстой” гэсэн зорилго тавьсан.
-Гайхалтай. Гэтэл сүүлийн үеийн уран бүтээлчид гавьяат цол хүртсэн л болоо гэсэн шиг уран бүтээлээсээ хөндийрдөг болжээ?
-Би энэ талаар их бодож эргэцүүлдэг. Төр, түмнийхээ хайрласан цолыг батлах хэрэгтэй шүү дээ. Олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр маань энэ жил Лондоны Олимпоор өөрийгөө ёстой л баталлаа. Би баярласандаа уйлж суулаа шүү дээ.
“Миний хүү чадлаа” гэж омогшсон. Монголын бүх ээж Н.Түвшинбаярыг “Миний хүү” гэж бодож суугаа. Энэ бол түүний дотоод сэтгэлийн эрч хүч, өөрийгөө ирлэх чадвар. Ийм эрмэлзэлтэй хүн өөрийгөө ялдаг. Өөрөө зүтгэж, ард түмний хүсэлтээр авсан шагнал л хүнд жинхэнэ эрч хүч, урам зоригийг бадруулдаг.
-Таныг их шазруун, ааштай хүн гэж боддог байлаа?
-Гэхдээ хүмүүс намайг хараад инээдэг. Энэ бол олон хүнд олдохгүй сайн үнэлгээ шүү. Би үүнийг ард түмний бидэнд өгч байгаа хамгийн агуу шагнал гэж боддог.
Бидний үеийнхнийг хайрлаж байгаа хайр нь тэдний нүднээс нь гэрэлтэж байдаг. Тэр хайрыг би олон жил амсаж явна. Уран бүтээлч хүн үзэгчдийнхээ хайр гэрэлтсэн нүднээс уран бүтээлийн эрч хүч, урт нас, аз жаргал, алга ташилтаас нь эрүүл энх, сайн сайхан юмаа авдаг. Бидэнд өөр юу хэрэгтэй юм бэ.
-Та сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн юм?
-Үүнгүйгээр ажил урагшаа явахгүй шүү дээ. Хэтэрхий мөлгөр гөлгөр, унжгар, унхиагүй байвал тэмцэгч чанар маань алга болчихно.
-Хийж байгаа зүйлд чинь хэн нэгэн саад болоход та ямар хариу барьдаг вэ?
-Өдөр тутам тийм зүйлтэй тулгарна шүү дээ. Тэр бүхнийг зүгээр л мартчих. Зорилгодоо л үнэнч байх хэрэгтэй.
-Олон жил хүмүүсийг инээлгэж, бас ухаарал хайрлалаа. Одоо түмний хүүхдүүдэд багшлаад явж байна. Та насаараа л хүн баярлууллаа даа?
-Бурхан багшийн сургаал дотор “Бурхан дор мөргөмү. Ном дор мөргөмү. Багш дор мөргөмү” гэсэн гурван мөр бий. Энд ээж, аавын тухай дурдсангүй. Багш хүн аав, ээжийг орлодог. Багш хүний уураг тархи, зүрх сэтгэлд тийм ид шидтэй зүйл оршдог. Ээж, аавын ч шийдвэрлэж чадаагүй асуудлыг багш шийдэж чаддаг.
Багш бол амьдралыг чиглүүлэгч луужин юм. Гагцхүү сурагчаа сайн таних хэрэгтэй. Сурагчдаа дэндүү сайн ойлгож, зүрх сэтгэл рүү нь өнгийж чаддаг байх ёстой. Багшийн дүрд тоглоод байж болохгүй шүү дээ. Энэ бол хүн судлалын ажил гэдгийг гүнзгий ухаарах хэрэгтэй.
-Амьдрал гэдэг бас нэг агуу багш бий?
-Амьдрал бол тэр чигээрээ жүжиг. Тэр жүжигт гол эсвэл туслах дүрд тоглох нь тухайн хүний хувь заяа, өөрийнх нь гарт байдаг. Тиймээс хүн амьдралыг яаж чиглүүлнэ, тэр хэмжээгээр амьдрал нь цэцэглэж, хөгждөг. Амьдралыг шүтэж биширч, түүний сайн сайхныг өөртөө шингээж чадвал амьдралд буруу юм тохиолдохгүй.
-Та амьдрал хэмээх жүжигт бүтээхийг хүсч байсан дүрээ бүтээж чадсан уу?
-Ямар дүр бүтээх нь орчноосоо л шалтгаална. Хүн бүрт өөрийн гэсэн мэдрэмж бий. Гол дүрд тоглох үе ч байна. Ямар ч дүргүй хоцрох үе ч бий. Амьдрал өөрөө хувьсаж өөрчлөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл, амьдралын шатаар хүн өгсөж, уруудаж л байдаг. Түр зогсож ч болно. Ямар дүрд тоглох нь түүнээс л шалтгаалдаг.
-Төрүүлсэн хоёр хүүхэдтэйгээ цаг үргэлж хамт байж чадаагүй ч түмний олон хүүхдийг эхийн хайраар хайрлаж явааг хөвгүүд чинь том болоод ойлгосон байх аа?
-Их сайн ойлгож, надаар бахархдаг. Ээждээ тус болдоггүй юм аа гэхэд садаа болохгүй юмсан гэж их хичээдэг. Уран бүтээл хийх амар амгалан сэтгэл надад хайрладаг. Энэ л хоёр хүүхэд төрүүлсний минь гавьяа шүү дээ. Би хөвгүүдээрээ, бэрүүдээрээ, ханиараа дэндүү их бахархдаг.
-Таныг барагтай л бол нулимс унагадаггүй, их хатуу хүн гэж боддог байлаа. Гэтэл хань, үр хүүхэд, уран бүтээлч нөхдийнхөө талаар ярихаар таны нүдэнд нулимс дүүрээд л ирэх юм аа?
-Хүн уяхан байх ёстой. Би хүнийг уйлуулж, инээлгэж чаддаг байхыг хичээдэг. Уран бүтээлч хүний дотор хадгалагдаж явдаг их нандин юмнуудаа үргэлж цэцэглүүлж, өнгөлж байхыг боддог.
11 дүгээр сарын 23-нд болох тайлан тоглолтоороо өөрийнхөө дотоод хүнийг гаргаж ирж, нууц байсан олон зүйлийг ил гаргана гэж бодож байгаа. Тэр үдэш үзэгчид маань Л.Чаминчулуун үнэндээ ямар хувь хүн бэ гэдгийг мэдрэх байх гэж найдаж байна.