logo
Хүүхдүүдэд сар бүр 20 мянган төгрөг олгоно

Хүүхдүүдэд сар бүр 20 мянган төгрөг олгоно

2012/09/04
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа ээлжит бус чуулганаар хэлцэгдэж буй гол асуудлаар ажлын хэсгийн мэдээллийг сонсож байр сууриа нэгтгэсэн байна.  
Тухайлбал, 2012 оны төсвийн тодотголтой холбоотой асуудлаар Сангийн сайд Ч.Улаан, мөн Аймаг, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар ажлын хэсгийн гишүүн Р.Бурмаагийн мэдээллийг тус тус сонсож, бүлэг байр сууриа нэгтгэжээ.
Мөн өнгөрсөн Засгийн газрын хөтөлбөрт байсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгогдоогүй мөнгөний үлдэгдлийг төсвийн тодотголд тусгах эсэх талаар ярилцаж, төсвийн тодотголоор дутуу олгогдсон мөнгийг энэ онд нь багтаан өгөх нь зүйтэй гэж үзжээ.
Төсвийн орлого 904 тэрбум төгрөгөөр буурч байгаатай холбогдуулан татвараар дамжуулан олох орлогын талаар ярилцсан байна. Үүнд тамхины онцгой татварыг 2 дахин нэмэгдүүлэхийг бүлэг дэмжжээ. Түүнчлэн шинэчлэлийн Засгийн газар болон АН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалтын асуудлыг үргэлжлүүлэх, тодруулбал, халамжийн гэхээсээ илүү хөрөнгө оруулалтын чиглэлд анхаарлаа чиглүүлэхийг чухалчилжээ. Мөн АН-ын хөтөлбөрт тусгагдсан хүүхдэд олгох 20000 төгрөгийг 10 дугаар сараас эхлэн хүүхдүүдэд олгох ажлыг төсөвт суулгаж өгөх нь зүйтэй гэж үзсэн байна. Нийт 0-18 насны 960 мянган хүүхдүүд байгаа аж. Энэ мөнгийг хүний хөгжил санд төвлөрүүлэн олговол 60 тэрбум төгрөг төвлөрүүлэх шаардлагатай байгаа юм байна.
Бүлгээс энэ онд халамжтай холбоотой олон төрлийн асуудлыг түр хойшлуулжээ. Эдгээр асуудлыг 2013 онд шийдэх эсэхээ тусад нь ярих нь зүйтэй гэж үзжээ.
УИХ-ын дарга З.Энхболдын санал болгосон архины онцгой татварыг 2013 оны төсөвт суулган тооцох талаар Сангийн яаманд үүрэг болгож өгчээ. Түүнчлэн бүлгийн эмэгтэй гишүүд сурах бичгийг үнэгүй олгож байгаа асуудал нь далд бизнес, тендерын өмчлөл, компаниуд чанаргүй сурах бичиг нийлүүлдэг гэх мэт хор уршигтай байгааг дурдсан байна. Өнгөрсөн жил гэхэд л 3,1 тэрбум төгрөгийг сурах бичиг нэрийн дор зарцуулж, чанар чансаа муудсан сурах бичиг хэвлэжээ. Мөн цэцэрлэгийн хүүхдийн нэг өдөрт олгогдож байгаа 1100 төгрөгийн хоол нь хүүхдүүдэд тэжээллэг хоол болж чадаж байна уу, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн энэ үед ийм мөнгөөр асуудлыг шийдэж байгаа нь зөв эсэхэд гишүүд анхааралтай ярилцсан байна. Хүүхдийн хоолны мөнгийг төр 100 хувь даах бус, 50 хувийг нь эцэг, эхчүүд гаргах, мөн өдрийн хоолны 1100 төгрөгийг нэмэх боломж хэр байдаг гэх зэргийг эргэж харах цаг нь болсон гэдэгт санал нэгджээ.
Түүнчлэн бүлэг Аймаг, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн анхны төсөлдөө байр сууриа өөрчлөөгүй гэдгээ илэрхийллээ. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хууль болон бусад дагалдах хуульд ямар хууль үйлчилж байна, түүнийг л дагахаас өөр арга байхгүй. Хэрвээ анхан шатны сум багуудад улстөржихгүй байя гэвэл Үндсэн хуулиа зайлшгүй өөрчлөх ёстой. АН-ын гишүүдээс Үндсэн хуулийг өөрчлөх хуулийн төслийг санаачилсан. Үүнд засаг даргыг орон нутгаас нь сонгодог байя гэдэг хувилбарыг гаргасан. Үнэхээр орон нутгийн улстөржүүлэхгүй байя гэж байгаа бол энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг бусад намууд дэмжээсэй гэж уриалмаар байна. Тэгэхийн бол асуудлаа өөрчилж чадна. Харин өнөөдрийн хуулиар Засаг даргыг орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сонгох заалт Үндсэн хууль болон бусад дагалдах хуульд байгаа учраас энэ хуулийг өөрчлөх, эсвэл хуулийн төсөл санаачлахгүй бол өөр боломж бидэнд байхгүй. Өнөөдрийн байгаа пропорцианаль тогтолцоог орон нутагт оруулж байгаа нь сөрөг талтай ч олон давуу тал бас бий” гэлээ.
Д.Сувд


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш